Крымийн дайнд Орос ялагдаж, эзэн хаан I Николай нь зуурдаар гэнэт өөд болов. Энэ хоёр үйл явдал хоорондоо салшгүй холбоотой байлаа. Эртний Ромын яруу найрагч Публилий Сирийн хэлсэнчлэн “өчигдөр бол өнөөдрийн багш байдаг” гэдэг. 1853 оны зургаадугаар сарын 21 (долоодугаар сарын 3)-нд Оросын цэргүүд Османы эзэнт улсын султаны харьяат байсан Молдав, Валахын вант улсын мэдэлд очиход үүний хариу болгож туркүү д Орост дайн зарлав. Туркийг дэмжиж 1854 оны гуравдугаар сард Франц, Британи, 1855 оны нэгдүгээр сард Сардинын вант улс дайнд оролцжээ .
Англи-Францын флот 100 шахам хөлөг онгоцоо Хар далайд оруулж, 1854 оны дөрөвдүгээр сарын 10 (22)-нд Одессийг бөмбөгдлөө. Тухайн үед Одессийн хамгаалалт сул байсан гэнэ . Хамгаалалтыг генерал Дмитрий Остен-Сакен удирдаж байв. Генерал Александр Меншиковын цэргүүд (33 600 цэрэг), есдүгээр сарын 8 (20)- нд Альма голын дэргэд ялагдлаа. Оросын 5700 цэрэг амиа алда ж ухрав. Холбоотнуудаас 3300 хүн амь үрэгдлээ. Эцэст нь, Владимир Корнилов, Павел Нахимов нарын удирдсан 18 мянган цэрэг Севастополь хотын хүн амын тусламжтайгаар бэхлэлт байгуулж хотыг хамгаалсан юм. Тэнгисийн талаас хот руу орох замыг хаахын тулд хэд хэдэн хөлгийг усанд живүүлэхийг Нахимов тушаажээ. 1854 оны аравдугаар сарын 5 (17)-нд хотыг хуурай газраас, тэнгисээс ширүүн бөмбөгдөж Владимир Корнилов амь үрэгдсэн нь орос цэргүүдийн хувьд хүнд гарз болов. “Севастополийг алдаж болохгүй шүү” гэсэн нь түүний сүүлчийн үг байжээ.
Севастополийн 349 өдрийн баатарлаг хамгаалалт ийн эхэлжээ. Англи-Францын флот тавдугаар сарын 12 (24)-нд Керчийг эзэлж, Оросын бүх хөлөг онгоцыг шатааж орхив. Холбоотнууд Севастополь руу тун дөхжээ . 1855 оны наймдугаар сарын 4 (16)-нд Оросын цэргүүд бүслэлтийг сэтлэх сүүлчийн оролдлого хийсэн ч 8000 хүнээ алдаж, ялагдал хүлээсэн байна . Севастополийг бөмбөгдөж, оросууд өдөрт 500- 1000 хүнээ алдаж байлаа. 1855 оны наймдугаар сарын 27 (есдүгээр сарын 8)-нд зургаа дахь удаагаа бөмбөгдөж, хотыг эзэлж авах ажиллагаа эхэлснээр оросууд Севастополийг орхиж, хөлөг онгоцнн ууд нь усанд живж, хот түймэрт автав.
Крымийн дайнд оросууд ялагдсаны шалтгааныг түүхчид нэгэнт тогтоосон бөгөөд тэ д ялагдахгүй байх боломж байгаагүй гэдэг юм. Олон хүчин зүйл үүнд нөлөөлснөөс хамгийн гол нь Оросын эсрэг маш хүчирхэг эвсэл бий болсон байв. Анх зөрчилдсөн Османы эзэнт улс XIX зууны дунд үед уналтад орж, Орост тэгтлээ аюул учруулж чадахааргүй болсон байлаа. Харин Франц, Британи Европын тэргүүлэх гүрэн болчихсон, Туркийн талд тэд Крымийн дайнд оролцсон нь Орос ялагдах үндсэн хүчин зүйл болжээ. Англи, францчууд тэнгист давамгайлж, Британийн флот дэлхийд хамгийн хүчирхэг нь, хүний тоогоор францынх хоёрт орж байв. Сардинийн вант улс ч Оросын эсрэг дайтаж, Австри, Прусс холбоотнуудын хувьд “төвийг сахих” байр суурьтай, дайны явцад Өрнөдийн аятайхан нэгдэл нягтрал бий болсон байлаа. Оросын түрэмгийлэл Европын бусад улсыг түгшээж, Балкан руу, түүнээс цааш ч хөдөлчих вий хэмээн болгоомжилж байв. Үүнээс үүдэн I Николай хаан нөхөрсөг харилцаатай гэж үзэж байсан Австри, Прусс улс түүний холбоотон болохоос татгалзаж, харин ч Крымийн дайнд Оросын дайсны талд оролцож тун болзошгүй байжээ.
XIX зууны дундуур аж үйлдвэрийн хувьсгал Европ даяар алхаж явахад эргэлт нь Орост дөнгөж эхэлж, олон талаар Европын дайснуудаасаа хоцорч явлаа. Тухайлбал, Оросын арми хуучирсан гөлгөр голтой буутай байхад холбоотнууд ховилтой гол төмөртэй орчин цагийн зэвсэгтэй байв. Гөлгөр гол төмөртэй бууны тусгал 120 метр, тэгэхэд англи, францчуудын ховилтой гол төмөртэй буу 400 метр хол тусдаг байлаа. Орос цэргүүдийг 120 метр ойртож ирэхээс нь өмнө дайснууд нь гал нээж орхино. Оросууд ийнхүү овоо хараанд аяндаа ороод ирдэг аятайхан бай болж байжээ. Эцэст нь, Орост уурын хөлөг онгоц байхгүйтэй адил, хуучирсан далбаатай хөлгүүд нь байлдааны чадавхаар мэдэгдэхүйц доогуур тул ийм флотыг бүхэлд нь усанд живүүлэхэд төвөггүй . Хажуугаар нь дайны цагт хэрэгцээ шаардлагатай нөөцөөр Орос ихэд дутмаг байв. Түүгээр ч барахгүй шархтануудад тусламж үзүүлэх эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл хангалтгүй байлаа. Цэргийн нь тоо саяас хол дутуу, 200 мянган морь дутагдаж байжээ. Тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй, тухайлбал, их бууг мориор чирдэг байснаас армийн хөдөлгөөн маш удаан. Хамжлагын ёс хэвээрээ, бүхэлдээ нийгмийн хэвшил нь Өрнөдийн орнуудтай жишвэл үлэмж хоцорсон байв. Хамжлагат ёс нь аж үйлдвэрийн хөгжлийг тушсан, хөлсний ажилчид хийгээд үйлдвэрийн чөлөөт бус байдалтай салшгүй холбоотой байлаа. Улсынхаа хөрөнгийг тонох нь учир тоймгүй. Энэ байдал дайны үед бүр газар авч, төрийн албан хаагчид, өндөр албан тушаалын офицерууд ч хулгайлдаг байсан нь армийн байдал хийгээд төрийн сан хөмрөгт мэдээж сөрөг нөлөөтэй байжээ. Хоол, хүнс, зэр зэвсэг, эмнэлгийн хэрэгсэл, бүгдийг л идэж ууна. Тиймээс өлөн зэлмүүн байдлаас үүдэлтэй өвчин элбэг. Европын нэг ч арми дуу алдмаар ийм муу байсангүй. Хаан I Николай энэ гай түйтгэрийн хэмжээ далайцыг мэдэж байсан ч юу ч хийж чадахгүй байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сангийн захирал Александр Политковский л гэхэд янз бүрийн эх сурвалжийн баримтаар ганцаараа 930 мянгаас нэг сая 200 мянган рубль төсвөөс хулгайлсан байжээ. Крымийн дайны үед авлига ямар хэмжээнд байсныг Парист энхийн гэрээнд гарын үсэг зурснаас 14 жилийн дараа Орос мөнгөний гачааллаас арай гэж гарсан явдал харуулна.
Оросын эзэнт улс ялагдашгүй хүчирхэг гэдэгт I Николай хаан итгэсэн бөгөөд түүний хувиа хичээсэн байдал нь Орос улсыг Европын тэргүүлэх гүрнүүдийн “хадны мангаа” болгож орхижээ. Түүхч Евгений Тарле “Крымийн дайн үүсэхэд Николай хаан санаачлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь санамаргүй юм биш, харин ч тухайн үеийн нөхцөл шалтгаанаар бий болсон, зайлшгүй түүхэн хүчин зүйл байсан” хэмээн тэмдэглэжээ. Удирдагчийн хувьд эзэн хааны сул тал бол “яая даа гэмээр харанхуй мунхаг байдал нь” гэж түүхч үзсэн байдаг. Бүхнийг үзэшгүй муухай харгис хэрцгийгээр нухчин дарж, армийн дотоодод ч, гадна ч ташуурын сахилга тогтоож, уран зохиол, шинжлэх ухааныг хатуу гараар багалзуурдаж байсан нь түүний бий болгосон дэглэм юм. Оросын түүхийг ч, Орос орноо ч тэр огт мэддэггүй байв. Өөрийн толгойлж буй их гүрний үнэн байр байдлын талаар аливаа ойлголтгүй, тэгсэн хэрнээ гайхал төрүүлэм муу муухай юм Орост асар их байгааг мэддэг, хамгийн хатуу хэрцгий аргаар тогтоон барьж байхыг өөрийн үүрэг гэж боддог, улс орны дотоод байдал нь ямар хэмжээнд хүртэл доройтсоныг төсөөлж ч чадахгүй байсан нь эзэнт улсынх нь байлдах чадвар, гадаад хүчийг сульдуулж байлаа.
I Николай хаан Өрнөд Европын нийгмийн зохион байгуулалт, улс төрийн талаар ер юу ч мэддэггүй байж. Ийм мэдлэг мэдээлэлгүй байдал нь түүнд нэг бус удаа хор хохирол учруулжээ. Тэрбээр “надад ухаантай хүмүүс биш, дуулгавартай харьяат албат л хэрэгтэй” гэж хэлэх дуртай байв. Крымийн дайнаас хойш тун удалгүй эзэн хаан I Николай 1855 оны хоёрдугаар сарын 18 (гуравдугаар сарын 2)-нд өөд болов. Албан ёсоор бол хатгалгаа (ханиадтай байхдаа нимгэн хувцастайгаар ёслолын жагсаал хүлээж авсан гэдэг) өвчнөөр амьсгал хураасан гэж үзсэн байдаг. Энэ хаан 30 жил засагласан, гайхалтай эрүүл биетэй хүн байсан гэдэг. Тиймээс гэнэт нас барсан нь ард түмэнд нь төдийгүй түүний ойрын хүрээллийнхэнд ч санамсаргүй явдал болсон аж. Түүгээр ч барахгүй эзэн хаан амиа хорлосон гэх цуу яриа тархсан байна. Бүслэгдсэн Севастополийн зүгээс ирэх сэтгэл шаналгасан мэдээллээс хааны өвчин эхтэй, улмаар дайнд ялагдсаныг түүний бие тэвчиж чадаагүй гэж ярилцдаг байжээ. Ёслолын жагсаал хүлээж авахаар хааныг гадуур хувцас (шинель)-гүйгээр гарч ирэхэд нь эмч Мартын Мандт “Эрхэм дээдэс минь энэ чинь амиа хорлосонтой адил” гэж хэлсэн аж. Өвчлөл нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн, үүнийг нууц цагдаагийн газрын дарга Леонтин Дубельт өдрийн тэмдэглэлдээ “Нэгдүгээр сарын 27-нд тэр ханиад хүрсэн ч ердийн байдлаар төрийн их ажлаа хийсээр байсан” гэж бичсэн байв. Өвчин хоёрдугаар сарын 4-ний шөнө илт даамжирч, эмч хориглосоор байхад үүнээс тав хоногийн дараа гадаа 23 градус хүйтэн байхад задгай чаргаар цэргүүд рүүгээ явжээ. Маргааш нь илүү жавартай байтал энэ үйлдэл давтагдсан аж. Тэгэхэд мөнөөх эмч Мандт уушги нь муу байхад амь дүйсэн юм хийж байна шүү гэж сануулахад эзэн хаан “Эрхэм Мандт та үүргээ биелүүллээ, би ч өөрийнхөө үүргийг биелүүлэх минь” гэж хэлсэн аж. Өвчин нь улам хүндэрч I Николай хэдэн өдөр хэвтээд босоод ирэв. Хоёрдугаар сарын 15-нд тэрбээр бүтэн өдөр ажиллав. Урд өдрийнх нь орой зар мэдээ хүргэгч ирж, Евпаторийн дэргэд Оросын цэрэг ялагдал хүлээснийг илтгэсэн нь сэтгэл санаанд нь айхав тар нөлөөлжээ. Владимир Мещерский ноёнтны дурссанаар эзэн хаан Крым дэх бүтэлгүйтэлд сэтгэл нь ихэд хямарсан гэнэ. Тэр но ёнтн ы бодлоор бол хаан “орос уй гашуудлаас” болж амьсгал хураажээ. Энэ үхэлд бие организмын ямар нэг шинж тэмдэг байсангүй, сэтгэлийн шаналал нь биеийн эрүүл мэндээс давамгайлж үхэлд хүргэсэн байна. 17-нд хааны бие эрс муудаж, маргааш өглөө нь үхлийн өмнөх амьсгал давхцах байдал илэрч хэдэн цаг үргэлжлэв. 1855 оны хоёрдугаар сарын 21-нд I Николай хааны шарилыг Петропавловын сүмд оршуулжээ. Занданшуулах үйлийг муу хийснээс болж олон түмэн тагийг нь аваагүй битүү авсанд байх хааны шарилтай салах ёс гүйцэтгэснээс өөрийнх нь хүсэлтээр Мандт эмч хаанд хор өгч гэнэ гэх цуу яриа гарсан байна. Эрхэмсэг гүнж Мария Павлова хааныг Мандт алсан хэмээн шуудхан буруутгав. “Мандт халаасандаа нунтаг юм авч ирсэн. Өөр эмчийг хаанд ер ойртуулахгүй, эцсээ хүртэл амь насанд нь аюул учрахгүй гээд байсан. Хажууд нь туслах Карель эмч байсан ч Мандтын дэргэд нохой хорихгүй, тэр залуу ч, ордонд ажиллах туршлагагүй ч байж” гэх яриа ч гарч байлаа. Эмнэлгийн департаментийн захирал, Эмнэлэг-Мэс заслын академийн дарга Вацлав Пеликаны ач Александр Пеликан хожим нь дурсамждаа “Өвөөгийн ярьснаар бол Мандт өөрийн авчирсан хорыг Николай хаанд өгсөн. Ер нь дайсандаа бууж өгөх актад гарын үсэг зурах, эсвэл амиа хорлохоос өөр сонголт хаанд үлдээгүй юм билээ” гэж бичсэн байв. Түүхч Петр Зайончковскийн үзсэнээр “хаан амиа хорлосон гэх ярианд ямар ч үндэслэл байхгүй. Түүхч Евгений Тарле ч амийг нь хорлосон гэх ямар нэг баталгаагүй, өвчний явцын талаарх албан ёсны таамаглал, нүдээр үзсэн хүмүүсийн ярианд үндэслэсэн бодит дүр зураг хоёр айхтар хол зөрж буй” хэмээн тэмдэглэсэн байдаг аж.