Монгол зургийнхан 19 дэх удаагийн хамтарсан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн “Арт” галерейд нээлээ. “Монгол зураг” нийгэмлэгийнхэн энэ удаа уг төрлөөр зурж байсан, зурдаг үе, үеийн уран бүтээлчдийн туурвилыг ч багтаасан байна. Тухайлбал, Ардын зураач, орчин үеийн уран зургийг үндэслэгчдийн нэг Ү.Ядамсүрэн, Ардын зураач Б.Гомбосүрэн нарын бүтээлээс толилуулж буйгаараа онцлог. Үзэсгэлэнд монгол зургаар мэргэшсэн 40-өөд зураачийн бүтээл бий. Олны дундаас хараа булаасан “Нүүдэлчдийн домог”-ийн эзэн, тус нийгэмлэгийн тэргүүн Б.Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Нүүдэлчдийг юугаар таньж, ялгаж болох вэ, тэр бүхнийг нэг дор багтаасан санагдлаа. Бүтээлийн санаа хэрхэн төрсөн талаар сонирхуулна уу?
-Дэлхийн түүх нүүдэлчдээс эхтэй гэдэг санаа, агуулгатай. Нотлохын тулд гэх үү, ер нь мэдээллийг тоймтой хүргэхийг зорьж археологийн олдворуудаас нэлээд оруулсан. Мөн тэнгэр үзлийг илтгэх бөөгийн хэнгэрэг, өмсгөл, титэм зэрэг ч бий.
-Билиг гэж тодотгодог нэг эвэртэй гөрөөсөөр ямар домгийг илэрхийлэв?
-Хүннүгийн үед хангай дэлхийгээ хамгаалдаг ийм амьтан байсан гэсэн домог бий. Домгийн сэтгэлгээнд ихэвчлэн хийсвэр байдлаар авч үзэж ирсэн ч зарим эх сурвалжид тухайн үед үнэхээр нэг эвэртэй гөрөөс байжээ гэж тэмдэглэсэн байдаг талаар судлаачид ярьдаг. Би энэ бүтээлдээ амьд юм шигээр зурлаа.
-Дэлхийн түүх нүүдэлчдээс эхтэй гэдэг санаанд, монголчуудыг хамруулж буй гэсэн үг биз?
-Тийм ээ. Хүннүгийн үеийн булшнаас гаргаж ирсэн хөгжмийн зэмсэг, ширдэг, луугийн дүрс зэрэг археологийн олдвор монголчуудын үүх түүхтэй холбоотой.
Бэлтгэсэн Р.Оюунаа