Морин хуурын чуулгынхан арваннэгдүгээр сарын 8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод байдаг Марийнский болон Капелла театрт аялан тоглолт хийхээр зэхэж байгааг Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр мэдээлэв.
Энэхүү тоглолт нь Соёлын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын түвшинд хийж байгаа ажил бөгөөд мэргэжлийн 33 хөгжимчин, бүжигчин, дуучин, МҮОНРТ-ын 3 зураглаачийн нийт 45 хүн тус улсыг зорихоор боллоо.
Тоглолтыг цар тахлаас өмнө товлосон боловч ОХУ-ын талаас коронавирусийн нөхцөл байдлын улмаас цуцлаад байжээ. Дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Оросын ууган театр болох Марийнский болон Капелла театрт Монгол Улсын Гавьяат дуучин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар дуулж байснаас, 33 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолт хийж байгаа анхных гэдгийг З.Хосбаяр онцлов.
Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр, урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээхээр болсон. Хэдийгээр цар тахлын улмаас хөл хорио тогтоож, урлаг соёлын арга хэмжээг өнөөдрийг хүртэл хязгаарласан ч хөгжимчид сайхан цагийг нэг ч өдөр алгасаагүй бэлтгэл сургуулилтаараа хүлээж байв. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уран бүтээлчид цахим орчинд сонирхолтой контентүүдийг бүтээж, олон нийтийн хүртээл болгожээ. Та дараах линкээр орж, сонирхоорой…