“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өчигдөр зохион байгуулав. Үүнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл 30 орчим судлаач, мэргэжилтэн оролцож, ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тэрбум мод тарих санаачилгын талаар байр сууриа илэрхийлэн, илтгэл хэлэлцүүллээ.
Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, тарьц, суулгацын нөөцийг 63 саяд хүргэснийг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг дурдав. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарынхан 100 сая мод тарих амлалт өгсөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцлаа. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийнхан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил болон ойн салбарыг нарийн мэргэжилтэн, хүний нөөцөөр хангах бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Ж.Сувд