НҮБ-ын дүрмийг монгол уран бичгээр бичсэн цор ганц гар бичмэлийг МУБИС-ийн харъяа Лицей сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрад гардуулан өглөө. Энэхүү гар бичмэл номыг бүтээхэд 21 аймаг, нийслэлийг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхдүүд гар бие оролцжээ.
Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Эл өдрийг тохиолдуулан, 1000 жилийн түүхтэй үндэсний бичгээ олон улсын давцанд улам гүнзгий сурталчилан таниулах түүхэн үйл явдал өнөөдөр болсныг тус аяныг санаачлагчид онцолж байв.
Гурван сарын турш хэрэгжсэн аяныг “Монгол дуу дүрс, дүрс сан” ТББ-ын тэргүүн Б.Баясгалан уг төслийг санаачилж, “Бичиг соёл төв” ТББ-ын тэргүүн Д.Ганбаатар мөн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нар хамтран зохион байгуулжээ.
Энэ үеэр, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра үг хэлэхдээ, “Миний бие 11 сарын сүүлээр НҮБ-ын төв байранд албан ажлаар очино. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэд энэхүү аяны үр дүн болсон номыг аяныг хэрэгжүүлэгч болон гар бие оролцсон хүүхэд залуус, багш нарын өмнөөс гардуулан өгөхөө мэдэгдэж, гар бие оролцсон хүүхэд багачууд, багш нар, аяныг санаачлагчдад талархлаа илэрхийлье” хэмээлээ.