“Ноён Уинстоны бичсэн “Энэ ертөнцөд бид ганцаар гэж үү?” нэртэй 11 хуудас өгүүллийг Фултонд байдаг Черчиллийн музейн захирал надад өгөв. Зохиогч дэлхийгээс өөр газарт амьдрал байж болох тухай өөрийн бодлыг бичжээ. Дэлхий маань ижилгүй юм биш, ертөнцийн амьдралд тэрбээр онцгой үүрэгтэй биш гэсэн санаа уг өгүүллийн гол агуулга байв” гэж АНУ-ын Балтиморт байх Сансар судлалын хүрээлэнгийн астро физикч Марио Ливио ярив.
Түүний хэлснээр бол Черчилль амьдралынхаа туршид шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг сонирхож, тухайн үеийнхээ эрдэм шинжилгээний чухал өгүүллүүдийг тогтмол уншиж, залуудаа амьдралын хувьсал өөрчлөлт, эд эсийн бүтцийн талаар хэд хэдэн өгүүлэл бичиж, хэвлүүлж байжээ. Хожим нь халуун цөмийн урвалыг нээж, хүн төрөлхтний хөгжилд энэ нь чухал ач холбогдолтой болохыг урьдчилан бичиж байсан аж. Тэрбээр шинжлэх ухааны зөвлөхтэй байсан Британийн анхны Ерөнхий сайд бөгөөд шинжлэх ухааныг зорилго чиглэлтэй, тэр дундаа нацист Германы эсрэг тэмцэхэд зориулан хөгжүүлж байв. Түүний сонирхол хувьслын онол, цөмийн физикээр хязгаарлагдаж байсангүй. Дэлхийн II дайн эхлэхээс өмнөхөн 1939 оны сүүлчээр бичсэн дээр дурдсан өгүүллийг Ливиод музейн захирал өнгөрсөн онд өгсөн байна. Ливиогийн үзэж буйгаар 1898 онд Герберт Уэллсийн бичсэн “Дэлхийн дайн” хэмээх алдарт романыг 1938 онд Америк, Английн радиогоор дамжуулж эхэлсэн нь уг өгүүллийг бичих сэдлийг Черчилльд өгчээ. Өгүүллийг тогтмол хэвлэлүүдийн нэгтнийтлэх ёстой байсан ч үүнд ямар нэг юм саад болсон бололтой. 2016 оны тавдугаар сар хүртэл буюу музейн захирал байсан Тимоти Рили түүнийг санамсаргүй олох хүртэл өгүүллийн тухай хэн ч мэдээгүй байжээ. Тухайн үедээ уг өгүүлэл тун дорвитой зүйл байж, дэлхийгээс өөр гараг дээр амьдрал байгаа, эсэхийг эрж хайх гэсэн өнөөгийн эрдэмтдийн бодол санаатай бүрэн нийцэж байв. Амьдрал байх нь юуны урьд устай, амьд организм өсөж үржиж, хуваагдаж байх чадвартай холбоотой гэж Черчилль үзэж байсан аж. Өөр гараг дээр амьдрал байх тухай орчин үеийн шинжлэх ухааны өөр нэг гол үзэл нь алсын одод дээр “амьдралын бүс” гээч байх тухай, Черчилль ч мөн ийм бодолтой байжээ. Чухам энэ “бүс”-ийн дотор байгаа гаргууд дээр л амьдрал байгаа, эсэхийг хайх нь зөв гэж тэр үзэж байв. Дэлхийгээс гадна нарны системд зөвхөн Сугар, Улаан нүдэн гараг дээр л амьдрал байх боломжтой, бусад нь Буд гараг дээрх шиг хэт халуун, Улаан нүдэн орчим шиг хэт хүйтэн болохыг өнөө цагийн эрдэмтэд судлахаас өмнө Черчилль даруухан тодорхойлсон байна. Сар, Сугар, Улаан нүдэн гараг руу аялах боломжтой гэж тэрбээр үзэж, нарны системээс гадна амьдрал байх тухайд Британийн Ерөнхий сайд орчин үеийн үзэл баримтлалтай байжээ. Нар өөр гаргуудтай мөргөлдсөний улмаас шинээр гаргууд үүссэн гэх тухайн үед түгээд байсан онол зөв гэдэгт Черчилль эргэлзэж байв. Түүний бодлоор манай галактикт бий болсон гаргуудын зарим нь “амьдралын бүс”-д орж ирж, тэдний гадарга дээр амьдралын бүдүүлэг хэлбэр бий болох нөхцөл бүрдсэн аж. Бид хэзээ нэгэн цагт түүнийг үзэх нь юу л бол хэмээн үзэж байсан ч өөр гараг дээр амьдрал бий болох талаар анх түрүүнд буурьтай бодсон хүний нэг нь Черчилль гэж хэлж болно. Тэрбээр “Сансрын хувьсал өөрчлөлтийн оргил нь бид юм, зөвхөн дэлхий дээр л амьд, ухамсартай амьтан байдаг гэдэгт би итгэхэд бэлэн биш байна” гэж өгүүллээ төгсгөжээ.
Уинстон Черчилль дэлхийн II дайны жилүүдэд Британийн Ерөнхий сайд байсныг бид мэднэ. АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хүү Элиот Рузвельт Английн Ерөнхий сайдтай сайн танил, дотно харилцаатайн хувиар Черчиллийн тухай их бичсэн хүн юм. 1914 оны наймдугаар сард, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Британийн Ерөнхий сайд У.Черчилль нар Канадын Ньюфаундланд дахь цэргийн бааз дээр “Атлантын харти” боловсруулахаар ажиллаж байв. Баримт бичгийн ихэнх хэсэг нь бэлэн болсон үед хоёр удирдагчид амрах багахан хугацаа гарч. Цагийг хэрхэн ашигласан тухайд Элиот Рузвельт дурсамждаа “Үдийн хэрд бид “Август”-ын тавцангаас ажиглаж байтал Черчилль “Ханхүү Уэльсээс” буун эргийн дагуу явж усан буудал руу хошуурч орж ирсэн хясаа руу чигтээ явав. Бидний байрлалаас Черчилль том, бүдүүн биетэй хүүхэд шиг харагдсан бөгөөд наранд шарах газар очиж элсэн дээр тоглоход түүнд жижиг хувин, хүрз хоёр л дутаж байлаа. Сэлүүрт завин дээр гармагцаа залуур луу нь дөхөж очоод командалж гарах нь тэр. Түүний захирах дуу тасалдан сонсогдоно, усан цэргүүд ихэд хичээн сэлүүрдэж эхлэв. Удалгүй бидний хараа тэднийг гүйцэхээ больж, цаашид юу болсон талаар бидэнд сүүлд нь ярьж өгсөн юм. Эргийн дээр 300-400 метрийн өндөрт сүндэрлэх хясаан дээр Ерөнхий сайд ядах юмгүй гарчихжээ” гэж бичсэн байдаг.
Британийн Ерөнхий сайд 100 метр орчим өндөрт гарсан хойноо доор байгаа хүмүүс рүү чулуу шидсэн байна. Ийм өндрөөс шидсэн чулуу хэдий жижиг хэмжээтэй байлаа ч гэмтэл учруулах эрсдэлтэй. Хэн нэгний нүдийг оночихвол яана? Энэ бол эхний явдал.
1942 оны есдүгээр сард Элиот Рузвельт хотоос гадагш байх Черчиллийн өргөөнд зочилжээ. Тэнд нэг өдрийг хэвийн өнгөрөөж, ер бусын юм тохиолдсонгүй. Маргааш өглөө нь явах гэж байтал салах ёс гүйцэтгэхээр Черчиллийн өрөөнд урив гэнэ. Янжуурын утаа суунагласан өрөөн дотуураа тэрбээр шалдан, урагш хойш алхаж байлаа. Ээ, базарваань, ач нартаа юу гэж ярих билээ гэж Рузвельт бодсон гэдэг. Рузвельт ач нартаа чухам юу ярьсныг бүү мэд, харин Черчиллийн гаргасан ааш тун хачирхалтай. Түүнийг өрөөндөө нүцгэн байхад нь Рузвельт санамсаргүй ороод очсон биш, Черчилль өөрөө дуудсан шүү дээ. Яах гэж дуудаа юм бол? Энэ талаар мэдээлэл хайж байгаад гайхалтай нь Черчилль шалдлах дуртай нэгэн байсныг олж мэджээ. Заримдаа албатуудынхаа дэргэд нүцгэн ажлаа хийдэг байж. Нэгэнтээ Цагаан ордонд түүнд зориулж гаргасан өрөөнд эхээс төрснөөрөө байж байхыг нь эцэг Ф.Рузвельт харсан байна. Энэ байдалд ихэд эвгүйцсэн Рузвельт уучлалт гуйхад Черчилль тайвнаар “АНУ-ын Ерөнхийлөгчөөс нуух юм Британийн Ерөнхий сайдад огт байхгүй” гэж хэлсэн аж. Хэрэв Ерөнхий сайд биш, жирийн нэгэн ийм байдал гаргасан бол тэр дор нь эмнэлэгт хүргэх нь мэдээж. Ийм хачирхалтай авир гаргадаг нь архи хэтрүүлэн хэрэглэдэгтэй нь холбоотой байж мэднэ. Тэр архи хэр уудаг байсан тухай ярихаа больё, бүгд мэдэх юм хойно. Гэлээ ч Англид түүнийг муугаар огт дурсдаггүй, хөнжлийг нь ер сөхдөггүй юм. Харин ч “Түүхэн дэх аугаа британи хүн” хэмээн Британийн иргэд хүлээн зөвшөөрдөг.
...Дайн хоёр долоо хоног үргэлжилж, 1898 оны арваннэгдүгээр сарын 1-нд хөлөг онгоц зогсоолд ирэхэд “Морнинг пост” сонины тусгай сурвалжлагчийн үнэмлэхтэй аятайхан залуу бууж ирэв. Тэрбээр 25 настай ч нэрд хэдийн гарсан байв. Британийн язгууртны гэр бүлээс гаралтайдаа ч тэр биш, Британийн эзэнт улсын өмнө гавьяатай нэгэн байлаа. 1899 оны Суданы кампанита жилд оролцож, тэр тухай мэдээлж байжээ. Омдурманы дэргэд болсон тулаанд ч оролцож байв. Одоо Англи-Бурийн дайны талбайгаас түүний бичсэн материал “Морнинг пост” сонинд хэрэгтэй болжээ. Энэ залууг Уинстон Черчилль гэнэ. Африкт ирсэн эхний өдрөө л үйл явдлын мөн чанарыг илэрхийлсэн, үнэн зөв, сонирхолтой мэдээг сониндоо явуулжээ. Гэтэл 15-ны өдөр хуягт галт тэргээр явж байгаад Черчилль буричуудын отолтод оржээ. Энэ бол түүний хувьд “хар өдөр” байлаа. Энэ тухайгаа таван өдрийн дараа л бичиж чадсан аж. Дайсан асар ширүүн галлаж байсан ч англичууд бууж өгсөнгүй. Ийм нөхцөлд Черчилль зам цэвэрлэх ажлыг удирдах болж, үүний тулд шугамаасаа гарсан вагоныг салгах хэрэгтэй байв. Үүнээс өмнө “толгойг” нь зайлуулах шаардлагатай байлаа. Сум шунгинасан нөхцөлд ажиллаж байхад нь сайн дурынхан ирж туслав. Нэг мэдсэн чинь Черчилль гүн биш жалганд, хоёр бури түүнийг олж харчхаад буудаж эхэлжээ. Уинстон зугтаж, толгой дээгүүр нь сум шунгинана. Хариу буудах гэтэл маузер (гар буу)-аа галт тэргэнд орхичихсон байлаа. Тэгтэл дайсны сум нэг гарт нь тусав. “Өршөөлгүй үхэл өмнө минь тулгарав. Би гараа өргөөд “Бууж өгье” гэж хашхирлаа”. Ийнхүү тэр олзлогдож бусад хүний хамтаар бороон дундуур бури нарын лагерьлуу туугджээ. Уинстоныг бороонд малгайгүй явааг нь анзаарсан бури нарын нэг нь хэн нэгнээс олзолж авсан бүрхээ түүнд өглөө. Тэгтэл тэдний нэг нь энэ дайн хэрхэн дуусах талаар Черчилльтэй яриа үүсгэжээ. Британийн эзэнт гүрний эсрэг тэмцэх нь утга учиргүй дээ, гуравдугаар сарын дунд гэхэд Преторийг (нийслэл хот нь) эзэлнэ гэж Черчиллийг хэлэхэд “Бид мөнхөд тулалдах болно” хэмээн хариулав. Черчилль үүнийг нь эсэргүүцэн “Үхэл хажууд байхад амьд үлдэнэ гэдэг ч хэцүү дээ” гэвэл нөгөө эр “Би хүлээнэ ээ” гэв. Олзныхныг хонуулахаар саравчинд оруулсны дараа бури нар дуу дуулах нь сонсогдов. Черчиллийн зүрх нь хүйт дааж, энэ шударга бус дайн, бури нар англичуудаас илүү юм, тэнгэр бидний эсрэг байна. Гадаадын гүрнүүд энэ дайнд татагдаж орох нь дамжиггүй, тэр үед бид Өмнөд Африкийг үүрд алдана. Энэ нь манай төгсгөлийн эхлэл болно гэсэн бодол түүнд төрж байв. Өглөө нар гарснаас хойно, уур амьсгал дулаарч, сэтгэл санаа нь өөдрөг болоод иржээ. Тэгэж байтал бури нар саравч руу ирж, яагаад дайн болж байгааг тайлбарлаж өгөхийг Черчиллиэс хүсэхэд нь “Яагаад гэвэл биднийг Өмнөд Африкаас хөөхийг та нар хүссэн, энэ нь бидний санаанд нийцээгүй” гэж хариулахад
-Үгүй ээ, энэ шалтгаан биш. Дайны жинхэнэ шалтгааныг би хэлье. Тэр бол муусайн капиталистууд. Тэд эх орныг минь хулгайлахыг хүсэж байгаа, Чемберленийг худалдаад авчихсан.
-Алтны уурхайнууд чинь хувьцаа эзэмшигчдийн хувийн өмч болсныг та нар мэдээгүй юм уу. Тэдний дотор франц, герман болон бусад хүн олон бий. Дайны дараа ямар ч Засгийн газар байгуулагдсан тэр уурхайнууд энэ хүмүүст л үлдэнэ.
-Тэгвэл бид яах гэж байлдаж байгаа юм бэ гэвэл биднийг үзэн ядаж, бидэн рүү довтлох гэж та нар зэвсэглэсэн шүү дээ. Манай эх орныг хулгайлах гэж буй нь шударга биш явдал гэж та нарт санагдахгүй байна уу?
-Бид зөвхөн өөрийгөө болон эрх ашгаа л хамгаалахыг хүсэж байна. Танай эх орон бидэнд хэрэггүй. Та нар хэрэв бидэнтэй нөхөрсөг харилцаагаа хадгалахыг хүссэн бол дайн болохгүй байсан. Гэтэл та нар биднийг Өмнөд Африкаас хөөхийг хүсэж байна. Танай Ерөнхийлөгч, танай Төрийн далбаатай хамт бие дааж, хамтарч ажиллаж, амьдрахыг АНУ хүсдэг гэхэд бури нарын нүд гялалзаад “Бид чухам үүнийг л хүсэж байгаа юм” гэхэд нэг нь
-Чухам үүнд л дайны шалтгаан байгаа юм гэв.
-Дайныг улигт муусайн капиталистууд л өдөөсөн. Маргаан ийнхүү эхэлсэн сэдэв рүүгээ эргэв. Тэгтэл галт тэрэгний үйлчлэгч ярианд оролцож цалингийнхаа хэмжээг хэлсэн нь ер бусын их юм шиг Черчилльд санагджээ. “Британи энд засагласан тохиолдолд намайг ийм цалин авна гэж Та бодож байна уу?”. Черчилль мэдээж “Тэгж бодохгүй байна” гэж хариулав. “Ингээд л надад Английн ямар ч Засгийн газар хэрэггүй байгаа юм. Бид эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна” гэж галт тэрэгний үйлчлэгч хэллээ. Энэ үед Черчилль яриаг анхааралтай сонсож байсан фермийн аж ахуй эрхлэгчдийн нэгт хандаж
-Өндөр цалин байна. Англи засагласан тохиолдолд ийм өндөр цалин авахгүй л дээ гээд галт тэрэгний үйлчлэгч рүү заагаад, харин ачаа зөөснийхөө төлөө та нар одоогийнх шигээ их татвар төлөхгүй гэж хэлэв.