Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээн Египетийн Каир хотод энэ сарын 12-нд эхэлсэн. “Каир-2022” тэмцээний олимпын дасгал тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад “Парис-2024” наадамд оролцох эрх олгох тул өрсөлдөөнтэй болох нь эргэлзээгүй. Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх олгодог байсан журмаа Олон улсын буудлага спортын холбоо өөрчилж, зөвхөн тив, ДАШТ-ээс олимпын эрх олгох болсон. Энэ удаагийн тэмцээнд Монголын буудлага спортын шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлагад цэц сорихоор Египет улсыг зорьжээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны дасгалд хоёр, эмэгтэйчүүдийн төрөл болон холимог багийнхад тус бүр гурван тамирчин цэц сорино.
Тэгвэл 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд эрэгтэйчүүдээс хоёр, эмэгтэйчүүдээс мөн гурван тамирчин оролцоно. Сонирхуулахад, 50 метрийн хэвтээгээс буудах дасгалд холимог багийн төрөлд аав, охин, бас багш, шавь болох Ж.Ганхуяг, Г.Нандинзаяа нар оролцох юм. Тэдний хувьд тун ховор завшаан, түүх болж үлдэх нь. 25 метрийн спорт болон стандарт гар бууны дасгалд дасгалжуулагч Ж.Ганхуяг, Л.Ундралбат нар шилдэг тамирчдаа сойхоос гадна өөрсдөө ч тамирчны хувиар галын шугам дээр ч зогсох нь. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат өнгөрсөн сард болсон Бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд “форм” сайтай байгаа. Энэ удаагийн ДАШТ-ий хөтөлбөрт 25 метрийн олимпын рапид (хурдан буудлага) холимог багийн төрөл, мөн том калибрын гар бууны дасгал шинээр оржээ. Эмэгтэйчүүдээс Т.Баярцэцэг, Ц.Мөнхзул, Э.Хишигдэлгэр нар мэргэн бууч уг төрөлд өрсөлдөнө. Медалийн төлөөх өрсөлдөөн манай гурван буудагчийн дунд өрнөх магадлалтай. Тэгвэл 50 метрийн эмэгтэйчүүдийн дасгалд манайхан анх удаагаа оролцох гэж байна. Буудлага спортын ДАШТ-ээс Монголын тамирчид тус бүр нэг алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. ДАШТ-ий түүхэнд медаль хүртсэн 75 орноос Монгол Улс 54 дүгээр байрт жагсдаг.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин