Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “99 хувь” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийн үр дүнг шууд хүртэгч нь иргэд, олон нийт. Харамсалтай нь, иргэдийн олонх нь саяхныг хүртэл ийм тусгай сан үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэггүй байв. Тийм байх нь ч аргагүй. Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийн тайлан, гүйцэтгэл, зарцуулалтууд нь өнгөрсөн хугацаанд хаалттай, шилэн дансанд ч мэдээллийг нь байршуулдаггүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тус сангийн хөрөнгийг хэн авч, хаашаа “урсгаж” буй нь тодорхойгүй байсаар өдий хүрлээ. Засгийн газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тусгай сангуудынхаа хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд ил болгож байгаа. Гэсэн ч одоо болтол Эрүүл мэндийг дэмжих сан хаалттай хэвээр. Иргэдэд хамгийн хэрэгтэй хэрнээ “түгжээтэй” байгаа эл сангийн үйл ажиллагааны зорилго, чиглэл, төсөв, санхүүжилтийн мэдээллийг зах зухаас нь ил тод болгохыг бид зорилоо.
БАЙГУУЛСНААС ХОЙШ 17 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ
Эл санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу 2006 онд байгуулжээ. Өөрөөр хэлбэл, байгуулснаас хойш 17 жил өнгөрсөн атал энэ сангийн талаар олон нийтэд бодит мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь зөв тийш чиглүүлэх эрх мэдэлтэн байсангүй. Эрүүл мэндийг дэмжих санг өнгөрсөн хугацаанд архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг, эмийн импортын болон НӨАТ-ын хоёр, тамхины онцгой албан татварын мөн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр улсын төсвөөс санхүүжүүлж иржээ. Үүнээс гадна зарим хандив, тусламжийн хөрөнгийг ч санд “нийлүүлдэг” байж. Ингэснээр уг санд жилд дунджаар 3-5 тэрбум төгрөг “эргэлдүүлдэг” аж. 10 гаруй жил ийм хэмжээний хөрөнгөөр “тоглосон” гэж тооцвол нийт дүн нь хамгийн багадаа 50 гаруй тэрбумд хүрэхээр байгаа юм. Сангийн төсвийн 80 хувийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр буюу олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, энэ чиглэлийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажил зохион байгуулахад зарцуулахаар журамласан байна. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төсөл, арга хэмжээнүүдэд тус сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн. Гэвч бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн хугацаанд тус сангийн мөнгийг эрх мэдэлтнүүд зориулалтын бусаар зарцуулж, шамшигдуулсаар ирсэн байж болзошгүй нь. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд удаа дараа аудит хийж байжээ.
ЭМЯ-НЫ АЛБАН ТУШААЛТНУУД ЭЗЭН СУУВ
Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журамд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөл, шийдвэрээр захиран зарцуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тус сангийн хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар л “хөдөлгөх” зохицуулалттай гэсэн үг. Мөн тус журмаар Эрүүл мэндийн сайдын эрх олгосон удирдах албан тушаалтан нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй холбогдох гэрээг байгуулж, хяналт тавих үүрэгтэй гэнэ. Үүнийг далимдуулан ЭМЯ-ныхан сангийн хөрөнгөөр “тоглосон” зөрчил цөөнгүй байна. Тухайлбал, 2018 оны аудитын тайланг үзвэл тус сангийн хөрөнгөөр орон нутгийн өрхийн зургаан эмнэлэгт зориулалтын бусаар 22.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авч өгчээ. Ийм алдаа, зөрчил гаргасан албан тушаалтан нь ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, мэргэжилтэн Ж.Дөлгөөн нар гэж тайланд тэмдэглэсэн байна. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2017 онд хэвлэлийн цех, мэдээллийн студи байгуулахад шаардлагатай 180.1 сая төгрөгийг сангийн хөрөнгөөс гаргуулжээ. Гэсэн ч 2018 онд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ашигласан сургалт, сурталчилгааны холбогдох материалуудыг тус төвийн студи, хэвлэлийн цехээр гүйцэтгүүлээгүйг шалгалтаар илрүүлсэн аж.
ТӨРИЙН САНГИЙН ГҮЙЛГЭЭ ХААГДАХТАЙ ЗЭРЭГЦЭН 691.5 САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН УУ
2018 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц А/448 дугаар тушаал гаргаж, 691.5 сая төгрөгийг өрийн сангийн данс хаагдах өдөр яамны харьяа байгууллагууд руугаа яаран шилжүүлсэн баримт мөн аудитын тайланд байна. Үүнд яамны ерөнхий нягтлан бодогч Х.Отгонзул гар бие оролцсоныг аудитын тайланд дурджээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн тухайн жилийн хөрөнгийн үлдэгдлийг Сангийн яаманд “хураалгахгүйн” тулд оны эцэст буюу Төрийн сангийн гүйлгээ хаагдах үеэр эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох гэрээ, сонгон шалгаруулалтгүйгээр ийнхүү шилжүүлдэг байж. Сангийн хөрөнгийг иргэдийн эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөрт л зарцуулна гэсэн журмыг салбарын яамныхан ийм маягаар зөрчиж иржээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг чадавхжуулахад 5.4, удирдах ажилтныг чадавхжуулах сургалт зохион байгуулахад 1.2 сая төгрөгийг тус сангаас гаргуулсан аж. Уг асуудалд ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн О.Оюунчимэг, ахлах мэргэжилтэн Я.Болормаа нар нэр холбогджээ. Түүгээр ч зогсохгүй ЭМЯ-ныхан сангийн хөрөнгөөс 89.6 сая төгрөгийг олон улсын арга хэмжээ, гадаад томилолтод зарцуулсан байна. Тухайн үеийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ерөнхий нягтлан бодогч Х.Отгонзул нар энэ асуудалд хамаатай аж. Ингэхдээ тэд Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/234 дүгээр тушаалаар, салбарын бус албан тушаалтныг гадаад вуулж, сангийн мөнгийг хууль бусаар зарцуулахад нь гар бие оролцжээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн өмнөх онуудын шалгалтаар ч энэ мэт зөрчил цөөнгүй илэрч байсан гэнэ. Үүнийг үндэслэн улсын аудиторууд сангийн удирдлагуудад холбогдох хуулиудыг чанд хэрэгжүүлж, санхүүгийн сахилга баттай ажиллах албан шаардлага хүргүүлж байж. Гэсэн ч тэд зөрчлөө арилгасангүй, дараа дараагийн жилүүдэд ч давтан үйлдсээр ирэв.
ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ДАХИН ШИЛЖҮҮЛСЭН НЬ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Золжаргалын 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний 05 дугаар тушаалаар Эрүүл мэндийг дэмжих сангаас 119.4 сая төгрөгийг бас л сургалт, сурталчилгаанд зарцуулах нэрийдлээр Эрүүл мэндийн хөгжлийн төвд шилжүүлжээ. Хачирхалтай нь, уг хөрөнгийг шилжүүлэхдээ сургалт, сурталчилгааны ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаагүй. Энэ нь Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмын 3.3, 3.5 дахь заалтыг зөрчсөн үйлдэл. Тодруулбал, эл журамд зааснаар бол Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгжээс хүлээн авч, цаашлаад сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр олгох ёстой. Гэтэл дээрх тохиолдолд гэрээ байгуулаагүй мөнгө шилжүүлсэн учраас үйл ажиллагааны явцын тайлан, сангаас санхүүжилт олгосон хэлбэр болон хуваарь, ажлын үр дүн, гүйцэтгэл гэж байхгүй. Эл асуудалд Төрийн нарийн бичгийн дарга Э.Золжаргалаас гадна нягтлан бодогч Э.Бурмаагийн нэр ч мөн холбогджээ.
Шилэн дансны тухай хуульд заасанчлан Эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээллийг ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй. Гэвч сангийн тухайн жилийн төсвийн төсөл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан зэргийг шилэн дансанд байршуулдаггүй зөрчил аудитын шалгалтаар удаа дараа илрүүлж байжээ. Гэсэн ч одоо болтол сангийнхан уг зөрчлөө бүрэн арилгаагүй.
“АЙ-ЁО” БРЭНДЭД 278.8 САЯЫН ДЭМЖЛЭГ ОЛГОЖЭЭ
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар сангийн хөрөнгөөс Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд 54.3 сая гаруй төгрөгийг төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл дээрх санхүүжилтийг тодорхойгүй шалтгааны улмаас АШУҮИС-д шилжүүлэн олгосон байна. Мөн дээрх тушаалаар “Ай-Ёо” брэндэд 278.8, АШУҮИС-ийн Анагаах ухааны хүрээлэнд 28.3, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 17.9 сая төгрөг олгожээ. Эдгээрийн зарцуулалт ч тодорхойгүй. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэггүй буюу гэр ахуйн цахилгаан бараа худалддаг “Ай-Ёо” брэндэд санхүүжилт олгосон нь сангийн дүрэм, журамд нийцэхгүй байна. Түүнчлэн “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-д HOPE нэртэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь зориулж 21.7 сая төгрөг өгсөн. Үүний үр дүнд цахимаар 10 000, танхимаар 700 гаруй хүнд сургалт явуулсан гэх боловч түүнийг нь нотлох баримт байхгүй. Эдгээр нь Үндэсний аудитын газраас дээрх сангийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд тусгасан зөрчил. Дээрх баримтуудыг харвал сангийн хөрөнгийг ЭМЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулдаг тусгай мэргэжлийн төвүүд, харьяа сургууль зэргээр дамжуулан угаадаг байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа юм.
Засгийн газрын тусгай сангуудын хулгай, хууль бус зарцуулалтын мэдээллүүдийг эхнээс нь олон нийтэд ил болгосоор байгаа ч иргэд Эрүүл мэндийг дэмжих санг яаралтай “илчлэх”-ийг хатуу шаардсаар буй юм. Иргэдийн амьдрал доройтохын хэрээр өвчний улмаас харь орныг зоригсдын олонх нь эмчилгээний төлбөрөө хандиваар арайхийн цуглуулдаг буруу жишиг тогтоод удаж байгаа. Тиймээс иргэд Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийн тайлан, гүйцэтгэл, зарцуулалтыг ил тод болгож, өвчтэй хүмүүсийн эмчилгээний төлбөрт энэ сангаас дэмжлэг үзүүлэхийг төр, засгаас давхар шаардах болсон юм. Гэхдээ эл санг анх байгуулахдаа зорилго, чиглэл, санхүүжилтийг нь иргэдийн эмчилгээ, үйлчилгээнд зориулахааргүйгээр журамлажээ. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3-т заасны дагуу сангийн хөрөнгийг халдварт болон халдварт бус өвчин, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт зарцуулна гэжээ. Дээрх зорилгыг харвал өдгөө манайд хэрэгжүүлбэл зохих нэн шаардлагатай арга хэмжээнүүд яах аргагүй мөн. Ийм зорилготой сан үйл ажиллагаа явуулаад хэдийн 10 гаруй жил өнгөрсөн ч дээр дурдсан зорилгуудын аль нь ч биелээгүй байгаа нь харамсалтай. Ганц жишээ дурдахад, орчны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх нь битгий хэл, энэ чиглэлд манай улс нэг ч шат ахисангүй.
Б.ТУЯА: ЖИЛД ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа. ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа дараах тайлбарыг өгсөн юм.
-Эрүүл мэндийг дэмжих санг ямар зорилгоор байгуулсан бэ. Сангийнхан улирал тутам төсөл шалгаруулдаг гэсэн. Хэдэн төсөл хүлээн авч, хэчнээнийг нь шалгаруулдаг юм бол?
-Санг 2006 онд байгуулсан. Гол зорилго нь эрүүл мэндийн мэдлэг, сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажил зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нийт 25 сангийн үйл ажиллагааг зохицуулдаг. Тэдгээрийн нэг нь Эрүүл мэндийг дэмжих сан. Үүний хүрээнд сангийн санхүүжүүлэх төслийн санал, чиглэлүүдийг тодорхойлсон байгаа. Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулж, хянаж байгаа. 2006 онд байгуулснаас хойш жилд нэг л төсөл шалгаруулдаг байсан. Тэгвэл Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор улирал тутам буюу жилд дөрвөн удаагийн сонгон шалгаруулалт явуулж байна. Тухайн улирлынхаа эхний 20 хоногт багтаан Эрүүл мэндийн яамны сайтад сонгон шалгаруулалт зарладаг.
-Төсөлд ямар шалгуурууд тавьдаг бол. Үр дүнгээ хэрхэн хянадаг вэ?
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд долоон чиглэлийг заасан байгаа. Засгийн газрын 323 дугаар тогтоолд бас нэмэлт шалгуур оруулсан. Хамгийн гол нь төрөөс эрүүл мэндийн талаар баримталж буй бодлогууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, чиглэлтэй уялдсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Өмнө нь явцын хяналт шалгалтыг хийж ирсэн. Энэ онд сайдын тушаалаар Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг зохицуулах журам батал-сан. урмын дагуу шалгарсан төслүүдэд санамсаргүй тохиолдлоор явцын хяналт хийнэ. Мөн гүйцэтгэлийн болон санхүүгийн анхан шатны тайлан дээр хяналт шалгалт хийх зохицуулалтууд бий.
-Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн төсөлд хэчнээн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?
-Жилд гурван тэрбум төгрөг зарцуулдаг. 2008 оноос хойших санхүүжилтийг шилэн болгохоор ажиллаж байна. Энэ санг 2015 онд татан буулгаад, 2017 онд дахин сэргээсэн. Улсын төсвөөс жил бүр гурван тэрбум төгрөг хуваарилж ирсэн. Харин 2023 оны төсөв буурч, 2.1 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр шалгаруулахаар байна. Сонгон шалгаруулалтын бүх мэдээллээ нээлттэй зарлана. Яамны сайтад “Эрүүл мэндийг дэмжих сан” нэртэй цонх үүсгэсэн. Тэр цонхноос тендерт ирүүлсэн бүх материал, мэдээллийг харж болно. Харин энэ оны эхний улирлын сонгон шалгаруулалтыг сайд хараахан батлаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Гадаадад эмчлүүлэхээр болсон иргэдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог гэж үнэн үү?
-Гадаад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодоггүй.