Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх, эсэхийг дэмжлээ. Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16-19 насны 500 орчим хүүхэд байдаг байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжинд байсан 0-16 хүртэлх насны хүүхэд болон сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэлх насны хүүхэд авах эрхтэй боловч хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд нас барсан нэг даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тэжээгчээ алдсаны тэтгэврийг тооцон олгож байгаагаас тухайн хүүхдийн тэтгэврийг бодитой тогтоохгүй байгаа аж. Иймд эцэг, эхийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг нэгтгэсэн дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг бодож тогтоох шаардлагатай байгаа талаар хуулийн төслийн танилцуулгад дурдлаа. Мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас авснаас хойш хүндэтгэх шалтгаантай бол зургаан долоо хоногийн дотор өргөдөл гаргах, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөхөөр байдаг боловч зарим тохиолдолд амаржсан эх гэр бүлийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хуулийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжгүй байдаг тул дээрх хугацааг 6 сарын дотор болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.