Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уламжлалт ёсоор анх нийслэл хотын шав тавьсан “Мэлхийт” хөшөө болон “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ.
Ёслолын үйл ажиллагаа өглөөний 10.30 цагт эхэлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ өдөр Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, монгол цамын хэсгээс бүжигчид бүжиглэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулж, Улаанбаатар чуулгын бүжигчид цамын бүжгийн хэсгээс бүжиглэв.
“Мэлхийт хөшөө”, Нийслэлийн “Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-нд Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтнууд, иргэдийн төлөөлөл тойрог хэлбэрээр явж Сүлдэт хуур, Нууц товчоонд хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүхийн хуудсыг сөхвөөс, 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл эхэлсэн.
Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ.
Энэ түүхэн цаг хугацааг хойч үедээ үргэлж сануулан, өвлүүлэн үлдээхээр тус шав тавьсан газрын хойно 1994 онд “Мэлхийт” хөшөөг босгож байсан юм. Ингээд жил бүрийн аравдугаар сарын 29-нд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ.