Дундговь аймгийн нутгаас арабууд их хэмжээний тагтаа, ногтруу барих зөвшөөрөл олгосон хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тус аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Энхсайхан албан тушаалаа урвуулж, хууль зөрчин арабуудад амьтан барих зөвшөөрөл олгосон хэрэгт холбогдсон байна. Амьтны тухай хуульд сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар амьтныг эзэмших, ашиглах эрхийг сумын Засаг дарга нар олгохоор хуульчилсан ч дээрх сумын Засаг даргыг эрх мэдлээ ашиглан гадаадын иргэдэд давуу байдал олгосон хэмээн буруутгаж буй аж. Тиймээс А.Энхсайханд прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 434 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын долоон хэрэг багтсаны нэг нь энэ юм.