Гүр хан Жамуха нэг тэнгэрийн дор хоёр хаан байх ёсгүй хэмээн Чингисийн илдний дор тэргүүнээ тавьж бөхийсөн. Харин Чингис түүнийг хаан мэт үзэж, цус гаргалгүй амийг нь тасалж “буцаасан” түүхтэй. Насан эцэслэх хүртлээ андын тангарагтаа үнэнч байж, Мөнгөлөнгуа хатнаа хайрлан эрхэмлэсэн Гүр хан Жамухын дүрийг бүтээх хувь УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүд оноогджээ. Б.Цогнэмэхийн зохиолоор дэглэж буй “Хаадын хаан” түүхэн туульсын жүжгийн “Дотоод хяналт”-ын үзлэг, тоглолтын үеэр түүнтэй уулзаж, ярилцлаа.
- Таны хувьд ялагдал гэж юу вэ?
- Амьдралын зовлон жаргалаа хуваалцах, үнэнч андгүй болсон хүн ялагдагч. Харин эд хөрөнгө, эрх мэдэлгүй байх нь эр хүний хувьд ялагдал биш. Ер нь би хаа явсан газраа найз “цуглуулж” явдаг хүн. Надад тэнгэрт хальсан найз ч байна. “Тэнэг” болсон найз ч бий. Түшиж суух ч найз ч олон. Би “найз чамдаа” гэж хэзээ ч нялуурч үзээгүй. Үгээ би дүрээрээ илэрхийлье гэж боддог. Миний энэ амьдарсан он жилүүдийг надтай хамт элээсэн анд найзууддаа Жамухын дүрээ зориулж байна.
- Гүр хан Жамуха Чингис хаанаас дутахааргүй сэцэн цэлмэг, баатар эр байсан гэдэг. Гэвч андын тангарагтаа эцсийн мөч хүртэл үнэнч байж, Тэмүүжинг хаан болгохын төлөө түүний замыг засаж, өөрийгөө золиослосон гэдэг шүү дээ...
- Жамуха байгаагүй бол Чингис хаан байхгүй. Чингис хааныг Жамуха хурцалж өгсөн. Тэр хоёр бол арга билэг, нэг нэгнийгээ нөхөж амьдарсан. Хэдий Жамухын хувь заяа таагүй төгссөн ч агуу их хан байсан. Андлалдаа үнэнч байна гэдэг эх орондоо үнэнч байхын нэр.
- “Хаадын хаан” түүхэн жүжгийн зохиолтой жилийн турш уншиж танилцсан гэсэн. Дүрийн судалгаа хийж байхад, сонирхолтой баримт таарав уу?
- Манай театрт археологи, палеонтологи, цэргийн түүхийн зэрэг олон эрдэмтэд ирж, жүжигчдэд лекц уншдаг. Тухайлбал, Доктор, профессор С.Дулам гуайн хэлснээр Жамухыг Жамухай гэж дууддаг байжээ. Мөн Зүчи бус Зочи гэдэг байсан гэх мэтчилэн бүх түүхэн нэрийг тайлбарлаж өгсөн. Бидний өмнө өчнөөн түүхэн баримт бичиг, судалгааны судар бичгүүд байна. Дэлхийд түүхчид ч өөр өөрсдийнхөөрөө өнцгөөс бичсэн байдаг. Тухайлбал, зарим түүхч Жамухыг бодит биш гэдэг. Гэхдээ энэ хүн үнэхээр бодитой амьдарч байсан нь баримтаар нотлогдсон.
- Жамухын дүрээс өнөөгийн бидэнд хэрэгтэй зан чанар нь юу вэ?
- Жамуха шиг хэрцгий догшин, ааштай авиртай, гүйлгээ ухаан нь маш хурдтай сэтгэдэг хүн тухайн цаг үед ховор байсан болов уу. Тиймээс ч түүхэнд Жамуха сэцэн гэж бичиж үлдээсэн нь учиртай биз. Нэн тэргүүнд Жамуха бол нөхөрлөлийг урдаа тавьсан хүн.
ГҮР ХАН ЖАМУХА: Байз, юу хэлэх гэж байна? Чи арай намайг орхиод үрийнхээ араас хөх сүүдэр унаган алсарах гэж байгаа юм биш биз? Үгүй ээ болохгүй ээ... Чамаас өөр хэндээ хайрын үгээ хэлж, сэтгэлийнхээ очийг сэржигнүүлэх вэ... (Мөнгөлөнгуа хатандаа хандаж хэлсэн Жамухын хэсгээс)
- Энэхүү дүрд хуваарилагдснаа сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?-
-Үнэхээр “шок”-онд орсон. Жамухын дүрд тоглох сон гэж хүсэж мөрөөдөж явлаа. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц хүүхэд байхаасаа л Жамухаар “өвчилж” байсан. Бид хоёрын хөөрөлдөөн сүүл рүүгээ түүх рүү яваад орчихдог. Ингэхдээ дандаа л Жамухын тухай ярьдаг байсан нь өнөөдөр надад их хэрэг боллоо. Шараваадаа баярлалаа.
- Та дараагийн дүрээ ямар дүр байгаасай гэж хүсэж байна?
- Би найруулагчийн оноосон дүр бүхэнд тоглох юм сан л гэж хүсдэг. Түүнээс тэр, энэ дүрд тоглоё гэж боддоггүй. Миний ганц мөрөөдлийн дүр бол Жамуха байлаа. Сонгодог жүжгээс бол Гамлет. Гэхдээ Гамлетад би тохирохгүй л байхгүй юу.
- Яагаад?
- Мэдээж энэ театрт би Гамлет тоглоно гэж байхгүй. Жүжигчин Түвшинхүүг харахаар “тэнэг” том биетэй, хэрцгий догшин, сөрөг талын дүр гэж найруулагч болоод үзэгч нарын “нүдэнд” тусдаг юм болов уу. Миний ампулаа /дадмал дүр/ иймэрхүү байгаад байх шиг ээ...
ЧИНГИС ХААН: Анд минь би орондоо ч орох завгүй 14 жилийн турш 15 том тулалдаан хийлээ. ГҮР ХАН ЖАМУХА: Чи тэр олон тулааны аль нэгэнд нь үрэгдэж болох байсан. Гэхдээ Бодончар сэцэний сүнс харж буй гэж богино ухаандаа бодож явлаа... Чи бид хоёрын хэн нэгэн нь үрэгдвэл, Тангуд, Татар, Алтан улсын мөнхийн эрхшээлт савраас ангижирч үл чадах байлаа...
-Энэхүү түүхэн жүжиг хэдэн хэсгээс бүрдсэн жүжиг болох вэ, хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна?
- Анх 15 үзэгдэлтэй ирсэн. Зургаан цагийн жүжгийг 3 цагт багтааж, хураасан. Арын албаныхантайгаа нийлбэл, 200 гаруй хүн “Хаадын хаан” жүжгийг бүтээлцэж байна даа.
-Хөөх энэ дайны хувцасны хормой ямар хүнд юм бэ! Жамухын дүрийн энэ өмсгөл хувцас хэдэн килограмм юм бэ? Эхний нэг, хоёрдугаар үзэгдлийн үеэр та бараг 5-6 хувцас сольж өмслөө...
-Нийлээд бараг 10 гаруй кг болчих байх аа даа. Чингис хааны дүр бүтээж байгаа манай Амгаа бид хоёрын хувцас нэлээд хүнд талдаа. Өнөөдөр дотоод хяналтын үзлэг учраас зарим өмсгөл хувцас хараахан бүрэн гараагүй байна. Жижиг хэрэгсэл, өмсгөл хувцсыг бүгдийг шинээр хийлгэсэн.
ЧИНГИС ХААН: Хэрвээ би үхчихсэн бол Гүр хан чи Гүрэн Монголын эзэн болох байсан бус уу...
ГҮР ХАН ЖАМУХА: Үгүй дээ анд минь.... Харин би хаан нэр зүүсэн. Хувиа бодсон аймшигт нэгэн болох байлаа... Анх чамайг хүүхэд ахуй цагт чинь Бэгтэр ирлээ биз. Харин идэр залуу насанд чинь би чамайг ирлэсэн шүү. Би чиний билүү болж, энэ ертөнцөд Чингис хаан төрсөн юм... За уурганы чинь хуйв урт, ухааны чинь цараа уужим байг....
-Жүжгийг бүтээхэд, төсөв нь хэд орчим болж байна?
- Мэдэхгүй ээ... Гэхдээ 300-400 сая орчим байгаа болов уу. Олон жилийн өмнөөс л энэ жүжгийг тайзнаа амилуулах талаар ярьсан юм билээ. Нэг бүтээлийг хийхэд түүнийгээ дагаад, ая, дуу, бүжиг, тайзны жижиг хэрэгсэл, хувцас чимэглэл гээд бүх зүйл шинээр бүтээдэг шүү дээ...
-Тус жүжгийг ямар төрлөөр хийж байгаа вэ?
-“Art performance” жанраар найруулж байна.
-Удахгүй УДЭТ-ын 90 жилийн ой тохиох гэж байна. Та энэ их айлын 20 гаруй жилийн түүхийг хамт олонтойгоо бичилцсэн хүний нэг. Театрыг цааш хөгжүүлэх талаар бодлоосоо хуваалцаач...
-Би Б.Баатар найруулагчид их баярладаг юм. Намайг гудамжинд танхайрч явахад “чихдэж” авчраад, анхны гол дүрийг минь өгч байсан. Энэ бол миний хувьд их хувь заяа юм. Түүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд олон ч тайз дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөллөө. Ер нь би театртаа бүх амьдралаа зориулна, өөрийгөө “золиосолно” гэж боддог юм. Театрын урлаг бол хэзээд мөнх. Кибер орчинд очсон ч театр оршсоор л байна. Магадгүй ирээдүйд жүжигчингүй болчихсон байж мэднэ. Ер нь анзаарч байхад, гэнэт гарч ирсэн зарим урсгалууд хэсэг хугацааны дараа сарнин алга болдог. Харин театр мөнх хэвээр. Удахгүй манай театр 90 насныхаа төрсөн өдрийг угтах гэж байна. Театрыг цааш хөгжүүлэх тухайд, манай улс дахин нэг мэргэжлийн урлагийн өрсөлдөхүйц театртай болоосой гэж хүсдэг.