126 гишүүнтэй парламент ба орон нутгийн сонгууль
2024 он сонгуулийн жил байлаа. УИХ-ын болон орон нутгийн сонгууль дараалан болж, шат шатны төлөөллөө бид шинэчлэв. Парламентын сонгуулийг шинэчилсэн хуулиар зохион байгуулсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ынхыг хуучнаар нь хийсэн юм. УИХ-ын 2024 оны сонгууль хэд хэдэн онцлог зүйлээрээ түүхэнд бичигдэн үлдэж байна. Сонгуулийн холимог тогтолцоог хоёр дахиа хэрэглэж, парламентад анх удаа 126 гишүүн сонголоо. Мөн 3-4 аймгийг нийлүүлж, бүсчилсэн, том тойргоор сонгуулийг зохион байгуулав. Тойргоос 78, намын жагсаалтаар 48 гишүүн сонгохдоо хүйсийн тэнцвэрийг ахиулахад ч багагүй дэвшил гаргасан юм. Нийт тойрогт өрсөлдөгчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх квотыг олон жилийн дараа мөн л анхлан хэрэглэж, намын жагсаалтад хүйсээр сөөлжүүлэхийг хуульчилсны дүнд УИХ-д 32 эмэгтэй сонгогдоод байна. Ийнхүү парламентын 25.3 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлсэн нь бас л анхны тохиолдол болов. Гэвч уг дэвшилт заалтаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь ялгаварласан үйлдэл болсон юм.
Парламентын гишүүний тоог 50-иар нэмсэн тул нэр дэвшигчдийн тоо ч хамгийн олон байв. Уг сонгуульд 19 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 1341 нэр дэвшигч өрсөлджээ. Нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 1.4 сая нь саналаа өгч, улсын хэмжээнд ирц 70 хувийг шүргэжээ. Сонгогчдын 35 хувь нь МАН, 30 хувь нь АН-д саналаа өгсөн байна. Тавхан хувийн зөрүү мэт харагдавч үр дүнд нь МАН парламентад 68, АН 42 суудал авсан юм. Нэг ийм “гажуудал” нь сонгуулийн системээ шинэчлээд ч өөрчлөгдсөнгүй. Улмаар ХҮН нам найм, ИЗНН болон Үндэсний эвсэл тус бүр дөрвөн төлөөлөлтэй болжээ. Найман жилийн турш үнэмлэхүй олонх байсан МАН-ыг унагаж дөнгөсөнгүй. Тэд ч байр сууриа хамгаалах хууль, эрх зүйн олон өөрчлөлт хийснийхээ үр дүнг амслаа. Хэдийгээр олонх болсон ч МАН-аас АН, ХҮН намыг Засгийн газартаа урив. Мөхөж буй ардчиллаа аврах сэтгэлээр нийт сонгогчийн 30 хувь нь АН-д итгэж санал өгсөн ч тус намын удирдлагууд хүчтэй сөрөг хүчин байхын оронд эрх мэдэл хуваалцах сонголт хийсэн юм. Ингээд хамтарсан Засгийн газар бүрдлээ. АН найм, ХҮН хоёр сайдын албан тушаал “хүртэв”. Холимог тогтолцоо, хууль, эрх зүйн шинэчлэлийн үр дүнд парламент дөрвөн нам, нэг эвслээс бүрдсэн ч 113 гишүүнтэй “бүдүүн бүлэг” байгуулагдаж, сөрөг хүчингүй олонх л бий болоод байна.
Үүний дараа буюу аравдугаар сарын 11-нд өрнөсөн орон нутгийн сонгуульд нийт 10 нам, хоёр эвсэл, бие даагчдаас бүрдсэн 17 278 хүн 8031 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдсөн юм. Хүчтэй сөрөг хүчин байна гэж итгэж санал өгтөл эрх мэдэл хуваагаад авчихсан тул АН, ХҮН намынханд сонгогчид дүнгээ тавих нь тэр. МАН-ынхан 14 аймгийн ИТХ-д олонх болж, нийслэлийн ИТХ-д үнэмлэхүй ялав. АН нийслэлийн ИТХ-д ердөө таван төлөөлөлтэй болжээ. Харин ХҮН нам уг сонгуульд бүрэн утгаараа ялагдаж, зөвхөн Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн ИТХ-д тус бүр нэг төлөөлөлтэй болсон. Хэдийгээр итгэл алдсанд нь сонгогчид гомдсон ч ардчиллын төлөөх найдвар нь унтраагүйг зарим үр дүн бас харуулсан билээ. Байнга “улаан” сонголт хийдэг Хэнтий, Төв аймгийн ИТХ-д АН олонх болсон нь салхи эргэснийг илтгэсэн юм.
Нөгөө талаар орон нутгийн сонгуульд ирцийн босго байдаггүй нь, төлөөллийн зарчмыг алдагдуулсан нь нууц биш. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 53.1 хувь байлаа. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 1 004 671 сонгогч бүртгэгдсэний 42 хувь нь буюу 420 мянган хүн л саналаа өгчээ. Тэдний 90 хувийн саналаар МАН нийслэлийн ИТХ-д олонх болж, 40 суудал авсан. Гэвч хотын хүн амын 25 хувийн саналаар л МАН нийслэлийг удирдаж буй нь энэ.
Х.Нямбаатарын коммунист шийдвэрүүд
Х.Нямбаатар гэдэг коммунист даргаар хотоо удирдуулсны горыг нийслэлчүүд бид яс махандаа тултал амссан нэг жил өнгөрлөө. Ялангуяа хүч түрсэн, захиргаадалтын шийдвэрүүд нь иргэдийг бухимдуулж, туйлдуулж байна. Уг нь бид ардчилсан улсад амьдраад буй атал дарга нарын “хориг”-т дарлуулж, эрх, эрх чөлөөгөө боомилуулж амьдрахад хүрлээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан сарын битүүний өдөр буюу үндэсний баяраа тэмдэглэх гээд иргэдийн анхаарал сарнисан үед нийслэлийн ИТХ хэд хэдэн журам, тогтоол баталсан. Түүний дотор Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоох шийдвэр багтаж байв. Х.Нямбаатарын санаачлан батлуулсан уг тогтоолын уршгаар Улаанбаатарт автомашины улсын дугаарын далд бизнес цэцэглэлээ. Улмаар үнэгүй байсан дугаарын үнэ сая төгрөгөөр хэмжигддэг болов.
Цаашлаад орон нутгийн дугаартай автомашинуудад “хориг тавьж”, нийслэлд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр зохицуулаад байна. Дээрх шийдвэрүүд нь хүний эрхийг илт зөрчсөнийг олон нийт эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан ч үр дүнд хүрсэнгүй. Хотын дарга ч тоосонгүй. Тэр бүү хэл, тэрбээр дараагийн алхмаа хийж, автомашины хоёр төрлийн татварыг нэмэх санаачилга гаргаж, түүнийгээ нийслэлийн ИТХ-аар дэмжүүлэн батлуулчихлаа. Алхах замгүй, хүртээмжгүй нийтийн тээвэртэй нийслэлийн иргэд автомашин унах эрхээ ийнхүү хязгаарлуулав. Хотын дарга иргэдийнхээ тав тухыг алдагдуулж, эрхэд нь илт халдсан ийм тохиолдол манайд өмнө нь гарч байсангүй. Харамсалтай нь, хотын удирдлагууд захиргаадалт, дарангуйллын шинж чанартай шийдвэрүүдээ иргэдийн эрх ашгийн төлөө гаргасан гэх суртал ухуулгаар олон нийтийн тархийг угаасаар байгаа. Энэ маягаараа ирэх жил бид алхах ч эрхгүй болох юм биш биз дээ.
Төрийн, түүхэн айлчлалын буухиа
2024 он Монгол Улсын гадаад харилцаанд онцгой дэвшилтэй, манай орныг олон улсын анхаарлын төвд оруулсан жил болов. Өмнө нь манай улсад жилдээ 1-2 төрийн айлчлал болдог байсан бол энэ онд давтамж нь эрс нэмэгдэж, түүхэндээ анх удаа хамгийн олон, хүндтэй зочин хүлээн авлаа. Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын буухиаг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер эхлүүлсэн бол дараа нь Беларусь, Швейцар, Словени, Лаос улсын Төрийн тэргүүн манай оронд анх удаа зочилсон. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, БНХАУ-ын дэд дарга Хань Жөн, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев нар төрийн айлчлал хийв. Манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монголд айлчилсан өндөр, дээд түвшний төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээ хийж, нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ, санамж бичгүүдийг байгуулсан.
Өнөө жил Халхын голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, хоёр орны хооронд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны таван жилийн ой тохиож буй. Мөн Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй юм. Хоёр хөршийн өндөр, дээд түвшний төлөөлөгчдийн айлчлалыг энэхүү түүхэн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой. Бас нэг түүхэн, онцгой үйл явдал энэ онд болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээсэн нь юм. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон хүртсэн хоёр дахь гадаад хүн боллоо.
Төсвийг хоёр удаа эхнээс нь хэлэлцсэн анхны тохиолдол
126 гишүүнтэй парламент таван сарын турш төсөв хэлэлцэж, “рекорд” тогтоов. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг тэд эхнээс нь хоёронтоо хэлэлцсэн нь түүхэнд анхных боллоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр тэд ийнхүү “нэр нүүрээ баран” байж хэдэн сар төсөв ярьсны эцэст хуульд заасан хугацаанаас бараг сарын дараа сая нэг эцэслэн баталсан юм.
Засгийн газраас есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн барьсан. Үргүй зардал ихтэй, дураар авирласан эл төсвийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд нь ч, сайд нар нь ч хариуцлагатай хандсангүй. Улсын ирэх оны орлого, зарлагыг хэлэлцэх хариуцлагатай мөчид 20-30-аараа гадаад томилолт аван “зугаалсан” тул нэр бүхий дөрвөн гишүүн л хянах, шүүх ажлыг хийсэн гэхэд болно. Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын гишүүн зарим үргүй зардлыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан ч олонх дэмжсэнгүй. Тэд төсвөөс 3.6 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх шаардлага хүргүүлсэн боловч “Хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн учраас санал нэмж, хасах боломжгүй” хэмээгээд УИХ-аар баталж орхисон юм. Ингээд 35.8 их наяд төгрөгийн буюу хамгийн өндөр зардал бүхий төсвийг хуулийн хугацаанд багтаан баталсан. Гэхдээ алдаа байгааг хүлээн зөвшөөрч, “Ондоо багтаан тодотгол хийнэ” гэдэг сануулга өгсөн нь гайхмаар. Өмнө нь 2014 онд нэг удаа батлахаас нь өмнө тодотгол хийх шийдвэр гаргаж байсан юм. Тодотгол хийгээд алдаагаа засчихна гэж “хойш шидсэн” төсөвт харин Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Тэгмэгц хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас оруулж ирсэн төсвийг хамгаалан баталсан байр сууринаасаа гишүүдийн олонх даруй ухарч, хоригийг хүлээж авав. Засгийн газар ч хориг тавьсан сургаар дараагийн хувилбар, тооцооллоо бэлдэж байгаагаа уриалгахан мэдэгдсэн юм.
Гэтэл хоригийг хүлээж авсны дараа төсөвт хэрхэн “засвар” хийх тухай зохицуулалт, хэлэлцэх дэг холбогдох хуульд байсангүй. Ингээд тусгай дэг баталж хэлэлцэхээр Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулав. Нөгөөдүүл нь тогтоол биш, нэг удаа үйлчлэх хуулийн төсөл оруулж иртэл УИХ-ын гишүүд унагаж орхих нь тэр. Ингээд бүх хуулийг хүчингүй болгож, Засгийн газарт буцаах зам л үлдсэн юм. Тэдэнд алдаагаа засах 10 хоногийн хугацааг УИХ-аас олгов. Уг нь өөрсдөө ч бас хариуцлага алдсан, хяналтаа сайн хийж, усыг нь шүүгээгүй буруутай. Сангийн сайд гомдоллож байсан ч ирэх оны улсын төсвийн орлого, зарлагыг тус бүр 33.5 их наяд төгрөг болгон тэнцүүлж, алдагдалгүй байхаар өргөн барьж амжжээ. Гэхдээ ингэхийн тулд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цаг хугацааны цаглабар энэ удаа үйлчлэхгүй байхаар батлуулж авсан юм. Учир нь төсөв хэлэлцэх дэг, цаг хугацаа гэж байдаг. Үүнийг нь үйлчлэхгүй болгож байж ондоо багтааж чадна. Эс тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргүүд төсвөө баталж чадахгүй, төрийн ажил саатаж, улмаар ИТХ-ууд тарах нөхцөл үүсэх байлаа. Засгийн газраас төсвийг хоёр дахь удаагаа өргөн барихдаа зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, олны шүүмжлэлд өртсөн соёлын үйлчилгээ үзүүлэх эрхийн бичиг, эд хогшил, тавилга авах, гадаад томилолт зэрэг үргүй зардлыг хассан юм. Хөрөнгө оруулалтын зардлаас 800, гадаад зээлийн ашиглалт болон урсгал зардлаас тус бүр 700 тэрбум төгрөг бууруулсан аж. Хэдий тийм ч ирэх онд эдийн засаг найман хувиар өснө, инфляц 7.2 хувь байна гэх мэт өөдрөг төсөөллөөсөө ухарсангүй.
УИХ-ын гишүүд энэ удаа арай хариуцлагатай хандаж, мөн л Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан зарим үрэлгэн гэх зардлыг нэмж танан, Хавдрын эмнэлгийн барилгад шинээр төсөв хуваарилан орлого, зарлагад нь зохицуулалт хийсэн.
Хотын иргэдийн төлөх2.1 их наядын, бондын өр
Улаанбаатар хотынхон энэ жил 2.1 их наяд төгрөгийн өрөнд орчихлоо. Нийслэлээс анх удаа бонд гаргаж, дээрх хэмжээний хөрөнгийг үрэн таран хийж эхлээд байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд буюу УИХ-ын ээлжит сонгуулиас хэдхэн хоногийн өмнө нийслэлийн анхны бондын цанг цохиж, дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.
“Дотоодын бондоор эрчим хүчний дутагдлыг бүрэн арилгана” гэсэн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын популист амлалт мэдээж биелээгүй, хөрөнгө оруулсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь ажиллаж эхлээ ч үгүй байхдаа эвдэрлээ. Бас нийслэлчүүд эрчим хүчний гэнэтийн хязгаарлалтад өртсөн хэвээрээ энэ өвлийг давах нь. Түүнчлэн өнгөрсөн зун, намаржин нийслэлийн замын хашлага буюу бордюруудыг уг бондын мөнгөөр сольсон. Энэ бүхнийг эрх баригчид, хотын удирдлага биш, харин иргэд татвараараа эргүүлэн төлнө.
Дараагийнх нь өнгөрсөн сард нууцаар арилжсан, 500 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн бонд. Энэ мөнгөөр нийслэлд “бетон ширэнгэ” бий болгоно. Өөрөөр хэлбэл, бондын мөнгийг Сэлбэ дэд төвийн орон сууцын иж бүрэн хороолол барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээрээ эрх баригчид “20 минутын хот” хэмээх биелшгүй мөрөөдлөө хэрэгжүүлэх гэнэ. Гадаад зах зээлд арилжсан тус бондын мөнгийг 2027 оны наймдугаар сард эргэн төлөх бөгөөд үүний тулд бид хичээнгүйлэн ажиллаж, татвараа хураалгах шаардлагатай болох нь. Харин эрх баригчид, ялангуяа хотын удирдлагууд “Бид та нарт орон сууц барьж өгч байна” гэж ирэх жилүүдийн турш пиараа хийж, дараагийн сонгуульдаа бэлдэх биз ээ.
Иргэдэд дарамт нэмсэн эрчим хүчний “реформ”
126 гишүүнтэй шинэ парламент, хамтарсан Засгийн газрын хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь эрчим хүчний реформ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, парламентын 100 гаруй гишүүнээс бүрдсэн лобби бүлэг хүртэл байгуулсан. Харамсалтай нь, тус хороо хэлж, төлөвлөж байсан шигээ ажиллаж чадсангүй, эрчим хүчний реформ хийх нэрийдлээр цахилгаан, дулааны үнийг нэмж, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварыг дордуулах нөхцөл бүрдүүллээ. Шадар сайд Т.Доржханд цахилгаан, дулааны үнэ нэмэх шийдвэрээр эрчим хүчний реформыг эхлүүлж буйгаа өнгөрсөн сарын 1-нд зарласан. Харин Эрчим хүчний зохицуулах хороо өнгөрсөн сарын 15-наас эхлэн цахилгааны үнийг, ирэх оны тавдугаар сараас дулааны үнийг шинэчилсэн тарифаар тооцохоо мэдэгдсэн юм. Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны дундаж тарифыг кВт.цаг тутамд 30 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр буюу 280 төгрөгөөр тооцож буй. Ингэснээр 2019 оноос хойш тогтвортой мөрдөж байсан тарифыг таван жилийн дараа өөрчлөв.
Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүд “Цахилгааны үнийг нэмж бус, чөлөөлж реформ хийнэ” хэмээн удаа дараа мэдэгдсэн ч төрийн оролцоог хязгаарлаж, зах зээлийн зарчмаар тариф тогтоохыг зорьсонгүй. “Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрх зүйн хүрээнд шинэчлэл хийнэ” гэж том дуугарсан ч эцэстээ үнэ тарифыг өөрчлөх ажил л хийлээ. Инфляц, татварын дарамт өндөр, нийт хүн амынх нь 30 орчим хувь нь ядуу, 60 хувь нь дундаж давхаргад хамаардаг, яндангийн тоог бууруулж, агаарын бохирдолтой тэмцэх бодлого баримталж буй манай оронд суурь үнэд нөлөөлөхүйц шийдвэрийг сэтгэл хөдлөлөлөөр гаргаж болохгүй хэмээн учир мэдэх хүмүүс анхааруулсаар байсан ч эрх баригчид ойшоосонгүй. Тэд эрчим хүчний салбарт реформ хийхээс илүү алдагдал нөхөх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахыг л чухалчилж, ийм шийдвэр гаргав. Эцэс сүүлдээ Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүд нь ч үндсэн зорилго, үзэл баримтлалаасаа няцаж, тарж бутарч эхлэв. Эл асуудлаар парламентад лобби бүлэг байгуулах санаачилга гаргаж, реформын ажлыг манлайлан ажиллахаа олон нийтэд “тунхагласан” УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарч буйгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдлээ. Энэ янзаараа эрчим хүчний реформ хийх ажил тарифын шинэчлэлээс хэтрэхгүй бололтой.
Эцэслэсэн ч төгсөөгүй “Хөгжлийн банк”-ны хэрэг
Урт настай, удаан жаргалтай “Хөгжлийн банк”-ны гэх, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон дуулиант хэргийг давж заалдах болон Дээд шүүхээр улирагч онд эцэслэн шийдвэрлэлээ. Тус банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, ард түмний боломжийг “хулгайлсан” аж ахуйн нэгжийн удирдлага, мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан тэдэнд давуу байдал бий болгосон албан тушаалтнууд холбогдсон, 2022 оноос АТГ, цагдаа, прокурорын байгууллага ажлын хэсэг байгуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг ийнхүү 2024 он шувтрахаас өмнө эцэслэлээ. Гэхдээ зарим яллагдагчийн өдүүлсэн үйлдлийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болохоор уг хэргийг шүүх бүрмөсөн эцэслэж дуусгасан гэсэн үг биш. Үүнээс үзвэл “Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дахиад 1-2 жил үргэлжлэх нь гарцаагүй.
“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шүүгчдэгчийн ширээнд суусан 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нээлттэйгээр, хурлын явцыг дүрс бичлэгээр дамжуулан, ажлын 60 хоног хэлэлцэн долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан. Энэ шүүх хурал Монголын түүхэнд байгаагүй гэж хэлж болох хамгийн олон шүүгдэгчийг, тэдний өмгөөлөгч 108, прокурор зургаа, шинжээч 10, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 15 гээд нийт 257 хүнийг нэг дор суулгаж, шүүх хуралдааны танхимд ч биш, “Улаанбаатар” чуулгын үзвэрийн зааланд хийсэн билээ. 512 хавтас, 128 000 хуудас нотлох баримттай, нэг шүүгдэгч хамгийн удаан буюу хоёр цаг 47 минут мэдүүлэг өгсөн, улсын яллагч долоо хоног яллах дүгнэлтээ уншиж сонсгосон гээд энэ шүүх хурал онцлог бүхнээр арвин байсан.
“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хоёр сар үргэлжилсэн анхан шатны шүүх хурлын Монголын түүхэнд олон хоног хэлэлцсэнээрээ рекорд тогтооно. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохтой зэрэгцээд хохирогч Хөгжлийн банкныхан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Мөн ял шийтгүүлсэн 48 шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн л олон хоног буюу 2024 оны гуравдугаар сарын 7-22-ны ажлын өдрүүдэд хэлэлцэж, зарим хүний үйлдлийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Энэ нь бас давж заалдах шатны шүүхийн түүхэнд байгаагүй олон хоног үргэлжилсэн хурал болов.
Дээд шүүх мөн л хяналтын шатанд гаргасан гомдлыг хоёр өдөр сонсож, олон хоног зөвлөлдсөний эцэст тогтоолоо танилцуулж, анхан шатны шүүхээр хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн, сайд асан Ё.Баатарбилэг, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэм буруутай нь батлагдсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээж, цагаатгагдаад байсан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-д байсан зарим хүн, удирдах албан тушаал хашиж байсан яллагдагч нарын гэм буруутай, эсэхийг анхан шатны шүүхээр дахин дэнслүүлэхээр шийдвэрлээд буй. Тэгэхээр Улсын дээд шүүхээр хэлэлцэж, шийтгэх, цагаатгах тогтоолын хуулийн хүчин төгөлдөр болж, эцэслэсэн ч ирэх өдрүүдэд зарим яллагдагчийн хувьд дахиад шүүхээр гэм буруутай, үгүйгээ тогтоолгох учраас “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурал үргэлжлэх юм. Түүгээр ч зогсохгүй 126 гишүүнтэй анхны парламентын нэг төлөөллийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж, түүний оронд нөхөн сонгууль ч явуулах нөхцөл байдал үүссэн нь ирж байгаа шинэ оны нэгэн мартагдашгүй үйл явдал болох биз ээ.
Түүхэнд байгаагүй хорогдол дагуулсан төмөр зуд
Түүхэн дэх хамгийн их цастай, хор хохирол учруулсан зуд энэ онд тохиов. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр сүүлийн 50 жилд бүртгэгдээгүй их хэмжээний цас 2024 оны өвөл, хаварт орж, 13 аймгийн 58 сумд төмөр зуд нүүрлэсэн. Үүний улмаас Монгол орны хэмжээнд 7.9 сая гаруй мал зүй бусаар хорогдсон юм. Ингэснээр түүхэнд хамгийн их хохиролтойд тооцогдож ирсэн 1944 оны зудыг давсан уршигтай гамшиг энэ жил бүртгэгдлээ. Хорогдсон нийт малын 53.9 хувь нь хонь, 31.7 хувь нь ямаа бол үлдсэн нь бод. Бүс нутгаар нь ангилбал Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймагт хамгийн олон мал үрэгдсэн.
Өнөө жилийн зуднаар олон малчин өрх амь зуулгаасаа салсан. 3000 орчим өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан, 500 гаруй айлын хот харлаж, юу ч үгүй болсон гэж УОК-оос мэдээлсэн билээ. Мөн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 10 гаруй малчин бэлчээрт осгож, нас барсан харамсалтай явдал тохиосон. Зарим бүс нутагт хүн байтугай тээврийн хэрэгсэл зорчих аргагүй болтол их хэмжээний цас орж, малчид мал сүрэгтэйгээ хэдэн өдрөөр хотондоо хашигдсан тохиолдол бий. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан соёл, өв уламжлал, ахуй амьжиргааны эх үүсвэртэй манайх шиг оронд их хэмжээний хор хохиролтой зуд тохиох нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс олон улсын байгууллагууд зудад нэрвэгдсэн малчид, тэдний үр хүүхдэд сэтгэл зүйн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрийг энэ жил цөөнгүй хэрэгжүүлсэн. Дэлхийн томоохон хэвлэлүүд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж Монголд жилээс жилд нэмэгдэж, нийгэм, эдийн засагт ихээхэн гарз хохирол учруулах болсны жишээг 2024 оны зуд гэж онцолсон юм. Харин манай улсын Засгийн газар малчдын зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан бол УОК-оос өвөлжилт хүндэрсэн аймгийн өрхүүдэд улсын нөөцөөс өвс, тэжээл, түлш, шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргэх, зам харгуй гаргах ажлыг зохион байгуулсан.
Сэтгүүлчдэд өгсөн сануулга
Өнгөрөн одож буй 2024 оныг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан айдас, түгшүүр дунд өнгөрүүлэв. Цахим мэдээллийн нэг бус сайтын хэд хэдэн сэтгүүлч яллагдагч, шүүгдэгчийн ширээнд сууж, заримд нь хоёр ч шатны шүүх гэм
буруутайд тооцон ял оноосон нь ийнхүү манай салбарынхан дунд айдас бий болгосон юм. Тодруулбал, зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг үндэслэн шалгаж, албан өрөө, гэрт нь нэгжлэг хийгээд зогсохгүй удтал цагдан хорьж байгаад шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Өнөрцэцэгийг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний орлогоо зориуд худал тодорхойлж, нуусан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэм буруутайд тооцож, дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ял оноосон нь нийгэмд талцал үүсгэв. Одоо түүнд Улсын дээд шүүхэд хандах эрх л үлдээд буй.
Анхан болон давж заалдах шатны шүүхийнхэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэм буруутай, эсэхийг дэнслэхдээ төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэх үйлдэлтэй нь холбогдуулж, хавтаст хэргийг бүхэлд нь маш нууцад хамааруулан хаалттайгаар хэлэлцсэн нь олны дунд хардлага төрүүлж буй. Түүгээр ч зогсохгүй сэтгүүлчид төрийн нууц мэдээлэл дамжуулж, хадгалуулсан өндөр албан тушаалтныг шүүх олсонгүй, олохыг ч хичээлгүйгээр сэтгүүлчид ял оноолоо.
Сэтгүүлчдийн дундаас нэг бусыг нь ийнхүү ял шийтгэсэн нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдад сургамж болсон жил улирлаа гэхэд ч болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрхийг ийнхүү хязгаарлах оролдлого гаарч буй. Бүр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарынхнаар нь хэлэлцүүлэхэд ч хараат бус сэтгүүл зүйг боомилохыг санаархсан зүйл заалтууд оруулахыг санаархав. Мэдээж XIX зууны үеийнх шиг тунхгийн чанартай, дөрөвхөн заалт бүхий Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цаг үеийн шаардлага, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн шинэчлэх нь зөв. Гэхдээ өмнөхөөсөө дордуулж огт болохгүй учраас сэтгүүлчдийн олонх нь ХЗДХЯ-наас боловсруулсан хуулийн төслийг эсэргүүцсэн. Эрх зүйн орчин хумигдмал, эх сурвалжаа нууцлах эрхийг үл хүндэтгэж шүүхээр ял шийтгэж буй энэ цаг үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн биднийг хэрсүү, хариуцлагатай байхыг сануулсан нэгэн жил улирч байна.
Даатгалын сангийн дампуурал
Эрүүл мэндийн салбар өнгөрсөн бүх цаг хугацаанд иргэд, олон нийтэд сайнаар ер дуудуулж байгаагүй. Үргэлж л болохгүй, бүтэхгүй, байхгүйтэй нүүр тулдаг байсан ч иргэдэд тусламж, үйлчилгээг “гал алдахгүй” үзүүлсээр ирсэн. Төсөв мөнгө муутай, үлгэн салган ажиллахдаа ч энэ жилийнх шиг шалдаа бууж байсангүй. Учир юу гэвэл энэ оны III улирлаас Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) дампуурснаа аажмаар зарлаж, эмнэлгүүдтэй байгуулсан гэрээгээ эхнээс нь цуцалсан юм. Улмаар өнгөрсөн аравдугаар сараас улсын эмнэлгүүд нэг удаагийн бээлий, хэрэглэлээ ч авч хүчрэхгүй болж, үйл ажиллагаа нь доголдсоор адаг сүүлдээ “хаалгаа барьцгаасан”.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан улс, хувийн томоохон эмнэлгүүд даатгалаар хөнгөлөлттэй үзүүлдэг тусламж, үйлчилгээнүүдээ зогсоосон талаарх мэдэгдлүүд ар араасаа гаргаснаар ЭМДС-гийн дампуурал үндсэндээ олон нийтэд ил болсон билээ. Улсын эмнэлгүүд иргэдэд даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэхээ больж, төлбөр мөнгө нэхсэн нь монголчуудын хувьд бараг анхны тохиолдол байсан гэж хэлж болно. Төлбөртэй тусламж, үйлчилгээг салбарын сайдын тушаалаар, онцгой нөхцөлд буюу өндөр өртөгтэй мэс засал, эм, тариа, оношилгоо зэрэгт даатгуулагчдад үзүүлдэг ч иргэд хэзээ ч амбулаторийн үзлэгт мөнгө төлж байгаагүй юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог 2020 оноос нэгтгэн, эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь буюу үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоонд тулгуурлан төсөв хуваарилдаг болов. Үүнээс хойш салбарын төсвийг 2-3 дахин нэмээд ч гүйцэтгэлээ санхүүжүүлж хүчрэхээ больж, ЭМДС ийнхүү “модоо барин”, эмнэлгүүдэд их хэмжээний өрөнд унасан юм. Салбарын энэ оны төсвийг 2.4 их наяд төгрөгөөр баталсан ч жилийн эцэст гүйцэтгэл нь 2.7 их наяд болж, 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа. Энэ нь байдаг л үзэгдэл болсон гэсэн үг. Тухайлбал, ЭМДС-гийн эмнэлгүүдэд хуримтлагдсан 2022, 2023 оны өр 218.3 тэрбум төгрөгт хүрч, одоо болтол төлж барагдуулаагүй. Өнөө жил бүр түүхэнд байгаагүй хамгийн их буюу 1.9 их наяд төгрөгийн төсөв авсан хэрнээ л дампуурчихлаа. Энэ бүхний гайгаар иргэд он дуустал өвдөх эрхгүй болж, ирэх төсвийн жилийг хүлээх болсон нь хамгийн харамсалтай.
Долоон хүний аминд хүрсэн хийн дэлбэрэлт
Энэ оны эхээр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан цистерн осолдож, их хэмжээний дэлбэрэлт болсон юм. Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн амиа алдсан. Мөн зургаан хүн хүнд, хүндэвтэр гэмтэж, 35 иргэн хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогод өртөн, эмнэлгийн тусламж авсан билээ. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга, байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгжид 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоосон юм. Дэлбэрэлтэд хамгийн их өртсөн барилга нь 207 дугаар байр. Тус байрны 63 өрхийн 200 гаруй оршин суугч орон гэргүй болж, хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гудамжид гарсан. Оршин суугчид энэ хугацаанд түрээсийн байранд толгой хоргодож байв. Байраа нураалгахгүй, нэн даруй хүчитгэн засуулах хүсэлтэй байсан ч эцэстээ оршин суугчид буулгах шийдвэрт хүрч, албаныхан дахин барихаар болсон билээ. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээч нар зургаан төрлийн 76 шинжилгээ хийж, 75 дүгнэлт гарган, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. Харин ослын хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татсан талаар прокурорын байгууллагаас өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлсэн юм. Тодруулбал, “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, цистерний жолооч Ч.Ренцэндорж нарыг дэлбэрэлтийн гол буруутан хэмээн үзэж, яллагдагчаар татсан байна.
Нэг дор олон хүний амь хохироосон, орон гэр, эд хөрөнгийг нь сүйтгэж, иргэдийг айдаст автуулсан ийм хэмжээний осол манай улсад тоотой гарсан. Гэвч энэ онд олон нийтэд ил болсноор онцгой байдлын дөрвөн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь үрэгдлээ. “Дүнжингарав”-ын ойролцоох хийн дэлбэрэлтийн улмаас нас барсан гурван албан хаагчаас гадна өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд “Миний дэлгүүр”-т гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг аврагч эндсэн юм. Үүнээс өмнө онцгой байдлын алба хаагчид олноороо эндсэн осол 2007 онд гарч байв. Сэлэнгэ аймгийн Мандал сумд гарсан ой, хээрийн түймэр унтраахаар онцгой байдлын алба хаагчдын сууж явсан “Ми -8” нисдэг тэрэг осолдож, 15 алба хаагч амиа алдсаныг бид бүгд мартаагүй билээ.
Паралимпийн тамирчид онцгойрсон он
Ази тивээс Японы Токио хотод зуны олимпын XVIII наадмыг 1964 онд анх удаа зохион байгуулахад манай улс спортын таван төрөлд 21 тамирчин оролцуулахаар анх илгээсэн түүхтэй. Үүнээс 60 жилийн дараа Францад болсон “Парис-2024” олимпод спортын найман төрөлд 32 тамирчин сойход эмэгтэй жүдочдоос ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, элэг нэгтнүүдээ огшоосон. Сэтгэл догдлуулам спортын гайхалтай агшнууд Парист үргэлжлэхэд олимпын дэвжээнд од шиг гялалзаж, дэлхийн үзэгчдийн анхаарлыг татсан түүний амжилтыг бусад нь ч гэсэн буухиална хэмээн баярлаж хүлээсэн олны итгэлийг бусад төрөлд оролцсон тамирчид ганзага хоосон ирж гонсойлгов. Энэ удаагийн олимп манайханд олон зүйлийг ухааруулж, спорт өндөр хөгжсөн өнөө үед тэртээх 20 жилийн өмнөхийг давтах бус, өрсөлдөгчөөсөө суралцан, тив, дэлхийн орнуудтай хөл нийлүүлж урагшлахыг сануулав.
Паралимпийн наадамд Монголоос ганц л тамирчин медальтай нутаг буцдаг гэх олон орны таамаглалыг манайхан эвдэж, таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж алмайруулсан. Тэдний амжилт Парист хамт хөл тавьсан нөхдөдөө урам өгч, хурцалснаар хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ мөнгөн медаль гардсан нь спортын талбарт амжилтаа дархалсан онцлох үйл явдал байлаа.
МҮОХ-ноос жил бүр спортын салбар дахь оны шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно 2024” наадамд нэр дэвшсэн жүдочдоос Гавьяат тамирчин Б.Баасанхүү шилдгийн шилдэг тамирчнаар тодрон, шилжин явах нэг цомын эзэн болж, бөмбөрцгийн аваргуудтай эн зэрэгцтэл хөдөлмөрлүүлсэн хичээл зүтгэлээ үнэлүүлсэн юм.