Монголын үндэсний бөхийн холбоо SPS телевизтэй хамтран “Үндэсний алтан цом”-ын төлөөх тэмцээнийг 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулж буй. Тойргоор өрсөлдөх цуврал тэмцээний эхний шатны барилдаан өндөрлөж, дараагийн шатанд өрсөлдөх 16 багийн нэр тодорлоо. Сүүлийн өдрийн барилдаанд Дорнод аймгийн бөхчүүд Ховдын багийнхантай учраа таарсан юм. Ховд аймгийнхан өрсөлдөгчөө 21:4-өөр ялж, шөвгийн 16 багийн нэг боллоо. Тус аймгийн багт улсын аварга О.Хангай (таван даваа), улсын заан Б.Пүрэвсайхан (дөрөв), улсын начин Б.Сосорбарам (гурав), аймгийн хурц арслан Б.Баянмөнх (дөрөв), аймгийн арслан Ц.Төмөрцоож (тав) нар багтсан байв. “Үндэсний алтан цом”-ын төлөөх тэмцээний хоёрдугаар шатны барилдаанд нийслэлээс Баянгол, Баянзүрх, Багануур дүүрэг, Улаанбаатар хотын багийнхан шалгарчээ. Орон нутгаас Ховдоос гадна Увс, Сүхбаатар, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговь аймгийн бөхчүүд хүч сорих юм.