Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар “Бэтүб” хийдийн “Найдан” эмнэлгийн эмч, маарамба Д.Ганзоригтой ярилцлаа. Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын өв соёл бөгөөд зайлшгүй хамгаалах шаардлагатайг тэрбээр онцолсон юм.
-Уламжлалт анагаах ухааны одоогийн хөгжлийн түвшнийг та хэрхэн тодорхойлох вэ. Хөгжиж байгаа юу, эсвэл нэгэн хэвийн, урсгалаараа л яваад байна уу?
-1921 онд Ардын хувьсгал ялж, 1932 онд лам нар бослого гаргасан. Улмаар тухайн үед орон даяар их хэлмэгдүүлэлт үргэлжилж, олон лам, сүм хийд өртсөн байдаг. Түүнчлэн 1937 онд Засгийн газраас уламжлалт анагаах ухааныг үгүйсгэж, эм, эмнэлэгт хэрэглэж болохгүй, зөвхөн европ анагаах ухааныг эмчилгээнд хэрэглэх ёстой гэсэн агуулга бүхий тогтоол гаргасан юм билээ. Түүнээс хойш уламжлалт эмнэлэг хууль бусад тооцогдож, хэсэг хугацаанд тасарсан. Харин 1950-иад онд оросууд манай уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож, хэрэгтэй зүйл гэдгийг нь тухайн үеийн төр, засгийн удирдлагуудад ойлгуулсан байдаг. Ингээд манайхан хэрэгтэй зүйлээ устгаснаа ойлгоод, буцаан сэргээхэд анхаарч эхэлжээ. Үүний тулд Ю.Цэдэнбал дарга уламжлалт анагаах ухаан сонирхдог судлаач, эрдэмтдийг эрэн хайж эхэлсэн байгаа юм. 1959 онд ЗХУ-д эмийн ургамал судлалаар суралцсан эрдэмтэн Ц.Хайдав гуайг болон амьд үлдсэн таван маарамба лам байсныг олж, судалгааны ажил хийж эхэлсэн. Цаашлаад Байгалийн нэгдлийн хүрээлэнг 1979 онд байгуулсан юм. Үүнийг 1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн гэж нэрлэсэн байдаг. Тус хүрээлэнгийнхэн уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны талаас нь судалсан. 1990 онд ардчилсан хувьсгалтай золгосноор монголчуудын үндэсний гэсэн бүхэн сэргэсэн шүү дээ. Хуучин уламжлал минь юу билээ гэж хүн бүхэн сонирхож эхэлсэн үе. Тэдгээр уламжлалын нэг нь монгол анагаах ухаан байсан. Ингээд Анагаах ухааны их сургууль (одоогийн АШУҮИС)-д Уламжлалт анагаах ухааны факультет байгуулсан юм. Мөн Д.Нацагдорж гуай “Манба дацан” эмнэлэг болон “Оточ манрамба” сургуулиа байгуулсан. Устгачихсан байсан зүйлийг энэ мэтээр буцаан “ургуулсан”-аас хойш хэдийн 30 жил өнгөрлөө. Энэ хугацаанд уламжлалт анагаах ухаан үнэхээр их хөгжсөн гэж болно.
-Монгол анагаах ухаан гэхээр зөвхөн лам нарын хийдэг зүйл гэсэн ойлголт олон нийтийн дунд одоо ч бий. Яагаад сүм хийд, лам нартай холбогддог юм бэ?
-Өмнө нь аймаг, хошуунд байсан сүм хийд бүхэн сургуулийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүнтэй холбоотойгоор бүгд өөрийн гэсэн манба дацантай байжээ. Манба дацан гэдэг нь одоогийнхоор бол анагаах ухааны сургууль, эмнэлэг л дээ. Жишээ нь, Улаанбаатар өмнө нь Их хүрээ нэртэй байсан. Их хүрээ нь өөрийн гэсэн манба дацантай, тэр нь Сориг шанпанлин буюу Бусдад туслахуйн орон нэртэй байж. Сүм хийдийн дэргэдэх манба дацангуудад тулгуурлан манай уламжлалт анагаах ухаан оршин тогтнож ирсэн. Гэтэл түүнийг хувьсгалаар устгачихсан юм. Лам хувраг нарын үздэг ном нь таван их ухаан, таван бага ухаан. Нийт 10 ухаан гэсэн үг. Тэдгээрээс хамгийн эхнийх нь гүн ухаан, сэтгэл судлалын ухаан. Хоёр дахь нь анагаах ухаан. Тэжээхүйн ухаан ч гэдэг. Тиймээс анагаах ухааныг ихэд чухалчилж, бараг бүх сүм хийд дэргэдээ манба дацантай байж. Бидний одоо хэрэглээд байгаа уламжлалт анагаах ухаан нь ерөөсөө л тэр юм.
-Мэдээж уламжлалт анагаах ухааны хөгжил цаашид зогсохгүй, тасралтгүй урагшлах учиртай. Хөгжлийн дараагийн шат ямар байх вэ гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү. Ялангуяа хүний нөөцөө хэрхэн бэлтгэж байгаа бол?
-1990 оноос хойш бүхэл бүтэн 30 жил өнгөрчээ. Уламжлалт анагаах ухааны судлаач, эмч нарын хурал саяхан боллоо. Тэндээс харахад манай салбарт үнэхээр шинэ үе гараад ирчихсэн байна. Уламжлалт анагаах ухааны сургууль нийслэлд долоо бий. Мөн эмийн долоон үйлдвэр байгаа. Эмч нарын тоо хэдэн мянгаар, эмнэлгийнх нь хэдэн зуугаар яригдана. Ингээд үзэхээр уламжлалт анагаах ухаан манайд нэлээд гайгүй хөгжчихсөн байгаа юм. Цаашид ч хөгжүүлэх ёстой. Гэхдээ зөвөөр буюу хуучин уламжлалаа устгалгүйгээр, орчин үеийн нөхцөлд тохируулан хөгжүүлэх нь зөв.
-Цар тахлын үед манайд европ анагаах ухааныг уламжлалттай хослуулах шаардлагатай гэж ярьж байлаа. “Ковид”-оор өвчилсөн хүмүүсийг ч тангаар эмчилж байсан. Ингэж хослуулах нь зөв үү?
-Зарим хүн уламжлалт болон европ анагаах ухаан холбогдох ёсгүй гэдэг. Харин зарим нь хослуулах ёстой гэж хэлдэг. Хослуулах нь буруу биш л дээ. “Ковид”-ын үед зөвхөн монгол тангаар эмчлүүлээд эдгэсэн хүн олон байлаа. Халдварт өвчин эдгэрсний дараа илэрсэн эрүүл мэндийн өөрчлөлт, хүндрэлийг ч уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж бүрэн илаарьшсан тохиолдол олон бий.
-Уламжлалт анагаах ухааныг хойшид зөв хөгжүүлэх хэрэгтэй гэж та өмнө дурдсан. Зөв хөгжүүлэх арга зам нь юу вэ?
-Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын өв соёл. Яагаад гэвэл энэ ухаан монголчуудын өдөр тутмын амьдралтай нягт холбоотой. Энгийнээр хэлэхэд, яаж зөв амьдрах тухай л сургадаг. Өвөл мах ид, зун зөвхөн цагаан хоол ид гэх мэтээр бидний өвөө, эмээ сургаж ирсэн. Энэ мэтээр монголчуудын өдөр тутмын амьдралын дадлыг уламжлалт анагаах ухааны ном, сударт тусгасан байдаг. Мөн уламжлалт анагаах ухааны сургаал нь хуучны, хэдэн зуун жилийн өмнөх номуудад хадгалагдан үлдсэн тул монголчуудын чухал өв соёлд тооцогдоно. Түүнчлэн Монголын нутаг дахь ургамлуудын тухай мэдлэгийг уламжлалт анагаах ухаан агуулж байдгаараа соёлын бас нэг чухал хэсэг болдог.
-Хүнсний юм уу, эмийн үйлдвэр бүгд стандарттай. Түүнийхээ дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Харин уламжлалт анагаах ухаанд ийм стандарт байдаггүй. Эмнэлгүүд, эмч нар өөрсдөө тангаа найруулдаг. Хаанаас гаргасан, ямар жор ашигладаг вэ?
-Орчин үеийн стандарт, шаардлагаар бол уламжлалт анагаах ухааны эмч нар тангаа өөрсдөө найруулж болохгүй. Зөвхөн эмийн үйлдвэрт л хийх ёстой. Эмийн үйлдвэрт найруулахдаа ижил стандарт баримтлах шаардлагатай болно. Харин уламжлалт анагаах ухаанд тийм зүйл байсангүй. Жишээ нь, уламжлалт анагаах ухааны эмч ургамлаа өөрөө түүгээд, гэртээ авчраад, эмээ хоол шиг л хийдэг байсан. Одоо ч эмч нар тангаа өөрсдөө найруулдаг. Эмнэлгүүд гэхэд дэргэдээ эм бэлдэх цехтэй. Энэ бол Монголын уламжлалт анагаах ухааны хамгийн чухал онцлог. Найруулах жорын тухайд бидний үздэг номуудад нэг бүрчлэн заасан байдаг. Энэ бол бидний стандарт. Жишээлбэл, “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэдэг ном бий. “Ковид”-ын үеэр “Норов-7”, “Мана-4” танг эмчлүүлэгчдэд өгч байсан. Эдгээр тангийн тун хэмжээ ч дээрх номд байна.
Европ анагаах ухаанд нэг эмийг нэг бодисоор л хийдэг. Харин уламжлалт анагаах ухааны тангийн найрлага өөр. Жишээ нь, “Мана-4” тангийн мана нь үндсэн ургамлынх нь нэр. Дөрөв гэдэг нь тухайн танд дөрвөн төрлийн ургамал агуулагдсаныг илэрхийлдэг. “Мана-4”-т мана, лидэр, гандигар, гажа гэсэн дөрвөн ургамал орно. Түүнчлэн европ анагаах ухаанд энэ эмд орсон бодис ийм хэмжээтэй байна, үүнээс өөрчлөх ёсгүй гэж заадаг. Харин уламжлалт анагаах ухаанд арай өөр. Монгол оронд жилд дөрвөн улиралд ээлжилдэг. Тиймээс дөрвөн улиралд тааруулаад тангийн найрлагад өөрчлөлт оруулах ёстой. Өвөл энэ ургамал нь арай илүү, зун тэр нь их байна гэх мэтээр тохируулна. Энэ мэтээр бид ном доторх, эсвэл багшийнхаа заасан жорын дагуу тангаа хийдэг. Айл бүхний хийсэн хоолны амт өөр байдаг шүү дээ. Түүн шиг эмч бүрийн найруулсан тангийн амт ялгаатай. Уламжлалт анагаах ухааны нэг чухал онцлог нь энэ.
-Тэгэхээр үүнийг нэг хэвд цутгасан мэт болгох нь зохисгүй гэсэн үг үү?
-Европ анагаах ухаан шиг болгочихвол уламжлал, өв соёл гэдэг утга нь алдагдана. Хүчээр адилтгаж болно. Гэхдээ уламжлалаа хадгалж явбал сайн. Энэ хэвээрээ уламжлалт анагаах ухаан олон зуун жил хадгалагдсаар ирсэн. Өнгөрсөн 30 жилд ч ингэж оршин тогтнолоо. Үйлчлүүлэх хүмүүсийн тоо улам л нэмэгдэж байгаа. 1990 онд үзүүлж байсан хүмүүсийн тоог одоогийнхтой харьцуулахад эрс өссөн. Энэ нь эмнэлэг бүрт л ажиглагдаж байна. Ер нь зөвхөн Монголд биш, дэлхий даяар хүмүүс уламжлалт анагаах ухааныг илүүд үздэг боллоо.
-Аль улс орнуудад уламжлалт анагаах ухаанаа өдий хүртэл сайн хамгаалж, хадгалан үлдсэн бэ?
-Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн анагаах ухаантай. Жишээлбэл, Хятадын, Төвөдийн уламжлалт анагаах ухаан гэж бий. Энэтхэгт аюурведийн ухаан гэж байна. Арабын исламын шашинтай улсуудад юнани гэсэн уламжлалт анагаах ухаантай, түүнийгээ одоо ч хөгжүүлж буй. ОХУ ардын эмчилгээний аргуудтай. Тэдгээрийгээ өргөн хүрээнд ашигладаг юм билээ. Европт ч уламжлалт анагаах ухаан байсан. Харин шинжлэх ухааны эрчимтэй хөгжлийн явцад устчихсан юм. Харин өдгөө европчууд уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхдог болсон.
-Уламжлалаа хадгалж үлдэх, хөгжүүлэх чиглэлээр манайд жишиг болох ямар улс бий бол?
-Хятад, Энэтхэгт уламжлалт анагаах ухаанаа гайхамшигтай хөгжүүлж байна. Энэтхэг гэхэд манайхтай адилхан эрүүл мэндийн системтэй, ЭМЯ-тай, европ анагаах ухаан өндөр хөгжсөн газар. Манайхан тус улсад очиж эмчлүүлдэг шүү дээ. Үүнээс гадна тэд уламжлалт анагаах ухаанаа маш сайн хөгжүүлсэн. Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайд болонгуутаа уламжлалт анагаах ухаанаа илүү сайн хөгжүүлэхээр шийдвэрлэж, АЮУШ яам байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, европ анагаах ухаанаас тусад нь яам байгуулсан шүү дээ. АЮУШ гэдэг нь “насан цаглашгүй” гэсэн утгатай санскрит үг. Энэтхэг олон үндэстний улс. Тэрхүү олон үндэстнийхээ таван гол уламжлал буюу аюурвед, иог, сова ригпа, сидда, юнанийг нэгтгээд, дээрх яамыг байгуулсан. Аюурвед, иог, сидда нь Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан. Сова ригпа нь Төвөдөөс гаралтай уламжлалт анагаах ухаан юм. Манай Монголын анагаах ухаан гэсэн үг. Юнани нь исламын шашинт улсуудаас гаралтай уламжлал. Эдгээрийг нэг яаманд нэгтгэснээрээ сүүлийн 10 жилийн хугацаанд уламжлалт анагаах ухаан нь үнэхээр өндөр түвшинд хүрсэн. Түүнчлэн Хятад ч уламжлалт анагаах ухаанаа төрийн бодлоготойгоор сайтар хөгжүүлж байна. Тус улсад Уламжлалт анагаах ухааны товчоо гэж яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий юм билээ.
-Манайд төр, засгийн зүгээс уламжлалт анагаах ухаанд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манай ЭМЯ-нд Уламжлалт анагаах ухааны хэлтэс бий. Энэ хэлтсийг байгуулаад 3-4 жил болсон. Хэлтэс хүртэл байгуулна гэдэг нь нэлээд гайгүй хөгжжээ гэсэн үг. Тус хэлтсийнхэн Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа. Түүнчлэн манайх уламжлалт анагаах ухааны үндэсний хөтөлбөртэй, төрийн бодлоготой цөөхөн орны нэг.
-Орчин үеийн анагаах ухаанд янз бүрийн тоног төхөөрөмжүүд бий болж, ямар ч өвчнийг оношлох боломж бүрдсэн. Харин уламжлалт анагаах ухаанаар зөвхөн судас бариад бүхнийг оношлох боломжтой гэж үү?
-Хүн бүрийн үзэл бодол өөр. Зарим нь би шинжлэх ухаанч хүн учраас хөгжлийн тухай л ярина гэдэг. Тийм хүмүүст уламжлалт анагаах ухаан хоцрогдсон юм шиг санагдана. Зөвхөн судас бариад өвчин оношлох боломжгүй гэдэг. Бидний үздэг “Анагаах ухааны дөрвөн үндэс” номд зааснаар өвчнийг оношлох гурван арга бий. Тухайлбал, нэгдүгээрт үзэх, хоёрдугаарт хүрэлцэх, гуравт асуух шинжилгээгээр оношилно. Үзэх нь шээс, бие махбод, хэл, нүд, арьс гэх мэтийг шинжлэх юм. Хүрэлцэх шинжилгээнд судас барихыг голлодог.
Уламжлалт анагаах ухаан уг нь маш энгийн. Бидний бие таван махбодоос бүтсэн. Таван махбод нь хий, шар, бадган гэсэн гурван гэмд хурна. Энэ гурван гэмээс шалтгаалаагүй өвчин гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч өвчин хий, шар, бадганы тэнцвэр алдагдсанаас л үүсдэг. Тиймээс хамгийн эхний оношилгоогоор тухайн хүний хий, шар, бадган нь тэнцвэртэй байна уу, үгүй юү гэдгийг үзнэ. Алдагдсан тэнцвэрийг хэвийн байдалд оруулах нь эдгээх юм. Түүнээс биш ямар нэгэн ид шид ашиглахгүй. “Судас бариад бүх өвчнийг мэдэж болох уу” гэж хүмүүс асуудаг. Мэдээж бүх өвчнийг мэдэж болно. Хамгийн гол нь үүнд туршлага хэрэгтэй. Бас сайн багшаар заалгах шаардлагатай. Түүнээс биш ном үзсэн бүхэн судас бариад бүхнийг мэдэж чадахгүй.
Гэхдээ уламжлалт анагаах ухаанд нэг сул тал бий. Тухайлбал, номыг нь үзээгүй мөртлөө өөрийгөө эмч гээд нэрлэчихсэн хүн олон. Жишээ нь, фэйсбүүкээр нэг эмэгтэй шууд бичлэг хийнгээ хүний судсыг бариад байдаг. Тэрийг хараад миний урам хугарсан. Бидний үзсэн номд судсыг яаж, хаана нь барихыг заадаг. Гэтэл тэр хүн огт өөр газарт нь барьчихсан байх жишээтэй. Манай монголчууд мэдэхгүй зүйлдээ их итгэдэг болчихсон. Тэр нь хэцүү байгаа юм. Ийм хуурамч хүмүүс уламжлалт анагаах ухаанд сөргөөр нөлөөлөөд байна шүү дээ.
-Эмийн түүхий эд болох байгалийн ургамлын олдоц, нөөц ямар байгаа вэ?
-Эмийн түүхий эдийн 60-70 хувьд нь халуун орны ургамал хэрэглэдэг. Үлдсэн хувьд нь нутгийнхаа ургамлыг хэрэглэж болно. Жишээ нь, “Норов-7” тангийн найрлагад орсон ар үр, бар үр, жүр үр нь халуун оронд ургадаг. Монгол хүйтэн, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бид халуун орны, халуун чанартай ургамлыг хэрэглэж байгаа юм. Энгийнээр хэлэхэд, халууныг хүйтнээр, хүйтнийг халуунаар дарна гэсэн үг. Жишээ нь, манайд хүйтнээс улбаатай хоолойн, бөөрний өвчин элбэг. Тийм учраас халуун чанарын ургамлуудаар тан хийгээд байгаа юм.
Дэлхий даяар уур амьсгал өөрчлөгдөж, ургамлын гарц багасах боллоо. Монголд ч адил. Жишээ нь, 20-30 жилийн өмнө сайн гардаг байсан ургамлууд одоо үзэгдэхээ больчихсон. Нөгөө талаар зөвхөн ашиг олох сонирхолтой хүмүүс ургамлуудыг замбараагүй түүж, устгачихаад байна. Бидэнд багш заахдаа хамгийн эхэнд ургамлыг хайрлах ёстой гэдэг. Яагаад гэвэл өвчтэй хүн энэ эмийн хүчээр эдгэж байгаа. Тиймээс ургамлыг хайрлаж, нэг газарт 10 байвал бүгдийг нь бус, талыг нь түү. Гэхдээ нэг доороос биш, энд тэндээс нь түү гэж заадаг. Ухаантай, мэдлэгтэй хүмүүс сүүлийн үед ургамал тарьдаг болсон. Манайд ч тарьж эхэлсэн. Гэхдээ ургамал бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлог, орчныг нь бүрдүүлж тарихгүй бол эмийн чанар нь алдагдана. Ер нь бид байгалиа хамгаалъя гэвэл цаашдаа ургамлаа тарихаас өөр аргагүй. Гэхдээ зөв тарих ёстой. Өөрөөр хэлбэл, хөрсөө сүйтгэж болохгүй. Тиймээс хамгийн түрүүнд хөрсөө хамгаалах ёстой. Зарим улсад энэ чиглэлээр сургалт зохион байгуулдаг юм билээ. Манай БОАЖЯ, ХХААХҮЯ, Ботаникийн хүрээлэн зэрэг холбогдох байгууллагынхан ийм сургалт зохион байгуулж болно шүү дээ.
-Түүхий эдээ голчлон хаанаас авдаг бол?
-Хятад, Вьетнам, Лаос, Тайланд, Индонез, Энэтхэг, Пакистан, Иран гэх мэт манайхаас урагш оршдог бүх улсаас авна. Хамгийн чанартай түүхий эдийг тухайн орнуудад өөрөө очоод, амсаж үзэн, шинжлэн судалж байж авах хэрэгтэй болдог.
-Эрүүл мэндийн даатгалын системд уламжлалт эмчилгээг нэвтрүүлэх талаар ярьж байгаа юу?
-Уламжлалт эмчилгээг эрүүл мэндийн даатгалын системд тодорхой хэмжээгээр нэвтрүүлсэн. Үүнийг цаашид сайжруулах чиглэлээр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс тусгайлан ажиллаж байгаа.