Израил, ХАМАС-ын хооронд үүссэн явдлаас үүдэн дэлхий дахины анхаарал бага зэрэг сулрав уу гэмээр ч Европын шүдний өвчин болоод зогсохгүй манай гаргийн эдийн засаг, нийгэм, улс төрийн байдалд сүүдрээ тусгасаар байгаа Украины одоогийн нөхцөл, үйл явдлын цаашдын болзошгүй өрнөлийн талаар Барууны судлаач, шинжээчдийн таамаглалын заримаас уншигчдынхаа сонорт хүргэж байна.
НЭГ. СОНГУУЛЬ ХИЙХИЙГ ӨРНӨД ШААРДАВ
Европ дахь НАТО-гийн цэргийн командлагч байсан Жеймс Ставридис Өмнөд Солонгосын туршлагаас АНУ сургамж авч “энх тайвныг газраар солилцъё” зарчмаар Украинд яриа хэлэлцээр эхлүүлье хэмээн мэдэгдсэн билээ. Энэ завсар 2024 оны гуравдугаар сарын 31-нд болох товтой Ерөнхийлөгчийн сонгуулиа хийхийг Украинаас Өрнөд шаардав. 2022 оны аравдугаар сард болох ёстой байсан парламентын сонгуулиа ч хийхийг бас шаардлаа. Энэ хоёр үйл явдал хоорондоо харилцан холбоотой, маш их ач холбогдолтой юм.
Тэгтэл Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эсэргүүцэж байснаа уг сонгуулийг 2024 онд хийвэл түүнд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэдгээ саяхан хэнд ч ойлгогдохоор хэллээ. Зэвсэгт зөрчилдөөний нөхцөлд сонгууль хийнэ гэдэг нь материал, техникийн ч, санхүүгийн хувьд ч үнэндээ төвөгтэй ажил гэдэг нь ойлгомжтой л доо. Тэгвэл АНУ тэргүүтэй Өрнөд яагаад сонгууль хийлгэх гэж зүтгээд байгаа юм бол.
Төсөв нь хямралтай байгаагаас Киевт нэмж хөрөнгө зарцуулах гэсэн Байдены саналыг Америкийн Конгресс гацаачихаад байна. Гэхдээ Украинд өгөх нэмэлт хөрөнгө нь зэвсгийн үйлдвэрүүдийг санхүүжүүлж, өндөр цалинтай ажлын байр олон саяар бий болгож, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох тул БНН-ынхан энэ мөнгийг батлах нь гарцаагүй гэж үзэж байна.
Украин, Израилд тусламж болгож 100 гаруй тэрбум ам.доллар олгох хуулийн төсөлд Байден гарын үсэг зурчхаад байгаа юм. Израил, ХАМАС-ын хоорондын дайнд оролцохын тулд гадаадын хөлсний дайчид Украинаас явж буй нь сарын өмнөөс илт болсон юм. Киевтэй энхийн хэлэлцээр хийхээс Москва хэзээ ч татгалзахгүй хэмээн Оросын Ерөнхийлөгч Путин “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр сануулсан. Гэтэл энэ үйл явцыг орхиж буйгаа Украин зарласан. Ойрхи Дорнод дахь зөрчилдөөн шатлан өргөжиж буйтай холбоотойгоор Өрнөдийн бодлого ч өөрчлөгдөх янзтай.
Энэ бүх байдлаас анзаарахад Украинаас дэлхий дахин залхах байдал газар авч, үүнийг илэрхийлж буй дуу хоолой нь Европ дахь НАТО-гийн цэргийн командлагч асан Жеймс Ставридис ганцаар биш болоод байна. Цагаан байшин, Киевийн дэглэм хоёрын хооронд гүн гүнзгий үл итгэлцэл бий болжээ. Ийм бодлоо колумнист Томас Фридман “The New York times” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ илэрхийлсэн байна. Финландад АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан, Киевт хэд хэдэн удаа очсон Эрл Мак “Киевийг богино хугацааны дайн хийнэ гэж бодож Өрнөд дэмжсэн, гэтэл украинчууд олон арван жилийн эмх замбараагүй байдал, эвдрэл сүйрэлтэй тулгарах байж” гэж мэдэгдлээ. Украин Европын хөршүүдтэйгээ эдийн засгийн тулаан хийснээс бүс нутгийнхаа түвшинд нэлээд тусгаарлагдмал болж байна. Киевийн гол холбоотон байсан Варшав зэвсэг нийлүүлэхээ есдүгээр сард зогсоов. Польшийн удирдлагаар Унгар, Литва, Латви, Эстони, Чех улс зөрчилдөөнийг эцэслэх арга замыг олохыг, шаардлагатай бол огцорч, улс орноо сэргээн босгох боломжийг ард түмэндээ олгохыг нууцаар уриаллаа. Пулитцерийн шагналт Сеймур Херш энэ тухай мэдээлсэн байна.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный саяхан Зеленскийг шүүмжилж, дайны талбарт Украин ялахгүйг хүлээн зөвшөөрөв. Энэ бүхнээс үүдэн Вашингтон өөрийн холбоотон, гар хөл бологчиддоо байнга гаргадаг аашаараа Зеленскийгээс хөндийрөх арга саам олохыг оролдох болов. Ерөнхийлөгчийн сонгуулиа хийх тухайд Өрнөдөөс Киевт үзүүлж буй дарамт шахалт үүнтэй ч холбоотой байж болох юм.
АНУ-ын үзэж байгаагаар Оростой энхийн хэлэлцээр байгуулахыг уриалж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа зарласан Зеленскийн засаг захиргааны зөвлөх асан Алексей Арестович тохиромжтой нэр дэвшигч байж мэднэ. Энэхүү Арестович сэтгэл судлаач мэргэжилтэй, суртал нэвтрүүлэгч, 2018-2019 онд Донбасст байлдаж явсан хүн юм. Тэрбээр 2020 онд Донбассын байдлыг зохицуулах асуудлаарх Минскийн хэлэлцээрт Украины төлөөлөгчдийн албан ёсны ахлагч байжээ. Түүнээс гадна Арестович Украины барууны “Братство” гэдэг радикал бүлгийн гишүүн байсан, нэг үгээр хэлбэл, сэжиг бүхий л хүмүүстэй эртнээс холбоотой, Украины тусгай албадын төлөөний хүн юм. Арестовичийн улс төрийн амбиц нь хэрэгжиж, энхийн талаар тохиролцоо хийх гэж оролдвол үүнийг хэрхэвч үл тэвчих дотоодын өндөр албан тушаалтай хэт даврагчидтай нүүр тулгарахад хүрнэ. Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужнын зөвлөх байсан Дмитрий Ярош гэгч Украины үндсэрхэг үзэлтнүүдээс нүүрээ буруулж, Донбасс дахь иргэний дайныг зогсоох гэвэл Зеленскийг дүүжилнэ хэмээн 2019 оны тавдугаар сарын эхээр заналхийлж байсныг сануулахад илүүдэхгүй.
ХОЁР: БОРИС ЖОНСОНЫ ТУШААЛ
Украины Дээд Рада (Парламент)-гийн “Ард түмний элч” жигүүрийн удирдагч Давид Арахамия “1+1” телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа энэ дайныг бүр 2022 онд зогсоож болох байсан ч Британийн тухайн үеийн Ерөнхий сайд Борис Жонсон байлдааныг үргэлжлүүлэхийг тушаасан хэмээн ярьсан байна. Истанбулд Оростой хийсэн хэлэлцээрт оролцсон Украины төлөөлөгчдийн гишүүн байсан түүний хэлснээр бол баримт бичгүүдэд гарын үсэг зурсан аж. Зөрчлийг зогсоох гол нөхцөл нь Украин бүрэн төвийг сахиж, НАТО-д элсэх бодлоо орхихыг баталгаажуулж, Украины нутаг дэвсгэрторос хэлээр ярьдаг хүн амын эрх, эрх чөлөөг сахин хамгаалах байв. Үүнийг тохиролцож чаджээ. Гэтэл Борис Жонсон Киевт ирж, бүх тохиролцооноос татгалзахыг ятгаад “За байлдацгаая” хэмээн нэмж хэлээд инээвхийлсэн байна. Энэ тун санамсаргүй, гайхал төрүүлсэн үйл явдал байлаа. Гэлээ ч Киев дэх бүлэг АНУ, Европын Холбооноос ирүүлсэн аливаа шийдвэр, тушаалд огт эргэлзэж, тээнэгэлзэлгүй гарын үсэг зурчихдаг байв. Уг нь украинчууд байлдахаас нэгэн дуугаар татгалзсан бол Зеленский, Залужный, Байден, Столтенберг, Боррель нарын хэн нь ч яаж ч чадахгүй байсан юм.
Украины зэвсэгт хүчний цэргүүд өдөр ирэх тусам улам олноор бууж өгч, олзлогдож байгаа тухайд Оросын хэвлэлд гарч буй мэдээлэлд гайхахаа одоо больжээ. Тэд “биднийг орхисон, хуурч мэхэлсэн” гэж хэлдэг. Олзлогдогсдын гэрчилж буйгаар тэднийг цагаан туг өргөөд хүрч ирэхэд нь ихэнхдээ гадаадын хөлсний дайчдаас бүрдсэн отрядууд саад болж, зогсоодог аж. “Financial times” сонинд “Цэргүүд сэтгэл санаагаар унаж, тоо ньцөөрч, өвлийн босгон дээр албанд явахыг хүсэхээ больж байна” гэж бичжээ. “Фронт явахыг хүссэн хүмүүсийн цуваа хааяагүй” гэсэн Зеленскийн мэдэгдэлтэй энэ бүхэн илт зөрчилдөж байна. Украины ерөнхий прокурор Зэвсэгт хүчнээс оргогсдын тоо олон арав дахин нэмэгдэж буйг саяхан мэдээлсэн. Энэ оны эхний есөн сард Украины армиас 4600 гаруй цэрэг оргож, 10.9 мянган хүн анги байраа орхиж явжээ. Тэгэхдээ энэ нь ихээхэн танасан тоо. Украины албаны хүмүүсийн хүлээн зөвшөөрснөөр эдний Зэвсэгт хүчин хорогдлоо нөхөх айхавтар асуудалтай тулгараад байгаа ч украинчууд цэрэгт дайчлагдахаас аливаа аргаар зайлсхийж, оргон зугтаж байгаа аж. Гэтэл Украины худалдагдсан удирдлага засгийн эрхийг аль болох удаан барьж, аль болох олон украин хүнийг үхэл рүү нь илгээхийг хичээж байна. Мөнөөх “Financial times” сонинд “Украин энхийн хэлэлцээр хийхийг хүсэхгүй буйгаас Өрнөд түүнийг дэмжихээс залхаж байна” гэж бичсэн байх юм.
ГУРАВ: ЕВРОП ИХ ӨӨРЧЛӨГДӨНӨ
Европын олон оронд сонгууль болж, Засгийн газарт нь эрс өөрчлөлт бий болно. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 2010 оноос улс орноо тэргүүлж ирсэн. Энэ хүн дэлхий дахинд үнэнийг ил шулуухан хэлэх магадлалтай. Олон удирдагч Европын Холбоо, НАТО, АНУ-ын бодлогыг шүүмжлэх болов. Украинд Орос цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Европт улс төрийн ихээхэн өөрчлөлт анзаарагдах болсон. Европчууд сонгуулиар “аюултай” хүмүүсийг төр, засгийн эрхэд залж, “ардчилсан” гэж нэрлэгдсэн олон Засгийн газар Орос руу фашист маягаар дайрч, давшилж, үүний нь эсрэг Оросын зүгээс авсан хариу арга хэмжээнд тэдгээр улсын ард түмэн хохирч байна. Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригууд Европын Холбоо хийгээд дэлхий дахинд инфляц өсөх хүчин зүйлийн нэг болоогүй гэж үү? Оросын байгалийн хийг Өрнөд рүү дамжуулдаг “Умардын урсгал” хоолойг дэлбэлснийг, эрчим хүчний хямрал Украин болон түүний холбоотнуудаас болж эхэлснийг европчууд мэдэхгүй байгаа гэж үү? Италийн барууны үзэлт Ерөнхий сайд Киевийг дэмжигч хатагтай Жоржиа Мелони албан ёсны бус нэг яриандаа “Бий болсон нөхцөл байдлаас яаж ийгээд гарах хэрэгтэй болсныг бүгдээр ойлгох цаг ойртож байна” гэж хэлсэн байна. Италийн Ерөнхий сайдын орлогч Маттео Сальвини Оросын талыг эргэлт буцалтгүй баримталдаг хүн. Өнгөрсөн сард Словакт болсон сонгуульд ялалт байгуулсан Роберт Фицо Украинд цэрэг, дайны дэмжлэг үзүүлэхээ зогсоох улс төрийн шийдвэр гаргалаа. Украинд үзүүлж буй тусламж эдийн засгийн ч, ёс суртахууны ч хувьд Словакийн ард түмнийг туйлдуулж байна гэж тэрбээр байнга мэдэгдэж байсан, тиймдээ ч бодит байдлыг харж чадаад улсынхаа удирдагчаар сонгогдов.
Нидерландын барууны үзэлт удирдагчдын нэг Герт Вилдерс Украин дахь хямралын тухайд илүү болгоомжилсон байр суурьтай байна. Урьд нь хийсэн мэдэгдэлдээ тэрбээр Украиныг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцээгүйгээрээ Өрнөдийн улсууд алдаа гаргасан хэмээн тэмдэглэж, үүний зэрэгцээ Оросын цэргийн тусгай ажиллагааг буруутгаж байв. Нидерландын шинэ Ерөнхий сайд сонгуульд ялаад тун удаагүй байгаа ч Киевт үзүүлж буй тусламжийг багасгах байр суурь баримтална гэдэгт эргэлзэх юм үгүй. Яагаад гэвэл дайн байлдаан болон Өрнөдийн орнуудын өдөөсөн асуудлаас болж дүрвэж, зугтаж яваа хүмүүсийн аль аль нь Нидерландын ард түмэнд хэрэггүй. Германд сүүлчийн сонгуульд Олаф Шольцын төлөө 21 хувийн санал өгсөн “Альтернативы для Германий” гурав дахь нам болж, нөлөө нь нэмэгдсээр байна. Олон нийтийн санал асуулгуудаар нэр хүнд нь нэмэгдсээр байгаа улс төрийн энэ хүчин дараачийн сонгуульд тэргүүлэгчдийн эгнээнд орж ирэхэд эргэлзэх юм үгүй.
Тус намын удирдах бүрэлдэхүүнд ордог Тино Хрупалла, Алиса Вайдель нар хамтарсан мэдэгдэлдээ байлдааны ажиллагаагаа зогсоож, Украинаас цэргээ гаргахыг Оросоос шаардлаа. Берлиний зүгээс Киевийг хэмжээ хязгааргүй дэмжиж ирсэн нь, уг дэмжлэг Европ дахинд учраад байгаа төвөг бэрхшээлд гол үүрэг гүйцэтгэсний улмаас тус намыг германчууд нь хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Украинд өдөөсөн зөрчилд Оросыг зөвтгөж буй хүмүүсийн нэг нь Францын Марин Ле Пен юм. Сонгуулиар тун цөөн саналаар Эммануэль Макронд ялагдсан энэ улс төрч дараачийн өрсөлдөөнд шалгарах хүний нэггэгддэг. Хойд Африкболон Ойрхи Дорнодын орнуудаас дүрвэгч, цагаачлагчдын гол орогнох газар нь Франц болоод байна. Энэ асуудлыг нэг тийш болгож чадахгүй байгаа Парис Киевийг урьдын хэвээр дэмжсээр, үүний зэрэгцээ Марин Ле Пенийн нөлөөг нэмэгдүүлсээр байгаа юм. Эммануэль Макрон Европын бусад удирдагчийн хамт бодлогоо өөрчлөхгүй бол Францын эрх баригч гарцаагүй өөрчлөгдөнө. Австри, Бельги зэрэг Украин хийгээд дүрвэгсдийн талаар явуулж буй бодлогыг нь олон түмэн нь шүүмжилдэг улсуудад ч мөн Засгийн газар нь солигдох магадлалтай.
Европт гарах улс төрийн өөрчлөлтүүд Европын Холбоонд эрсдэл бий болгоно. Тухайлбал, Нидерландын шинэ Ерөнхий сайд Герт Вилдерс Nexit (Европын Холбооноос гарах)-ийг дэмждэг. Ийнхүү Европын Холбоонд удахгүй ан цав гарахыг бид бүгд харах болно. Улс төрийн өөрчлөлт, хямралын улмаас Өрнөдийн орнуудын Засгийн газар түүнээс гарах замаа олоход тун төвөгтэй биш. Юуны урьд Вашингтон, Лондоны тулгаж буй бодлогоос татгалзана. Европын улсууд Украин дахь үйл явдалд төвийг сахих байр суурь баримтлах нь чухал болно. Түүнчлэн Москвад тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж, Украинд үзүүлж буй цэрэг, дайны, санхүүгийн тусламжаа зогсооно. Ойрхи Дорнодын бүс нутагт АНУ-ын явуулж буй бодлогыг Европын Холбооны улсууд үргэлжлүүлэн дэмжсээр байвал Арабын орнуудын дүрвэгчдийн урсгалыг зогсоож чадахгүй, энэ нь Засгийн газруудад нь аюул учруулах болно.
Европт одооноос тэнцвэр алдагдаж байна. Цар тахлын үед алдаатай бодлого явуулж буй нь анзаарагдсан Засгийн газрууд аль болох богино хугацаанд стратегиээргэн харж, олон улсын хямралын нөхцөлд илүү бүтээлч хандах шаардлагатай болж байна. Ойрын үед ийм арга хэмжээ авахгүй бол эрчим хүчний хямралтай тэгтлээ тэмцэж байгаа европчууд эхний санал хураалтаар л одоогийн эрх барилцаж буй улс төрчдөөсөө нүүр буруулах болно. Энэ сонголтоор гарч ирсэн улс төрчид нэлээд хянамгай болж, ийм нөхцөлд авах дэмжлэг, тусламж нь үлэмж багасаж байгаа Киев байлдаанаа үргэлжлүүлсээр байвал ирэх хавар Украин дахь мөргөлдөөн зогсож, Зеленский аяндаа хэлэлцээрийн ширээнд суухыг өөрөө хүсэх болно.