Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулжээ. Энэхүү театрт ирэх сарын 25-нд Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт пост драмын жүжиг тайзнаа тоглох гэж байна.
“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, М.Батболд найруулан тайзнаа амилуулах юм. Мөн тус жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглох юм байна.
Зохиолч Ф.М.Достоевскийн хувьд амьдралдаа шүүхээр шийтгүүлж, шоронд хоригдож, цаазын ял сонсож, цөлөгдөж, хоосон ядуу байж, мөрийтэй тоглоомд донтох зэргээр ихийг үзэж туулсан нэгэн. Энэхүү бүтээл нь нэрт зохиолчийн Эзэн хааныг алах хуйвалдаанд оролцсоныхоо төлөө шийтгэл хүлээж, Сибирийн цөллөгт явж ирснээсээ хойш бичсэн томоохон бүтээлүүдийн нэг юм. 1866 онд бичигдсэн уг романы гол баатар Родион Раскольников айж чичирсэн арчаагүй амьтан биш, эрхтэй сүртэй хүн гэдгээ батлан харуулахын тулд хүний амь хөнөөхөөр шийддэг. Зохиолч ёс журамтай, ухаантай, сайхан сэтгэлтэй залуу эр, алуурчин болон хувирч байгааг, мөн гэмт хэрэг үйлдсэн Раскольников гэмээ цайруулж чадах тухай өгүүлдэг байна.
Тэрээр амьдралдаа үзэж туулсан бүхнээ хамгийн гол зохиол бүтээлүүддээ хосгүй чадварлагаар илэрхийлэн бичдэг. Түүний “Гэм зэм”, “Солиот”, “Ноход”, “Хөвүүн заяа”, “Карамазовын хөвүүд” зохиолууд нь дэлхийн сор бүтээл болж үлджээ.