Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг хэвлэлийн, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан гэж үзэж, уучлал гуйхыг шаардлаа. Тус эвлэлээс гаргасан шаардлагад “Үндсэн хуульд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг үндсэн эрх хэмээн үзэж, төрөөс баталгаатай эдлүүлэхээр тунхагласан. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалан, түүнд төрөөс ямарваа хэлбэрээр цензур тогтоохыг хориглосон нь хүчин төгөлдөр буйг нийтийн өмнөөс томилогдсон албан тушаалтан Х.Нямбаатар болон улс төрчдөд дахин сануулж, хууль ёсыг мөрдөн, ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээн дор зарчимтай ажиллахыг шаардаж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотын утааг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэх үеэрээ сэтгүүлчдийн асуултад агуулгын хяналт тогтоон, хариулах, эс хариулахаа өөрийн үзэмжээр шийдэн, илтэд зүй бус хандсан. Энэ нь юуны өмнө олон нийтийн мэдээлэл хүлээн авах эрхийн төлөөх сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх ашигт бүдүүлгээр халдсан явдал. Түүнчлэн Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг нийслэл хотын иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үзэж байна.
Х.Нямбаатарын хэвлэл мэдээлийн хараат бус, бие даасан байдалд халдсан, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан эл үйлдэл нь удаа дараа давтагдаж, тэдгээр тохиолдол бүрд МСНЭ мэдэгдэл, шаардлага хүргүүлсээр ирснийг дахин сануулж, сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардаж байна” гэж дурджээ. Түүнчлэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол эсэргүүцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлсэн юм. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Чиний асуултад хариулахгүй, логикгүй” зэргээр сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзсан юм.
Мөн иргэдээ бодлого боловсруулах түвшинд төлөөлөх, эрхийг нь хамгаалах үүрэгтэй нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хэвлэлийнхнийг заналхийлсэн юм. Тэрбээр “Золбин, мэдээний сайтуудыг цэгцэлнэ. Тэд хэвлэлийн эрх чөлөө гэж ярих эрхгүй” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
А.Үүл