2023 оны есдүгээр сарын 6-наас Украины Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй Рустем Энверович Умеров 1982 онд Узбекийн Самарканд мужийн Булунгур хотод төржээ. Түүний өмнө энэ албыг хашиж байсан Алексей Резников өөрөө огцрох хүсэлтээ гаргасан аж. Умеровын угсаа гарал нь Крымийн татар. Эцэг нь инженер-технологич, эх нь химийн инженер байж. Эднийх 1944 онд хүчээр нутаг сольж Самаркандад ирээд 50 жилийн дараа төрөлх Крымдээ буцаж иржээ. Тэрбээр 2019-2022 онд “Голос” намаас Украины ардын депутатаар ажиллаж байв. 2022-2023 онд Төрийн өмчийн санг тэргүүлж байсан аж.
“New York times” сонинд бичсэнээр бол дайн эхэлснээс хойш Оростой хийсэн хэлэлцээрт Украины төлөөлөгчдийн гол хүмүүсийн нэг нь Умеров байв. Ер нь Умеровыг бусадтай хэл амаа ололцохдоо чадмаг гэж Киев үздэг байжээ. Ухаалаг, нэр хүндтэй, Украин дотроо болон хилийн чанадад харилцаа холбооны өргөн сүлжээтэй гэж дүгнэдэг аж.
Умеров Крымийн дотуур байртай гимназад 1993-1998 онд суралцжээ. Туркийн хэвлэлд бичсэнээр бол тус гимназ санваартан, нийгмийн зүтгэлтэн Фетхуллах Гюленийн үндэслэсэн боловсролын байгууллагын сүлжээний нэг хэсэг юм байна. Гимназ төгсөөд АНУ-ын Төрийн департаментийн хэрэгжүүлж байсан “Future leaders exchange” хөтөлбөрт хамрагдан мэргэжил дээшлүүлжээ. Украиндаа буцаж ирээд Удирдлагын үндэсний академийн эдийн засгийн салбарт орж суралцаад санхүү-зээлийн мэргэжилтэн болов. 2003-2019 онд эдийн засаг, хөрөнгө оруулалт, харилцаа холбооны салбарт бизнес эрхэлж, янз бүрийн албан тушаалд ажиллаж байлаа.
Энэ завсар 2007 онд Украины газар нутаг дээр Крымийн татаруудын бүс нутгийн төлөөлөгчийн газруудыг бий болгон хөгжүүлэхэд гол ажлаа чиглүүлдэг, олон нийтийн байгууллага үүсгэлцэв. Мөн онд татар ард түмний Межлис (хурлын байгууллага)-ийн залуучуудын байгууллага бий болгоход оролцжээ. 2011-2013 онд Крымийн хөгжлийн санг байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байхдаа Межлисийн удирдагч байсан Мустаф Жемилевийн гадаадын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг зохион байгуулдаг байлаа. 2012 онд сайн үйлсийн, өглөгийн “Евкаф” санг бий болгосон хүмүүсийн нэг нь Умеров байв. Умеровынхны гэр бүл 2012 онд Бахчисарайд Орта-Жами сүмийг засаж сэргээх ажлыг санаачлан хийв. Түүгээр ч барахгүй уг ажлыг эднийх хувиасаа санхүүжүүлж, дараа жил нь дуусгажээ. 2007 оноос Мустаф Жемилевийн зөвлөх болов. 2012 оны наймдугаар сард энэхүү Жемилевийг Умард Киприйн Бүгд Найрамдах Турк улсын эрх баригчидтай уулзахад нь байлцсан аж.
2014-2023 онд Рустем Умеров нэлээд далд маягийн улс төрч байлаа. 2019 оны парламентын сонгуулийн өмнө дуучин Святослав Вакарчукийн үүсгэн байгуулсан “Голос” нам нэр дэвшүүлэх хүмүүс хайж байтал Стэнфордын оюутнуудад зориулсан нэг хөтөлбөрийг санхүүжүүлж байсан Умеровыг хэсэг хүн санал болгожээ. Намын дарга Вакарчук нь Стэнфордын их сургуульд сурч, тэнд багшилж байсан аж. Ийнхүү Умеров депутат болж, Дээд Радагийн хүний эрх, Донецк, Луганскийн түр эзлэгдээд байсан газар нутаг болон Севастополь хот, үндэсний цөөнх, үндэстэн хоорондын харилцаа эрхэлсэн хорооны нарийн бичгийн даргаар ажиллах болсон байна.
Үүний хажуугаар Украины уугуул ард түмний тухай болон цар тахлын үед эмнэлгийн ажилтнуудын эрхийг хамгаалах зэрэг сэдвийг хамарсан 100-гаад хуулийн төсөл боловсруулахад хамтран оролцжээ. 2022 оны зунаас дайн бүхий байдалд олон улсын материал, техникийн тусламж авах ажил хариуцсан тусгай комиссыг бас толгойлох болов. Украины аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн Крымийг чөлөөлөх стратеги боловсруулах ажлыг хэсэгт чорлоо. 2020 оны арванхоёрдугаар сард “Крымийн платформ” санаачилгын нэг дарга нь болов. Барьж өгөхөөр 2021 оны дөрөвдүгээр сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоаны амласан Крымийн татаруудад зориулсан сууцыг босгох ажлын зохицуулагчдын нэг боллоо.
2022 оны хавар Оросын цэрэг Украин руу довтлоход ОХУ-тай хэд хэдэн үе шаттай яриа хэлэлцээр хийх Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Умеров оров. Тэрбээр цэргийн олзлогдогчдыг солилцох ажил хариуцаж, уг ажлаараа Саудын Арабт очиж, нарийн төвөгтэй хэлэлцээр хийж явжээ. Түүнчлэн улс төрийн хоригдол, жирийн иргэдийг суллуулах, Оросын цэрэгт эзлэгдсэн нутгаас нүүлгэн шилжүүлэх ажлыг ч хийж байв. Тухайн үедээ 2022 оны есдүгээр сард томилогдсон Төрийн өмчийн сангийн тэргүүний үүргээ гүйцэтгэж байжээ. 2022 оны есдүгээр сард “Азов” хөлөг онгоцны олон зуун цэргийг улс төрч Виктор Медведчукаар солилцоход Умеров оролцжээ. “New York times” сонинд бичсэнээр бол дайн эхэлснээс хойш Оростой хийсэн хэлэлцээрт Украины төлөөлөгчдийн гол хүмүүсийн нэг нь Умеров байв. Ер нь Умеровыг бусадтай хэл амаа ололцохдоо чадмаг гэж Киев үздэг байжээ. Ухаалаг, нэр хүндтэй, Украин дотроо болон хилийн чанадад харилцаа холбооны өргөн сүлжээтэй гэж дүгнэдэг аж.
Рустем Умеров Хар далайгаар үр тариа зөөх замыг нээх асуудлаарх хэлэлцээрт бас оролцов. 2023 оны гуравдугаар сард тэргүүн хатагтай Елена Зеленскаяг Арабын Нэгдсэн Эмират Улсад, Ерөнхийлөгч Владимир Зеленскийг тавдугаар сард Саудын Арабт айлчлахад нь Умеров дагалдан явсан байна.
Рустем Умеров нь Украины Батлан хамгаалахын сайдаар томилогдсон анхны ислам шашинтай, татар угсааны хүн юм. Түүнээс гадна улсдаа хамгийн хүчирхэг хүн гэгддэг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермактай их дотно харилцаатай нь өнөөгийн Украинд ихээхэн чухал үзүүлэлт. Умеров англи, турк хэлтэй.
Умеровыг Батлан хамгаалахын сайдаар томилсон нь сүүлийн үед дайн хэрхэн төгсөх таамаглал гаргаж, түүндээ Украины газар нутгийн зарим хэсэг Оросын хяналтад үлдэнэ гээд байгаа Өрнөдийн шинжээч, улс төрчдөд Ерөнхийлөгч Зеленскийгээс өгч буй хүчтэй, ойлгомжтой дохио гэж үзэх хүн Киевт олширч байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шийдвэр гаргахдаа “Батлан хамгаалахын сайдаа би солихоор шийдлээ. Яам маань цэргийнхэн болон нийгэмтэйгээ бүхэлд нь харилцан ажиллахдаа шинэ арга, хандлага дутагдсан гэж үзэж байна” гэсэн байдаг.
Рустем Умеров 41 настай, ислам шашинтай, гэргий, гурван хүүхэдтэй. 2019 онд Дээд Радагийн депутат болсноор хүний эрх болон Крымыг Украинд эргүүлэн авчрахтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулж ирсэн аж.
2020 онд Крым, Севастополийг бусдын эзэмшлээс гаргах төрийн стратегийг боловсруулах бүлэгт орсон. Улмаар Украины аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төсөл бэлтгэх, тохиролцох асуудлаар ОХУ-тай хийх яриа хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 2022 оны хоёрдугаар сард багтсан байна.
“Умеров сайдаар томилогдвол цэргийн олзлогдогчдын эрхийг хамгаалах, хангах нь түүний анхаарах асуудлынх нь нэг байх болно. Орос улс одоо Крымийн татаруудын эрхийг зөрчиж байна, үүнд тэр хайхрамжгүй хандах учир үгүй” гэж Батлан хамгаалахын сайдад Умеровын нэрийг дэвшүүлэх сураг Ерөнхийлөгчийн зүгээс дуулдаж эхэлж байхад Украины иргэдийн эрх чөлөөний төвийн ажилтан Владимир Яворский сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байдаг. Түүнийг улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбар яаж ажиллах ёстойг мэддэг, менежер гэж Авлигын эсрэг тэмцэх төвийн гүйцэтгэх захирал Дарья Каленюк цахим хуудсандаа бичжээ. Умеровыг бас Украиныг НАТО-той ихээхэн ойртуулж чадна гэсэн хүлээлт олон хүнд байгаа аж.