Хүйлэн хөх тэнгэрийн доор, хүний гэрэлт ертөнцийн дээр амьдрах хугацаанд сайн, муу ээлжлэн байдаг хойно хайрт хань О.Тэгшээд минь улаан хоолойны хорт хавдар хэмээх аюулт өвчин тусаж, түүнийгээ алдах нь уу гэж айж эмзэглэж байсан юм. Хань минь аль баруун хязгаар Ховд аймгийн Үенч сумын харьяат илгээлтийн эзнээр мал дээр гарч, хоёр жил мал маллан, “Тэргүүний төлчин”-өөр шалгарч, мандан бадарч байх үед нь хань ижилгүй, хилийн дугаар заставт ЗХУ-ын Бабушкины цэргийн сургуулийг төгсөж, хуваарилагдан очсон шинэхэн офицер би танилцаж, хайр сэтгэлээ илчилж, бид гэр бүл болж билээ. Биднийг гэр бүл болоход тус сумын удирдлага их дургүй байсан бөгөөд “Шилдэг сайн малчныг минь ажлаас нь хөндийрүүлж, гар мухарлалаа” гэж байж билээ.
Миний хань надтай ханилж хилийн олон заставт угаагч, оёдолчин, саальчин, тогоочоор ажиллаж байв. Хань минь амьдралынхаа хугацаанд тулганы тотго шиг гурван охин, ооны эвэр шиг хоёр хөвгүүн төрүүлэн өсгөж, хүмүүжүүлсэн алдарт эх билээ. Хань минь хилийн олон застав дамжин арав гаруй жил ажиллахдаа эмнэлгийн тусламж авч байгаагүй, хүүхдүүдээ хүртэл гэртээ төрүүлсэн юм. Бид амар жимэр амьдарсаар өдийг хүрсэн. Гэтэл сүүлийн үед бие нь ядруу, онош тодорхойгүй олон сар, олон эмнэлгээр явж, есөн шидийн эм тан хэрэглээд тус нэмэр болоогүй юм. Гэтэл улаан хоолойны хорт хавдар хэмээх аюулт өвчин 1-р шатандаа оношлогдож үхэл, амьдралын зааг дээр ирсэн болохыг сонсож сэтгэл санаа хямарч, гэр бүлээрээ тэвдэн олон улсын болон үндэсний сайн эмнэлэг, эмч мэргэжилтэн хайн бэдэрч, БНСУ-ыг зориход оройтох нь хэмээн сандарч мэгдэн явсаар эцэст нь Хавдар судлалын эмнэлэгт хандсан юм.
Манай нэгэн яруу найрагч “Эмчийн алдар” гэсэн шүлэг тэрлэж, ардын дуунд мөнхөлсөнчлөн энхрий хайрт цагаан нөмрөгт баатрууд, хорт хавдрыг авах хүнд хагалгааг найман цаг амжилттай хийсэн алтан гарт эмч ХСҮТ-ийн Цээж, хэвлийн хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг, өндөр мэдлэг чадвартай эмч Б.Чойжинсүрэн, Д.Мэргэн, П.Зундуйдорж, н.Энхтүвшин, мэдээгүйжүүлэгч эмч Т.Батбилэг болон бусад эмч, сувилагч нартаа талархаж, гүнээ мэхийн ёсолъё. 80 нас гарсан өвгөн ахынх нь баярын нулимс хацар даган урсаж сууна. Та бүхний ажил үйлс нь өндөр, амьдрал ахуй чинь сайн сайхан байхын билэг дэмбэрэлт ерөөл дэвшүүлье.
Ахмад хилчин М.Батбаяр
Билгийн тооллын ХVII жаран “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн
өвлийн дунд Улаан хулгана сарын цагаагчин гахай өдөр,
Аргын тооллын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр