Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран театр байгуулсан. “Орфей” театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөсөн аж. Монголын театрын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээлээс анх удаа “амилуулах”-даа сэтгэл зүйн төрлөөр хүргэхээрээ онцлог. Уг уран бүтээлийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгох юм. Уг уран бүтээлийн явцыг сонирхохоор “Русский дом”-ыг зорьсон юм.
“Гэм зэм”-ийг ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийг дүүргэсэн М.Батболд найруулж буй. Түүнийг театрын урлагт шимтэгсэд В.И.Гётегийн “Фауст” жүжгийг Монголын тайзнаа анхлан толилуулснаар нь мэднэ. Тэрбээр удаах уран бүтээлийнхээ талаар “Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романы утга санаа, үйл явдал өнөөдрийн бидний амьдралын өнгө төрх, эргүүлэгтэй нийцэхээс гадна гарц зааж өгсөн зохиол мэт санагддаг. “Гэм зэм”-ийг постдрам төрлөөр найруулж хүргэнэ. Жүжгийн энэ төрөл маш баялаг, сонирхолтойгоос гадна шинэлэг, орчин үеийн хэв шинжийг агуулсан. Үзэгчид гэлтгүй ер нь хүмүүс “Гэм зэм” романыг ганц удаа болов уншчихад илүүдэхгүй. Учир нь сэтгэлгээ, оюундаа харьцуулах чөлөөт орон зайн боломж өгснөөр хөгжих, дэвших үндэс тавигдана. Бид оюунлаг иргэний нийгэм байгуулах гээд л “цахилгаан галт тэрэг”-ний хойноос явган гүйж байгаа” хэмээсэн. Жүжгийн ерөнхий зураачаар Л.Батбилэг, продюсероор “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг нарын уран бүтээлч гар нийлэн ажиллаж байна.
М.Батболд найруулагч “Гэм зэм”-ийг тайзны уран бүтээл болгохоор шийдээд яруу найрагч, зохиолч, утга зохиолч судлаач Я.Баяраад жүжгийн зохиолд хөрвүүлэх санал тавьжээ. Я.Баяраа “Санал тавихад их л додигор хүлээж авсан. Энэ романаар Ф.М.Достоевскийтэй “танилцаж”, хичээлийн хөтөлбөртөө оруулж заадаг болохоор санаанд багтсан юм. Гэтэл бичиж эхлээд л хана мөргөчихсөн. Учир нь түүний зохиолууд хөдөлшгүй логиктой, их нарийн. Тэгээд ч залуудаа биш, том зохиолч болсон хойноо бичсэн роман нь. “Зад татах”, хөндөх боломжгүй. Харин ОХУ-д боловсорч, зохиолын задаргаа, системүүдийг нь эзэмшсэн найруулагчтай ажилласан нь миний хөдөлмөрийг их хөнгөвчилсөн. Хүүрнэл зохиолыг жүжгийнх болгох тийм амар биш. Хүүрнэл зохиол дотроо Ф.М.Достоевскийнх төгс бөгөөд сонгодог жишээ. Маш оновчтой гарц олохын тулд шийдэл хэрэгтэй болсон. Сайн анзаарвал зохиолоо нарийн тооцоолж, загварчилж бичсэн байдаг юм билээ. Хүмүүс “Гэм зэм”-ийг нуршуу л гэдэг. Би бол тэгж боддоггүй. Монолог, харилцан яриа, өнгөн дүрслэлтэй, маш баялаг. Тиймээс жүжгийн зохиол болгоход сонголт арвин мэт атлаа зориг, мэдрэмж шаардаж байлаа. Романаас илүү тодруулах дүрүүдээ нааш татаж, хэрэгцээгүйг нь түлхэж, үйл явдлаа “ачааллуулах”, тайзны дүрслэл бий болгохдоо их “гашилсан”. Гэхдээ дууссан хойно амттай санагдаж байна. Түрүүн хэлсэнчлэн найруулагчтайгаа жүжгийг харах өнцгөө алгуурхан нийлүүлж, нэг цэгт огтлолцуулж чадсан нь зохиол бичих явцыг хөнгөвчилж, бас хурдлуулсан болов уу” гэсэн юм.
Хоёр бүлэг, 23 үзэгдэлт эл жүжгийн үйл явдал ОХУ-ын Санкт-Петербург хотод өрнөнө. Өнгөц харахад энд их сургуулиасаа чөлөө авсан, тарчигхан амьдардаг Раскольников хэмээх залуу ёс суртахуунгүй мөнгө хүүлэгчийн амийг бүрэлгэх төлөвлөгөө боловсруулж, улмаар хороосон хэргийн талаар өгүүлэх мэт. Ингэхдээ зохиолын баатрын сэтгэлийн шаналал болон ёс суртахууны мухардмал байдал, оюун санааны амьдрал, түүний хийсэн гэмт хэргийн сэдэлд хийсэн дүн шинжилгээг үзүүлэх аж. Жүжгийн зохиолыг хүүрнэх бус, бүтээх үйл явцыг сонирхуулдаг нь “Бага тайз” булангийн онцлог учраас хэн бүхний мэддэг романаас эш татах биш, найруулагчийн шинээр “төрүүлэх” жүжгийн зарим онцлогоос сонирхуулъя.
“Гэм зэм” жүжгийн сургуулилалт “Русский дом”-д ид үргэлжилж байна. Жүжигчид ширээний уншлагаа дуусгаж, одоо жүжгийн үзэгдлүүдийг эхнээс нь тайзан дээр “өрж” байгаа аж. Эл жүжгийг Монголын үзэгчдэд хүргэх сураг гарсан даруйд гол дүрийг хэн бүтээх бол гэсэн таамаг театрын урлаг сонирхогчдын дунд хөвөрсөн. Харин найруулагч М.Батболд жүжигчин Д.Лхагвыг сонгосон юм. Родя буюу Родион Романович Раскольниковд “хувирах” LVA энтертайнментын жүжигчин, найруулагч, “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва 2001 онд СУИС төгсөхдөө У.Шекспирийн “Гамлет” жүжгээр диплом хамгаалж, Төрийн шагналт Н.Сувд, Ардын жүжигчин Л.Жамсранжав нартай тоглож байв. Түүнчлэн 2004 онд С.Жаргалсайханы “Дурлал яг үлгэр шиг, үхэл шиг” жүжиг, 2006 онд “Зун орсон цас” мюзикл, 2013 “Найзууд” театрын “Гэнэтийн бэлэг” тайзны уран бүтээлд тогложээ. Энэ удаа хувирах дүрийнхээ талаар “Уран бүтээлчийн хувьд өөрийгөө үзэгчдэд өөрөөр харуулах боломж, завшаан гэж олзуурхаж байна. Хүний эрхэм дээд чанар, арчаагүй дорой байдлын аль алиныг нь илэрхийлсэн дүр. Өмгөөлж, өмөөрч, хамгаалж, бүхнээ зориулж тоглох дүр. Тиймээс маш урамтай, өөрийгөө дайчлан ажиллаж байна” гэсэн.
Сонирхуулахад, Ф.М.Достоевский 1865 оны зун яруу найрагч, хүн амины хэрэгтэн Пьер Франсуа Ласенерийн хэргээс “Гэм зэм”-ийнхээ санааг олжээ. Тэрбээр тухайн үед “Архичин” гэх зохиол дээр ажиллаж байсан агаад архидан согтуурах тухай, үүнээс үүдэлтэй бүх асуудал, гэр бүл, ялангуяа тийм нөхцөлд хүүхэд хэрхэн өсөх гэх зэрэг сэдвээр бичиж байсан нь “Гэм зэм” дэх Раскольниковын дүр болон түүний гэмт хэргийн түүхэнд “хачир” болсон Мармеладовын гэр бүлийн түүхийн үндсэн сэдэв болсон гэдэг. “Гэм зэм”-ийн Семен Захарович Мармеладовын дүрийг Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “урлана”. Эл жүжигт ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид хамтарч буй. Түүнчлэн тайзны уран бүтээлээр үзэгчидтэй уулзалгүй удсан жүжигчид эргэн мэндэлчилнэ. Тухайлбал, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нарын туршлагатай уран бүтээлчид дүр бүтээх бол тэдэнтэй хамтран жүжигчин Д.Түвшинбаяр, Б.Одгэрэл, Г.Золзаяа, Х.Баярмаа, Х.Цасчихэр, У.Эрдэнэбаяр, Ж.Тэмүүлэн нарын залуу уран бүтээлч тоглох юм. Тэдний авьяас, ур чадвараар дамжуулан нийгмийн давхаргын ялгаа, хүмүүсийн мөн чанар, хайр дурлал, үзэн ядалт, үхэл зэрэг хүний амьдралд туулж болох бүх л мэдрэмжийг нэг уран бүтээлээс мэдрэх нь.
Сонирхуулахад, Ф.М.Достоевский 1811 онд Оросын Санкт-Петербург хотод төрсөн, 60 наслахдаа “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа”, “Крамазовын хөвүүд” зэрэг романаараа утга зохиолд шимтэгсдийн дунд нэрд гарсан юм. Тэрбээр “Гэм зэм”-ээ 1866 онд анх “Russian messenger” уран зохиолын сэтгүүлийн сар болгоны дугаарт 12 хэсэг болгон гаргасан бөгөөд дараа нь нэгтгэн хэвлүүлжээ. Энэхүү роман нь Ф.М.Достоевскийн Сибирийн цөллөгөөс ирээд бичсэн хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл бөгөөд “Гэм зэм”-ийг түүний “боловсорч гүйцсэн” үеийн хамгийн анхны аугаа зохиол гэж үздэг. Ер нь уран зохиолд тохиосон хамгийн төгс бүтээлийн нэгт тооцдог байна. Түүний бүтээлүүдээс сэдэвлэсэн тайз, дэлгэцийн олон бүтээлийг дэлхийн даяар туурвисаар буй. Харин Монголын үзэгчдэд 1980 онд найруулагч Александр Зархийн “Достоевскийн амьдралын 26 өдөр” намтарчилсан уран сайхны киног 2010 онд “Монгол кино” үйлдвэрийн дуу оруулгатайгаар “Боловсрол суваг” телевиз, найруулагч Владимир Хотиненкогийн “Достоевский” найман ангит цуврал киног МҮОНТ-ийн уран бүтээлчид орчуулж, дуу оруулан 2019 онд толилуулжээ.
Найруулагч М.Батболдын “Хүнлэг чанар, итгэл, хайр гэдэг энэ харанхуй ертөнцийг нарнаас ч хүчтэй гэрэлтүүлэгч гэдэгт итгэнэ” хэмээн онцолсон “Гэм зэм” жүжгийг ирэх сарын 25-наас “Русский дом”-ын тайзнаас тольдоорой.