“Номын баяр-2023”-ын “Онцлох ном”, МЗЭ-ээс шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналын эзэн, Хөвсгөл аймгаас тодорсон зохиолч Ц.Ганболдтой ярилцлаа. Мөрөнгийнхөн түүнийг “Манай Мөрөн сумын хүүхдийн цэцэрлэгийн хүндэт харуул” хэмээн өргөмжилдөг юм билээ. Учир нь тэрбээр цэцэрлэгт жижүүрээр ажилладаг юм. Бид ийнхүү хөөрөлдлөө.
-Та өмнө нь олон жил мал малласан гэсэн. Тэр он жилүүдэд зохиол бичиж болох байсан уу?
-Уг нь болох байсан. Гэхдээ бичээгүй. Зүрх, сэтгэлгүй мэт болчихсон байсан үе л дээ.
-Юунаас болсон юм бол?
-Бичсэн болгон бусдын оюун санааны тусгал болчих гээд байсан. Өөрийнхөөрөө сэтгэж чадахгүй мэт хачин байхаар нь үзэг, цаас нийлүүлэхээ больчихсон юм. Бараг 20-иод жил тийм байдалтай байлаа.
-Анхны номоо одоогоос 13 жилийн өмнө гаргажээ. Гэнэт үзэг, цаас нийлүүлэх болсон нь юуных вэ?
-Хөдөө байхад өөрийгөө чагнах боломж арвин. Оршихуйн тухай их эргэцүүлдэг байлаа. Үнэн гэж юу вэ, үнэн гэж байна уу, оршихуй, үнэн хоёр нь нэг юмны хоёр тал байж чадах уу. Гэрэл байхад сүүдэр бий. Энэ хоёрын дундах саарал бүүдгэр орчинд чухам юу нуугдаж байдаг вэ гэхчлэн боддог, эргэцүүлдэг байлаа. Үүнтэй холбоотойгоор дотоодод нэлээд их юм хуралдсан. Гадагшлуулах хэрэгтэй болдог юм билээ. Тиймээс 2010 онд хэсэгхэн хугацаанд суугаад л “Хээрийн шүүх” номоо гараас гаргасан.
-Та малчин бус, философич болох байсан юм биш үү?
-Аливаад тулах цэг байдаг. Өөрөөр хэлбэл, үндэс суурь байхгүй бол өсөж өндийх нь үгүй. Энэ үүднээс үйл явдал хөөх гэхээс илүүтэй, аливаа зүйлийн үндэс, суурьт хатгаж бодолхийлэх дуртай. Утга зохиолд ч гэсэн барьж авах чиг шугам байхгүй бол өнөөдөр уншигдаад, маргааш мартагдана. Бодол, сэтгэлд үлдэх зүйлгүй бичлэгүүдийг зохиол гэх үү, эсвэл өөрөөр хэлэх үү. Мал маллаж, хөдөөгийн сайханд зөнгөөрөө, зоргоороо амьдарснаар амьдрал, ертөнцийн тухай ойлголтоо бататгасан гэж боддог. Би наймдугаар анги л дүүргэсэн. Техник, мэргэжлийн сургуулийг барилгын өрөгч, угсрагч мэргэжлээр төгссөн. Гэхдээ энэ чиглэлээр Эрдэнэтийн Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд харьяалагдаж нэг л жил ажиллаад цэрэгт явсан юм. Ирээд ажилгүй байж байгаад хөдөө гарсан. Ганц бие байсан болохоор Галт сумдаа мал маллаж, өөрийгөө болгож амьдардаг байлаа. Дараа нь 2000-аад оны эхнээс геологийн өрөм, хайгуулын компанид өрмийн ажилчин болсон. Шороо ухаж, хөрсөн дор, гүнд юу байгааг хайх ажил сонирхолтой.
-Эрэх, хайх гэдэг утгаар уу?
-Тийм ээ. Хайхад зарим газраас нүүрс гарна. Газрын гүнээс хүнд хэрэгтэй зүйл олох үед сэтгэлдээ хайгаад байгаа юмаа олж буйюм шиг мэдрэмж хааяа төрдөг байсан.
-Тэр мэдрэмжийнхээ мөрөөр тууж, өгүүллэгүүд бичсэн гэвэл онох уу?
-Тэгж хэлбэл буруудахгүй байх.
-Таны анхны номын анхны уншигч хэн байв?
-Мэдээж редактор. Утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн ноён оргилуудын нэг Ч.Билэгсайхан гуай өгүүллэгийн “Хээрийн шүүх” хэмээх анхны номыг минь уншиж өгсөн юм. Магадгүй үүгээр редакторлох ажлаа отголсон болов уу. Манай Хөвсгөлийн зохиолч, яруу найрагч П.Майнбаяр “Цэцүүхэй”-г минь шүүсэн. Надад нэлээд зөвлөгөө өгсөн. “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Б.Баясгалан бас санаа, оноо харамгүй нэмэрлэж байлаа. Энэ удаагийн “Шувуу зүүрмэглэх зуур”-ыг зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа ариутгаж өглөө. Хэлэхгүй байж болохгүй бас нэгэн сайхан дурсамж бий. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Хээрийн шүүх”-ийг минь уншаад, сайшаасан. Надад маш чухал зүйл хэлснийг нь хүнд ярилгүй, тарни мэт хүлхэж явдаг юм.
-Юу гэж хэлсэн нь сонирхол татаж байна шүү.
-Хэлэхгүй ээ. Дараа дараагийн номуудаа гаргах урам зориг, ташуур гэж бодоход л болно.
-“Номын баяр”-ын “Онцлох ном” болсон “Шувуу зүүрмэглэх зуур-т байгаа ийм нэртэй туужийг тань уншлаа. Сайн зохиолчид орон зайгаа цэлийтэл орхиод үүрд явчихад утга зохиолд санаа, зохиомж, өгүүлэмж, ер нь юм, юм дутагдаад байгаа санагдаад, өөрийн эрхгүй бичиж эхэлсэн юм шиг санагдлаа. Тийм тал бий юү?
-Тэгж хэлж арай болохгүй байх. Түрүүн дурдсанчлан өөрийнхөө дотоодод чихэлдсэн, бусадтай хуваалцмаар санаа оноогоо ээлж дараалан буулгаж байгаа төдий л юм.
-Хуучны, одоо бараг хэрэглэдэггүй үг, хэллэгүүд байна. Эдгээр нь таны цээжинд байдаг уу. Эсвэл хэрэг болгон олж ашигласан уу. Жишээ нь, зэнзийрхэх, зайц, цун гэх зэргийг тайлбарлаж өгөх үү?
-Багаасаа ном их уншсан. Тийм болохоор үгийн сан гайгүй гэж боддог. Зэнзийрхэх гэдэг бол цэрвэх, эвгүйрхэх гэсэн утгатай. Зайц гэж зай, завсрыг хэлдэг. Цун бол уртын хэмжүүр. Хүний эрхий хурууны үзүүрээс нэгдүгээр үе хүртэлх хэмжээ юм.
-Гутаг суух гэж юу гэсэн үг вэ?
-Гутаж, гундан, хийморь доройтохыг хэлж байгаа юм.
...гутаг суусан тэнгэрийн шувуу газарт буугаад, элдэв буртагт дарагдан, тэр газарт хэзээнээс нааш байсан нэгэн толгой гэж харагдталаа хүлээн зөвшөөрөгдөх хүртэлх хугацаанд уг бор толгойг тойрон болсон үйл явдлуудын тухай өгүүлдэг юм...
-Эр, эмийн явдал, үүлэн борооны ажлын талаар нууцлаг хэрнээ илэн далангүй, бас чамин хэлсэн санагдсан. Сонгодог зохиолуудын хэллэг шиг ч юм шиг.
-Аливааг ил цагаан, эрээ цээргүй дүрсэлж хэлэх гэж байгаа нь энэ гээд гажуудуулж болохгүй. Хүн хоорондын харилцааны хамгийн нандин хэсэг шүү дээ. Уран бүтээлч цаг ямагт шинийг эрэлхийлж байдаг. Дотоод ертөнцөө уран бүтээлээрээ дамжуулж илэрхийлдэг. Зохиолчид эх хэлээ нандигнан хайрлаж, цэвэр ариун байлгах үүрэгтэй. Тиймээс зохиол бичихдээ хэл, найруулгадаа сайтар анхаардаг. Өндөр ач холбогдол өгдөг.
-Та хэдийн өөрийн гэсэн уншигчидтай болсон аж. Ялангуяа Хөвсгөлийнхөн их бахархдагийг мэдлээ. Уншигчид танаас гол нь юу хүлээдэг бол?
-Мэдэхгүй. Сэдэв, санаа, эмх цэгцтэй хэл, найруулга юм болов уу.
-Уран зөгнөл, далд ертөнц дэх амьдралын тухай бичихийг тань хүлээдэг болов уу гэж бодсон.
-Магадгүй. Зэрэгцээ оршихуйн тухай дүрсэлж, өгүүлж байх хэрэгтэй гэж боддог.
-Та “Шувуу зүүрмэглэх зуур” туужаа сар хүрэхгүй хугацаанд бичсэн байна. Энэ харьцангуй богино хугацаа юу?
-Түүнээс ч хурдан гаргаж болно. Удаан бодож, бясалган, тунгаасныг нэг, хоёр өдөрт ч буулгаж болно.
-Та онгодтой, бөөгийн удамтай хүн үү?
-Энэ тухай асууж яах нь вэ. Олон жил зүгээр сууж байгаад, гэнэт ном бичиж эхэлсэн надад орчин үеийн залуус номыг маш сайн уншдаг болсон нь анзаарагдсан. Үүнд л их баяртай байна. Би бол хүмүүс уншсан ч, үгүй ч бичсээр байх болно. Яагаад гэвэл цаг нь болсон учраас тэр юм. Үндэсний номын баяр гэж сайхан арга хэмжээ болдог юм байна. Орон нутаг руу сайтар чиглүүлж, хүрээг өргөтгөвөл сайн сан. Нийслэлд болдог энэ олон үйл явдал орон нутагт мөн ижил өрнөдөг бол сайхан.
-Та нэлээд даруу хүн бололтой.
-Биеэ тоох нь миний зан биш ээ. Ардын уран зохиолч Б.Бааст гуай хүн яаж амьдрах тухай хэлээд өгчихсөн байдаг юм. Би баримталж явдаг.
-Юу гэж хэлсэн байдаг вэ?
-“Номын жор” номдоо “Хүн ерөөсөө, янз бүрийн юманд хуруу, хошуугаа дүрж явахын хэрэг байхгүй. Элдэв хов жив, хэрүүл маргаан, эрх мэдэл, гавьяа шагнал, нэр төрийн тухай бүү бод. Юу хийхээр төлөвлөж байна, юу сурах гэж зорьж байна, ямар хүн болох гэж байгаа юм, энэ бүхэндээ л цаг заваа зориул. Ингээд явж байхад чи олны хайр хүндэтгэлийг нэг л өдөр хүлээнэ шүү дээ. Ирээгүй байхад нь, цаг нь болоогүй байхад, түүнийг авах гээд шунаад, хүсээд байх хэрэггүй” гэсэн байдаг юм.
-Та энэ цаг үеийн зохиолчдоос хэний бүтээл туурвилд дурлаж байна вэ?
-Хөвсгөлийнхөнтэйгөө ойр байдаг. Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн номын гэгээнд баясаж явдаг. “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийнхний үйл ажиллагааг сонирхож, болж өгвөл оролцохыг боддог.
-Та бид хоёр уншигчдад оньсого таалгах маягтай яриад байх шиг байна. “Шувуу зүүрмэглэх зуур” туужид юунытухай өгүүлдэг талаар товч ярих нь зүйтэй болов уу.
-Ямарваа нэгэн шалтгааны улмаас гутаг суусан тэнгэрийн шувуу газарт буугаад, элдэв буртагт дарагдан, тэр газарт хэзээнээс нааш байсан нэгэн толгой гэж харагдталаа хүлээн зөвшөөрөгдөх хүртэлх хугацаанд уг бор толгойг тойрон болсон үйл явдлуудын тухай өгүүлдэг юм. Уг тэнгэрийн шувууг сэрээх хүн нь түүний ойролцоо төрсөн хүү. Зурхайн ухаанд гарамгай, хол ойрыг хардаг хүмүүний нөлөөгөөр алс хол явсан ч эргэн ирснээр шувуу сэрэх нөхцөл бүрэлдэж, улмаар тэнгэртээ нисэн оддог. Шувуу нисэхдээ өөрт нь суусан буртаг бүхнийг шилгээхэд, тэрхүү буртгийг таригчид харанхуйн цөлд хаягдаж, түүндээ дарагддаг.