Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан өчигдөр болж, 2024 оны төсвийн тодотгол болон ирэх жилийн төсвийг дахин батлах асуудлыг хэлэлцэв. Уг нь хотын ирэх оны төсвийг нийслэлийн ИТХ энэ сарын 4-нд баталсан. Гэвч тухайн үед Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор улсын төсвийг батлаагүй байсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн “Улсын төсвийг батлаад, нийслэлийнхэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой” гэж мэдэгдэж байсан. Гэтэл төсвийг тодотгох бус, дахин хэлэлцүүлж батлахаар болжээ.
Төсвийн төслийн хувьд өмнө хэлэлцэн баталснаас нэг их ялгаагүй аж. Тухайлбал, хотын төсөв нийт 3.8 их наяд төгрөг хэвээр байх нь. Үүн дээр дотоодын болон гадаадын бондын 2.1 их наяд төгрөг нэмэгдэнэ. Төсвийн орлогын 85.9 хувийг татвараас бүрдүүлэх юм байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулах нь. 50.4 хувь буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн 2024 оны төсвийн тухайд орлого буурсантай холбоотойгоор тодотгох шаардлага үүссэн байна. Засаг дарга Х.Нямбаатарын танилцуулснаар бол хотын энэ төсвийн орлого 214.4 тэрбум төгрөгөөр тасраад буй гэнэ. Мөн дүүргүүдийн төсвийн орлого 175.6 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тиймээс төсөвт зохицуулалт хийх, зарим зардлыг танах, хэмнэх шаардлага үүссэн аж. Дээрх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг маргааш хийхээр товлов.
Ч.Мөнх