Лиссабоны Их Сургуулийн профессор, археологич Александри Монтейро 25 жил эрэл хайгуул хийсний эцэст Португалийн эрэг орчим эрдэнэс бүхий 250 сөнөсөн хөлөг онгоцны байршлыг тогтооёон тухай “Observador” мэдээлэв.
Тэрбээр архивын материалыг судалж , далайн ёроолыг тусгай багаж хэрэгслээр судалснаар 1500 оноос хойш живсэн 8620 усан онгоцны байршлын зургийг гаргаж чаджээ.
Олдсон мэдээллийн ачаар ослын үед ямар усан онгоцнууд эрдэнэс тээвэрлэж байсныг ч олж чаджээ. Тухайлбал, Португалийн Трой хойгийн эргийн ойролцоо 1589 онд живсэн Испанийн "Our Lady of Rosary" хөлөг 22 тонн алт, мөнгө ачиж явсан бөгөөд өнөөг хүртэл тэдгээр эрдэнэсийн хамт далайн ёроолд нойрсож байгаа аж.
Португальд ийм төрлийн эрдэнэсийг янз бүрийн ангуучдаас хамгаалах механизм хараахан байхгүй байгаад эрдэмтэн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.
“Энэ бүх хугацаанд хамар доор хэвтэж буй тоо томшгүй баялгийг ёроолоос нь гаргаж, төрийн сан хөмрөгөө нөхөх гэж тус улсын Засгийн газар хараахан яарахгүй байгаа нь харамсалтай” гэж Монтейро хэлсэн байна.
Гэсэн хэдий ч далайн ёроолд байгаа алт, мөнгө эрдэнэс маш зузаан элсэн давхарга дор байгаа тул тэдгээрийг олзлох нь эрдэнэсийн ангуучид битгий хэл сайн тоноглогдсон экспедицийн хувьд ч хүндрэлтэй зүйл гэдгийг эрдэмтэн онцолжээ.