Монголоос Узбекистан руу энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан мэдээллээ. Энэ нь манай улс Азийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, амьд мал экспортлоход чухал ач холбогдолтой ажил болсныг салбарынхан нь онцолсон юм. Үүний хүрээнд манай улс 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5.4 сая ам.долларын үнэтэй усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.
Монгол, Узбекистаны гадаад худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар байж. Хэдийгээр бараа бүтээгдэхүүний нэр, төрөл нь цөөн боловч цар тахлын үеэс хойш хоёр улсын худалдаа тогтмол өсөж буй гэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийсэн. Эл айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад оронд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон. Мөн Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон юм.
У.Цэцэг