Сургуулийн сурагчид амрахаар цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц эрс буурдаг. Гэхдээ тухайн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн 70 гаруй хувь нь тогтмол ирдэг гэсэн судалгааг боловсролын байгууллагынхан гаргажээ. Тодруулбал, Боловсролын сайдын өгсөн чиглэлийн дагуу цэцэрлэгийн багш, ажилтнуудыг гэрээсээ ажиллах боломжтой, эсэхийг Боловсролын ерөнхий газрынхан судалж, эрхлэгч нарт удирдамж хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, өвлийн ид хүйтэн буюу ханиад, томууны оргил үед цэцэрлэгийн багш, ажилтнуудыг ээлжээр амраах үүрэг, чиглэлийг цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлсэн байна. Удирдамжийн дагуу цэцэрлэгийн эрхлэгч хамт олноороо хэлэлцсэний үндсэн дээр үндсэн болон туслах багш нарыг тав хоног цалинтай амраах гэнэ. Энэхүү цалинтай чөлөө олгох үйл ажиллагаа нь ээлжийн амралттай холбоогүй аж. Гэхдээ цэцэрлэгийн хүүхдийн ирц 50 хувиас буурч, ажлын ачаалал эрс багассан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Ташрамд дуулгахад, үндсэн болон туслах багшийг гэрээсээ ажиллах хугацаанд эрхлэгч, арга зүйч, хөгжим, биеийн тамирын багш нар орлож ажиллахаар зохицуулсныг шүүмжлэх хүн цөөнгүй байна.
Ч.Болор