Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолыг ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд шинэчлэн баталсан. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулж, насанд хүрэгчид 1000 төгрөг төлөхөөр зохицуулсан билээ. Харин хүүхэд өмнөхийн адил 200 төгрөгөөр зорчихоор тогтоолд заасан байв. Уг тогтоолыг баталснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэзээ хэрэгжүүлэх нь өдий хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл нийтийн тээврийн шинэ тарифыг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр болсноо нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал өчигдөр мэдэгдлээ.
Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 500 төгрөг байхаар 2014 онд тогтоож байв. Үүнийг 10 жилийн дараа 1000 төгрөг болгох зохицуулалт хэрэгжүүлэх гэж байна. 2021 оны судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх өртөг 1300 төгрөгт хүрсэн гэсэн дүн гарсан байдаг. Тиймээс үйлчилгээний зардлын зөрүүг багасгах, салбарын алдагдлыг бууруулах үүднээс зорчих үнийг нэмсэн. Зөвхөн ахмад настнууд үнэгүй зорчино” гэж мэдээлсэн юм.
Түүнчлэн оюутнууд урьдынх шигээ үнэгүй бус, 1000 төгрөг төлж зорчих зохицуулалтыг ирэх сарын 1-нээс мөрдөх нь. 2002 оноос хойш баталж хэрэгжүүлсэн Боловсролын тухай хуулийн 43.2.5-т “нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн зохицуулалтын дагуу өмнө нь оюутнуудыг ажлын өдрүүдэд автобусаар үнэгүй зорчуулдаг байжээ. Харин 2023 онд дээрх хуулийг шинэчилж, Боловсролын ерөнхий хууль нэртэйгээр батлахдаа оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулах заалт оруулаагүй юм байна.
М.Оч