Биллиардын “World blackball championships 2022” ДАШТ Францын Алби хотод боллоо. Тус тэмцээнд 18 орны 580 гаруй тамирчин оролцов. Манай улсаас “Метро пүүл” клубийн тамирчин Ш.Энхцэцэг ДАШТ-д өрсөлдөж, V байр эзэллээ. Тэрбээр эхний шатанд Мадагаскар улсын Олинцоа Холитяныг 5:2-оор буулган авч, шилдэг 64-т үлджээ. Дараагийн шатанд эзэн орны Эллен Ле Ройг 5:3-аар илүүрхэн, 32-т шалгарсан байна. Улмаар шилдэг 16-д Уэльсийн тамирчин Сэм Стинийг мөн 5:3-аар хожжээ. Харин дараагийн тоглолтод Австралийн Жой Салливанд 5:2-оор ялагдан, тэмцээнээ өндөрлүүлж, V байр эзлэв. Тэрбээр шилдэг тавд шалгарсан амжилтаар ОУХМ цолны болзол хангажээ.