Италийн Неаполь хотод энэ сарын 28-30-нд болох Энрико Карузогийн нэрэмжит дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны шийдвэрлэх шатуудад манай улсын найман дуучин өрсөлдөхөөр шалгарсан юм. Гэвч тэдний дөрөв нь л биечлэн очиж дуулах нь. Бусад нь амьдарч буй улсынхаа цар тахалтай холбоотой журмын дагуу визийн шалтгаанаар явах аргагүйд хүрчээ. ДБЭТ-ын гоцлол дуучин тенор Д.Эрдэнэ-Очир, басс хоолойт С.Бат-Эрдэнэ нар Испаниас уг уралдааныг зорих юм байна. Нэг хэсэг хойд хөршийн Дуурийн театрт ажиллаж байсан Д.Дагвадорж замдаа яваа бол олон улсын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож байсан Б.Жавхлантөгс маргааш эх орноосоо хөдлөх нь.
Дуурийн урлагийн алдартан Энрико Карузо нь дуугаа анхлан пянзанд бичүүлсэн түүхэн уран бүтээлч тул өөд болсных нь 100 жилийг тохиолдуулан төрөлх хотынх нь захиргаанаас эл уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Ташрамд дуулгахад, Москвад Пласидо Домингогийн нэрэмжит “Опералиа-2021” уралдааны төгсгөлийн шатанд өрсөлдөхөөр очсон дуурийн дуучин Э.Очирсайхан “Ковид-19”-өөр өвдсөн тул тайзнаа гарах аргагүй болсон бөгөөд нэрт маэстро хоёр жилийн дараа оролцох боломжийг түүнд олгожээ.
Бэлтгэсэн Р.Оюунаа