Малайзын баруун хойд эргээс 30 км-ийн зайд орших аялал жуулчлалын бүс нутаг болох Лангкави аралд “Tour de Langkawi-2022” мэргэжлийн дугуйн олон өдрийн ДАШТ үргэлжилж байна. Энэ сарын 18-нд өндөрлөх уг тэмцээнд өндөр зэрэглэлийн “World tour”, “Pro tour” багийн тамирчид хурд сорьдог. Тэмцээнийг 1996 онд анх тус арлын нэрээр нэрлэснээс хойш өдгөө 27 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй. Тив, дэлхийн шилдгүүд өрсөлддөг уг уралдаанд Монголоос 2007 онд Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших агсан оролцож байжээ. Энэ удаагийнхад “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хурд сорьж байна. Тэрбээр 35 орны 20 багийн 117 дугуйчинтай өрсөлдөж байгаа. Тамирчид 1100 км замыг найман өдөрт туулж, аваргаа тодруулах нь.