Утааны асуудал олны анхаарлын төвд орж, төр засаг руу чиглэсэн шүүмжлэл ойрын үед газар аваад буй. Агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд бодит байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаад ч иргэд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэргэжилтнүүд агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэрхэн хэмждэг тухайгаа олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл тус байгууллагынхан энэ долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний мэдээллийг фэйсбүүк хуудсаараа тоймлон танилцуулахаар болжээ. Тодруулбал, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг агаар бохирдуулагч гол бодисын долоо хоногийн дундаж агууламжийг нийслэл дэх 19 суурин харуулын үзүүлэлтэд үндэслэн тогтмол мэдээлэх гэнэ. Энэ сарын 16-22-нд гэхэд хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, бүдүүн ширхэгт тоосонцрын стандартаас давсан тохиолдлын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1-5 хувиар ихэсжээ. Агаар бохирдуулагч бодисын хэмжээ Баянхошуу орчимд стандартаас 10.1 дахин их бүртгэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн “дээд амжилт” болсон байна.
Н.Мишээл