Эрүүл мэндийн яамнаас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоо бий болгохоор ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулж буй. Эл үзлэгийг өнгөрсөн аравдугаар сараас эхлүүлсэн бөгөөд нүд, шүд, зүрхний эмгэгийн оношилгоонд зургаан настнуудыг хамруулан, эмчлүүлэх шаардлагатай хүүхдийг эрүүл мэндийн байгууллагуудад холбон зуучилж байгаа билээ. Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 60 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 40 532 буюу 63.7 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан талаар ЭМЯ болон Боловсролын яамнаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Налайх дүүрэгт зургаан настнуудыг 67.4 хувьтай эрт илрүүлэгт хамруулсан бөгөөд тэдний найман хувь нь өвчлөлтэй гарсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр ангийн сурагчдын 40 хувь хамрагдсаны 4.4, Сүхбаатарт 55.9 хувь нь хамрагдсаны ес, Хан-Уулд 59.6 хувь нь хамрагдсаны 11.1, Чингэлтэйд хүүхдүүдийн 54.2 хувь нь үзлэг хийлгэж, 7.3 хувьд нь ямар нэгэн өвчлөл илэрчээ. Нэг болон гуравдугаар улиралд багтаан сурагчдыг эрт илрүүлэгт бүрэн хамруулахаар төлөвлөөд буй юм.
Ч.Болор