Стандарт хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийнхон хамтран энэ сарын 16-20-нд томоохон худалдааны төвүүдэд борлуулж буй хүүхдийн ууттай бэлэгт хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ хийжээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгууд стандартын шаардлагад нийцэж буй, эсэхийг шалгасан байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эрхлэгч О.Нандин-Эрдэнэ “Таван багц бэлгийн 37 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн. Ингээд нэг уут бэлэгт хамгийн багадаа 145.83 грамм чихэр агуулж байгааг тогтоолоо. Үүнийг өдөрт зөвхөн чихрээс авах илчлэгээр нь тооцвол 591 ккал юм. Гэтэл энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс зургаа дахин өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, эдгээр бэлгийн багцад агуулагдаж буй чихрийн хэмжээ 36-72 ёотонтой тэнцэнэ. Мөн ундааны дээжийн хуурай бодист агуулагдах чихрийн хэмжээ MNS 0687-1:2012 стандартад зааснаар 4-9 хувьтай тэнцэхүйц байх ёстой боловч 13 хувь байна. Энэ нь ундааны стандартад заасан хэмжээнээс 2-3 дахин их үзүүлэлт юм. Бас бэлгийн багц тус бүрд орсон бүтээгдэхүүний нийт жин 732-1085 грамм. Үүнд агуулагдах чихрийн хэмжээг тооцож үзлээ. Нэг уут бэлэгт 18.9-28 хувь буюу 145.8-361.5 грамм сахар агуулж байна” гэсэн юм.
Уг бэлгийн багцуудад орсон бүтээгдэхүүний ихэнх нь хаяг, шошгын стандарт шаардлагад огт нийцэхгүй байгааг албаныхан онцоллоо. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, харшил үүсгэгч бодис агуулсан, эсэх мэдээллийг ч дурдаагүй байжээ. Үүнээс гадна импортын хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээллийг монгол, орос, англи хэлээр бичсэн байх ёстой гэнэ. Гэтэл манай улсад борлуулж буй импортын бүтээгдэхүүний олонх нь энэ шаардлагыг хангахгүй байгаа гэнэ.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Улсын хэмжээнд 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаанаас харахад 6-23 сартай хүүхдүүдийн 37 хувь нь чихэртэй, амт оруулагчтай ундаа хэрэглэж байна. 10 хүүхэд тутмын долоо нь зохистой хооллож чаддаггүй. Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй, 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй байв. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6 хувь нь илүүдэл жинтэйг тогтоосон. Хэт их чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэснээр чихрийн шижин, зүрхний өвчин, архины бус шалтгаант элэг өөхлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хоол хүнсний нэр, төрөл, хэрэглээг өөрчлөн, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр бага болон өсвөр насны хүүхдүүдийн цаашид жин нэмэх, насанд хүрсэн хойноо илүүдэл жинтэй болж, архаг өвчин тусах эрсдэлээс сэргийлэх юм” гэв.
Манай улс чихэрлэг ундааныхаа 88 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг аж. Нэг хүнд өдөрт дунджаар 381 мл ундаа ногддог. Гол хэрэглэгч нь хүүхэд, залуус байдаг гэнэ. Судалгаагаар хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нойрсох хугацааг багасгадгийг тогтоожээ. Мөн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлөн, ой тогтоолт муудахад хүргэдэг юм байна. Иймд баярын өдрүүдэд хүүхдүүддээ ууттай бэлэг өгөхдөө чихэр багатай хүнсний бүтээгдэхүүн сонгохыг тус байгууллагынхан уриаллаа.
У.Сүрэн