Сонгуулийн жил
Халаагаа өгч буй оныг дэлхий дахинаар ийн нэрлэв. Хэвлэлд мэдээлснээр дэлхийн 200 гаруй улсын 60 илүү нь буюу дөрвөн тэрбум хүн оршин сууж буй газар нутагт сонгууль боллоо. Эдний дотор нэрийг нь дурдалгүй орхиж боломгүй Энэтхэг, АНУ, Орос, Британи, Индонез, Пакистан, ӨАБНУ, Европын Холбоо зэрэг томоохон улс, эвсэл байлаа. Товчлон хэлэхэд, эднээс АНУ, Орос, Ираны Ерөнхийлөгчийн, Энэтхэг, Франц, Европын Холбооны парламентын сонгуулиуд илүүтэй анхаарал татсан гэж хэлж болно.
45 дахь Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Дональд Трамп нэг өнжөөд АНУ-ын 47 дахь Төрийн тэргүүнээр сонгогдож, ирэх сарын 20-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. ОХУ-д Владимир Путин тав дахь удаагаа улиран сонгогдож, Иранд эмч мэргэжилтэй хүн шинээр Ерөнхийлөгч боллоо. Венесуэл, Гүрж зэрэг улсын сонгогчид, олон түмэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байв. Энэтхэгт болсон парламентын сонгуулийг хамгийн нүсэр гэж хэвлэлүүд тэмдэглэсэн нь зүй ёсных, энэ сонгуульд 642 сая хүн оролцож, хоёр сар шахам үргэлжилсэн юм чинь. Ерөнхий сайд Нарендра Модигийн нам ялж, тэрбээр гүйцэтгэх засаглалыг одоо гурав дахь удаагаа тэргүүлж байна. Францын парламентын сонгуулиар нэг ч нам авсан суудлын тоогоор олонх болсонгүй.
Европын Холбооны парламентад баруунтнууд хүч түрэн орж ирлээ. Хатагтай Урсула фон дер Ляйен Европын комиссын даргын суудалдаа хэвээр үлдэв.
Монгол Улс Олон улсын шүүхийн дүрмийг баримтлав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг цэргийн гэмт хэрэгтэн хэмээн үзэж баривчлах шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүх гаргаснаас хойш тэрбээр Халхын голын дайны ялалтын түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилсан нь дэлхий дахины анхаарлыг татав.
“Путинийг заавал баривчлах үүргээ Монгол Улсын Засгийн газар биелүүлээгүй нь Олон улсын эрүүгийн эрхийн тогтолцоонд хүндхэн цохилт боллоо. Гэмт хэрэгт буруутгагдсан этгээдийг үнэний шүүхээс зайлсхийх бололцоо олгосноор түүний үйлдсэн цэргийн гэмт хэргийг Монгол Улс хуваалцахад хүрлээ. Энэ нь Улаанбаатарт уршигт үр дагавартай байх тухайд бид түншүүдтэйгээ ажиллах болно. Гэмт хэрэгтний аюулгүй байдалд баталгаа өгч буй нь дэлхийн эрх зүйн тогтолцооны мөн чанарыг гутаасан, ардчилсан орны үнэт зүйлийг зөрчиж буй хэрэг” гэж Украины тал үзэв.
Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Путин хилийн чанад руу тун цөөн явах болсон бөгөөд түүний очсон орнууд нь Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөгүй байжээ. Эднээс ялгаатай нь Монгол Улс тус шүүхэд 2002 онд элссэн байв. Нийтлэгч Игорь Эйдман “Америкийн дуу хоолой”-гийн Оросын албаны сурвалжлагчтай ярилцахдаа “Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад ч очиж чадахаа Монголд хийсэн айлчлалаараа Путин нотлохыг хичээлээ. Монгол бол нам-улс төрийн чанд өрсөлдөөнтэй, нэлээд ардчилсан улс. Оросын ердийн нэг түнш биш. Хятад, Азербайжан юм уу, Төв Азийн улсуудтай огт адилгүй. Путин өгөөмөр хандаж байж өөрийг нь хүлээн авах, аюулгүй байдлыг нь хангах баталгааг Улаанбаатараас олж авч чадсан” гэж хэлсэн байна. Путинийг баривчлах шийдвэр гаргасан Олон улсын шүүхийн гишүүн орнууд уг шийдвэрийг хэрэгжүүлэх нь урьд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг, тухайн улсын төлөөлөгчийн дипломат халдашгүй байдлыг зөрчихөөр байвал хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж болох тухай тус шүүхийн дүрэмд заасан байдаг аж. Манай улсын баримталсан байр суурь чухам энэ заалтад нийцэж байгаа юм.
Асадын дэглэмийн уналт
Сирид 50 гаруй жил ноёрхсон Асадын удмын ганцаар захирах харгис дэглэм унав. 1971 оноос Сирийг захирч байсан Ерөнхийлөгч Хафез Асад 2000 онд нас барахад хүү Башар Асад суудалд нь очсон юм. “Арабын хавар” нэрээр тус бүс нутгийн хэд хэдэн оронд өрнөсөн үйл явдлын салхиар Сирид 2011 онд иргэний дайн дэгдээд энэ улс, ард түмнийг саяхан болтол туйлдуулж байсан. Гэтэл өнгөрсөн сарын эцсээр “Хайят Тахрир аш-Шам” хэмээх бүлэглэлийн толгойлсон исламын эвсэл Башар Асадын дэглэмийн хяналтад байсан газар нутаг руу довтолж хэдхэн хоногийн дотор нийслэл Дамаск болон томоохон хотуудыг төвөггүй эзлэв. Энэ үед Ерөнхийлөгч Башар Асад нь нэгэнт эх орноосоо гарч ОХУ руу зугтсан байлаа. Түүний гол холбоотон Иран, Орос, Ливаны “Хезболла” хөдөлгөөн энэ үед Израил, Украины дайн гээд Сирийг анхаарах завгүй байв.
Асадын дэглэмийг унагасан хүчин Сирид шилжилтийн Засгийн газар байгуулах ажилд гол анхаарлаа хандуулж “ардчилал, шударга ёсонд тулгуурласан, бүх сири хүний эрхийг баталгаажуулсан шинэ Сири улсыг байгуулна” гэж мэдэгдээд байгаа. Ташрамд сонирхуулахад, Сирид байгаа хязгаарлагдмал тооны цэрэг, зэвсгээ Орос, Америк улсууд даруй татаж авахгүй янзтай, тэгэхээр энд тэдний тодорхой эрх ашиг бий бололтой хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
Байдены шийдвэрт Умард Солонгос нөлөөлөв
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацаа нь дуусдагийн даваан дээр Киевийн олон сарын гуйлтын хариуг өгч холын тусгалтай пуужингаар Оросын нутгийн гүнд цохилт өгөхөд тавьсан хоригоо цуцлав. Орост туслахаар Умард Солонгос цэргээ Курск руу илгээсний хариу болгож Байден ийм шийдвэр гаргасан байна. “Оросын нутгийн гүнд пуужингаар цохилт өгвөл дайнд НАТО шууд оролцож буйн илэрхийлэл болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Украины эсрэг Оросын талд байлдаж байгаа Умард Солонгосын 11 мянган цэргээс 100-гаад нь амиа алдсан сурагтай. Бас орос хэлний бэлтгэл, мэдлэг муугаас солонгосчууд Чечений цэргүүдээс устгачихсан гэх мэдээлэл бий. Умард Солонгос 1.2 сая цэрэг бүхий армитай бөгөөд тусгайлан бэлтгэгдсэн “Шуурган корпус”-ын цэргүүдээ Орост ирүүлсэн бол Украин тэднийг басаж болохгүй гэж сэрэмжлүүлсэн үгс ч дуулдаж байна. Түүнээс гадна Украины эсрэг тулалдаж бэлтгэлтэй болсон цэргийг Өмнөд Солонгосын эсрэг ашиглах вий гэх болгоомжлол ч бий гэнэ. Орос хариуд нь цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж, пуужингийн технологио сайжруулахад нь Умард Солонгост тусалж байж болзошгүй хэмээн Америкийн тал хардаж буй аж.
Бид улам харгис болж байх шиг
Өнгөрч буй онд дэлхийн улс орнууд харгис хэрцгий олон аллагатай нүүр тулгарав. Эхнийх нь он дөнгөж гармагц Иранд тохиосон. “Исламын улс” хоёр удаа дэлбэлэх ажиллагаа үйлдэж, 94 хүний хүний амь хөнөөлөө. ОХУ-ын Дагестанд Махачкала, Дербент хотуудад хоорондоо уялдаа холбоотой дэлбэрэлт хийж 30 орчим хүний аминд хүрч, 50 шахам иргэнийг шархдуулав. Бангладеш улсад төр засгийн тогтолцоог өөрчлөхийн төлөөх хөдөлгөөний явцад 75 хүн амиа алдаж, Засгийн газар нь хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлав.
Буркина-Фасо улсад “Аль-Кайда”-тай холбоо сүлбээтэй лалын шашинтнуудын үйлдсэн алан хядах ажиллагаанд 600 жирийн иргэн өртөж амиа алдав. Пакистанд амиа золиослогч алан хядагч төмөр замын нэг өртөөн дээр дэлбэлэх ажиллагаа үйлдэж дор хаяж 26 хүний амийг хөнөөлөө. Мөн тус улсын Пешавар мужид алан хядагчид лалын шашинтай шийтүүдийн сууж явсан машиныг отож байгаад 50 шахам хүний аминд хүрэв.
Нигерийн Брно мужид дэлбэлэх үйлдэл гурван удаа хийж, 30 хүний амийг хохироов. Британид хэт баруун үзэлтнүүд эмх замбараагүй байдал дэгдээж, хүйтэн зэвсгээр олон хүний амь бүрэлгэв. Ингээд тоочооод байвал багагүй тоо гарах төлөвтэй.
Огцруулж ч мэдэх ойворгон шийдвэр
Улс орондоо онц байдал тогтоох гэсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын оролдлого бүтэлгүйтэж энэ сарын 3-ны орой парламент нь түүний саналыг дэмжсэнгүй. Тэрбээр гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг ард түмэндээ тайлбарлахдаа “Умард Солонгосоос учруулж болзошгүй коммунист хүчний аюул”-аас Үндсэн хуульт дэглэмээ хамгаалахын тулд авах зайлшгүй арга хэмжээ нь онц байдал тогтоох явдал гэж үзсэн” хэмээн хэлсэн. Түүний хэлснээр учирч болох аюул Умардаас төдийгүй даруй таслан зогсоовол зохих дотоодын “төрийн эсрэг элемент”-үүдээс ч эхтэй аж. Гэтэл эрх баригч нам нь ч, сөрөг хүчин нь ч дайны байдал тогтоохыг зөвшөөрсөнгүй. Ерөнхийлөгчийн өөрийн “Ардын хүч” намын дарга Хан Дон Хун ч иргэдтэйгээ хамтран Юн Сок Ёлын санаархлыг зогсооно хэмээн маш шулуухан, тун хатуу хэлэв.
Ерөнхийлөгч Юн Сок Ёлын нэр хүнд олон түмнийхээ дунд маш доогуур, 20 гаруйхан хувьтай байна. Өнгөрсөн хавар болсон парламентын сонгуулиар 300 суудлын175-ыг нь сөрөг хүчин авч, “Ардын хүч” нам 108 суудал авч цөөнх болсон нь үүнийг давхар гэрчилсэн юм. Тэр үед Ерөнхийлөгчөө “Доголон нугас болголоо, удахгүй үхсэн нугас болгоно” гэж дээд түвшинд ярьж байсан гэдэг.
ХАМАС өдөөж Израил өргөжүүлсэн дайн
Зоргоор авир нь хэтэрсэн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг эсэргүүцсэн олон түмний эрмэлзлийг ХАМАС-тай үүсгэсэн дайн улам өдөөв. Тэгэхдээ уг дайныг Израил биш ХАМАС өдөөснийг бид мэднэ. Энэ үйлдлийг нь далимдуулж барьцааны хүмүүсээ суллаж авах нэрээр түүнийг бүрмөсөн устгах гэж Израил улайраад байгаа юм. Энэ дайн эхлээд нэг жил гаруй боллоо. АНУ, Египет, Катарын зуучлалаар Израил, ХАМАС-ын гал зогсоох хэлэлцээр Каирт болсон юм. Гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах талаар наймдугаар сарын дундуур Доха, Каир хотуудад бас хэлэлцээ болов. Энэ асуудалд НҮБ анхаарлаа хандуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нь Гаазын зурвас дахь байлдаанаа зогсоож, барьцааны хүмүүсийг суллахыг уриалав. Гэтэл Нетаньяху “Гаазын зурвас дахь дайн дуусахгүй. Барьцааны хүмүүсийг гэртээ иртэл бүхий л хүчээр тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсээр өнөөг хүрч байна. Энэ завсар Израил ийш тийшээ их үсчиж байлаа. “Хезболла” бүлэглэлд цохилт өгөх нэрээр Ливаныг агаараас бөмбөгдөв. Сирийг бас бөмбөгдлөө. Тегеранд цохилт өгч ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханияг бие хамгаалагчийнх нь хамт устгав. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант “Сүүлийн 11 сарын хугацаанд Израил улс долоон фронтод довтолгоонтой тулгарч, тулалдлаа” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа сайрхаж байлаа. Энэ хүн Ерөнхий сайдтайгаа санал нийлэхээ больсноос халагдсан. Олон хүний аминд хүрсэн энэ дайн хэзээ дуусахыг хэлэхэд төвөгтэй байна.
Ливаны III дайн эхлэх нь энэ үү
Ойрхи Дорнодод байдал тун эвгүй, дайн үүсэхэд ч бэлэн болов. Ийм байдалд нөгөө л Израил хүргэв. Ахуйн техник ашиглаж алан хядах довтолгоон эхлүүлээд дараа нь Өмнөд Ливаныг бүхэлд нь пуужингаар харвав. Удалгүй Ливаны бүх нутаг дэвсгэрт Израилын нисэх хүчин цохилт өглөө. Израил, “Хезболла”-гийн хооронд үүссэн байлдааны ажиллагаа тус бүс нутагт шатлан өргөжих аюултай гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гаргасан мэдэгдэлд өгүүлэв. “Ливаныг бас нэг Гаазын зурвас болгохыг зөвшөөрөхгүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэв. “Бид Хезболлатай л байлдаж байгаа” гэж Нетаньяхугийн хэлээд байгаа энэ түрэмгий үйлдэл Ливаны энгийн хүн амд гамшиг болсон юм. “Хезболла” үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог 30 мянга орчим дайчинтай, нөөцөд нь 20 мянга шахам хүн байдаг. Израилын хотуудыг устгах чадалтай 120-200 мянган пуужинтай гэж үздэг. Израилын умард нутагт оршдог Ерөнхий сайдынх нь гэр лүү нисгэгчгүй төхөөрөмж харвасан гэж мэдээлж байсан удаа бий. “Хезболла”-гийн дээд командлалын 10 гаруй хүн алагдаж, харилцаа холбооны хэрэгслүүд, нөөц нь ч устгагдсан. Энэ бүлэглэлийг олон жил удирдсан Хасан Насраллаг Израил устгасныг Ираны дээд удирдагч аятолла Али Хаменей “зүгээр өнгөрөөхгүй” гэж хэлэв. Ираны төрийн аливаа хэрэгт сүүлчийн үгийг энэ хүн хэлдэг гэдэг юм. Дэд ерөнхийлөгч Реза Ареф нь “Энэ явдал Израилыг устгахад хүргэнэ” гэж мэдэгдсэн. Ойрхи Дорнод даяар шүдээ хүртэл зэвсэглэсэн Ираны цэргүүд байгаа. Израил ч байлдааны ажиллагаагаа зогсоох төлөвгүй байна. Хэвлэлүүд мэдээлж байснаар Ливаны III дайн эцсийн шатандаа орж байгаа аж.
Барууныхан дайныг зориуд сунжруулж буй гэж Орос үздэг
ОХУ “цэргийн тусгай ажиллагаа” хэмээх Украин руу довтолсон үйлдлээ 2022 оны хоёрдугаар сард эхэлснээр гурав дахь оноо дуусгаж байна. Энэ ажиллагаа ер намжсангүй, төгсгөл нь ч одоо харагдахгүй байна. Украин руу довтлох хэд хэдэн үндэслэл байсан гэж оросууд хэлдэг. Тэдгээр дотор орос хэлээр ярьдаг хүн амаа их дарамталж байсан гэх шалтгаан ордог. Мөн Барууны орнуудаас Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, энэхүү зэр зэвсгийг Донбассын оршин суугчдын эсрэг улам идэвхтэй ашиглах болсон байна. Донбассын мөргөлдөөнийг маш богино хугацаанд энхийн замаар шийдвэрлэхээр амласны хүчинд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан В.Зеленский ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс гарахдаа “Украины тусгаар тогтнолын тухай тунхаглал”-д заасан төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх статустай улс болох амлалтыг үл хайхарсан төдийгүй цөмийн зэвсэгтэй болох талаар ярьж эхэлсэн аж. Аюулгүй байдлын баталгаа гаргах саналыг 2021 оны сүүлээр Орос улс гаргаж АНУ болон НАТО-д илгээсэн ч тэд НАТО болон түүний дэд бүтцийг ОХУ-ын хил хүртэл ахиулах, 2008 онд Бухарестийн дээд хэмжээний уулзалтын шийдвэрт тусгагдсан Украиныг тус эвсэлд элсүүлэх боломжийн талаар Москвагийн санаа зовинолыг үндэслэлгүй хэмээн үгүйсгэжээ. Энэ нь олон жилийн аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ, тэр дундаа цэргийн арга хэмжээ авахаас өөр гарцгүй байдалд Оросыг оруулжээ. Энэхүү аюул заналхийлэлд Украин улс онцгой үүрэг гүйцэтгэх болжээ. 2022 оны гуравдугаар сарын эцэс гэхэд аль аль талдаа тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад Киев бэлэн байтал Барууны орнууд хөндлөнгөөс оролцож, гэрээ хэлэлцээрээ цуцлахыг Украины эрх баригчдаас шаардаж, өдгөө сөргөлдөөнийг сунжруулахын тулд бүхнийг хийж, зэвсэг, тагнуулын мэдээлэл зэргээр хангах ажлаа нэмэгдүүлж байна гэж Оросын тал үзэж байна. Оросыг сулруулах, цэрэг, улс төрийн болон эдийн засгийн салбар дахь ноцтой өрсөлдөгчийн тооноос түүнийг хасах Барууны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талбар болгож Украиныг ашиглахаар зорьж буй гэж үзэх тоймч, шинжээч сүүлийн үед олширч байгаа. Оросыг ч, Украин хийгээд Барууныхны хүлээн авах боломжгүй болзол тавьж дайныг зогсооход дэгээ тавьж буй гэж шүүмжилдэг.
Францад гурав дахиа болсон зуны ХХХIII олимп
Хүн төрөлхтний спортын ээлжит их баяр цэнгэл зуны 33 дугаар олимпын тоглолт Франц улсад долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд боллоо. Урьд нь 1900, 1924 онд энэ хотод зуны олимп бас болж байсан юм билээ. Энэ удаагийн тоглолтод 206 улсын 10.5 мянган тамирчин өрсөлдсөн, Орос, Беларусын тамирчдыг багийн тоглолтод оруулсангүй. Африкаас 54, Европоос 48, Азиас 44, Америкаас 41, далайн орнуудаас 17 үндэсний шигшээ баг тамирчдаа илгээжээ. 2020 оны тоглолтыг өнжсөн Умард Солонгос тамирчдаа ирүүлэв. Авсан медалийн тоогоор эхний аравт орсон улсыг үзүүлбэл:
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Бүгд
1 АНУ 40 44 42 126
2 Хятад 40 27 24 91
3 Япон 20 12 13 45
4 Австрали 18 19 16 53
5 Франц 16 26 22 64
6 Нидерланд 15 7 12 34
7 Британи 14 22 29 65
8 БНСУ 13 9 10 32
9 Итали 12 13 15 40
10 Герман 12 13 8 33
Сонирхуулахад, медаль авсан, шагналт байр эзэлсэн тамирчдаа Итали 10.7 сая, Франц 9.4, АНУ 8.3 сая ам.доллароор урамшуулжээ. Алтан медальтандаа хамгийн их мөнгийг (доллар) Хонконг (768 мянга), Израил (268 мянга), Итали (196 мянга), АНУ (37.5 мянга) өгсөн байна.