Балетчин У.Бат-Эрдэнийг манай улсын сонгодог урлагийнхан, балет сонирхогчид сайн мэддэг болсон. Тэрбээр Нью-Йоркт гэргий, охины хамт амьдардаг бөгөөд балетын багш, олон улсын уралдаануудын шүүгчээр ажилладаг билээ. Өнгөрсөн хавар эх орондоо балет, бүжгийн олон улсын уралдааныг Монголын “G-River ballet studio” болон БНСУ-ын талтай хамтран зохион байгуулсан. Уг уралдааныг түүний нэрэмжит болгон явуулсан юм. У.Бат-Эрдэнэ ирэх есдүгээр сарын 14-нд Улаанбаатарт балетын олон улсын оддын хамтарсан “Ballet stars gala” тоглолтыг үзэгчдэд хүргэх гэж байна. Тоглолт тухайн өдөр “Корпорэйт конвеншн центр”-т хоёр удаа буюу өдөр, үдэш болох юм.
Түүнтэй холбогдож, уг тоглолтод хаанахын хэн хэн гэдэг балетчид оролцох талаар тодруулав. Тэрбээр “Жинхэнэ оддыг урьж, Монголынхоо балет сонирхогчдод дэлхийн балет ямар түвшинд байдгийг харуулахыг хүсэж ирсэн юм. Жишээ нь, Оросын Мариинский театрын балетын жүжигчин Мариа Хореваг энэ цагийн номер нэг хэмээн балетын ертөнцөд хүлээн зөвшөөрдөг. Энэ тухай “Google trend”-ээс харж болно. “American ballet theatre” болон “Berlin state ballet”-ын тэргүүн гоцлооч Даниил Симкин бол мөн л энэ цаг үеийн шилдэг тавын нэг. Өнгөрсөн хавар бидний зохион байгуулсан балет, бүжгийн олон улсын анхдугаар уралдааны хаалтын тоглолтод уран бүтээлээ үзүүлсэн дуурь, балетын “Астана-опера” театрын тэргүүн гоцлооч Бахтияр Адамжаныг олон улсад“Мистер виртуоз” гэж өргөмжилдөг болоод байгаа.
Тэр дахин манай улсын үзэгчидтэй уулзахаар болсон. Балетын “Оскар” гэж болох “Бенуа де ла данс” шагналын эзэн Владислав Лантратов ирнэ. “Их театр”-ын тэргүүн гоцлооч, энэ онд тус улсын Ардын жүжигчин болсон Екатерина Крысанова тоглоно. Мөн сүүлийн жилүүдэд дэлхийн балетад хүчээ аваад буй, Мариинскийн уран бүтээлч Елена Свинко, Раманбек Бейшеналиев, Максим Изместьев нар чМонголд ирнэ. “New York city ballet” болон Аргентины “Colon” театрын гоцлооч Ана Софья Шеллер, Унгарын Үндэсний театрын тэргүүн гоцлооч Татьяна Мельник нар тоглох гэж байна. Тэднийг олон улсад нэр нь түгсэн одод гэхийн сацуу яг л “гал астал” бүжиглэдэг балетчид гэж хэлнэ. Нэрд гарсан оддын дунд тийм сайн бүжиглэдэггүй нь бас байдаг. Энэ уран бүтээлчид тийм биш. Тэд балет гэж юу байдгийг үзүүлэх болно” гэсэн юм.
Газар газраас балетын оддыг авчрах, байрлуулах зэрэгт болон тоглолт зохион байгуулахад ихээхэн зардал гарна. Энэ бүхнийг хэрхэн шийдэж байгаа талаар зохион байгуулагчаас асуухад “Бүгд л нэг удаагийн тоглолтод өндөр үнээр оролцдог хүмүүс. Гэхдээ миний урилгыг талархан хүлээж авахдаа “Төлбөрөө хагаслаад өгчих өө” гэсэн. Учир нь намайг хүндэлж явдаг, надаас суралцдаг, хичээл заалгаж ч байсан тул ийм боломж олгож байгаа юм билээ. Түүнээс биш бүгдэд нь тоглолтын хөлсийг бүтэн төлнө гэвэл дийлэхгүй” гэлээ. Балетчин У.Бат-Эрдэнэ эх орноосоо хол олон жил ажиллаж, амьдрахдаа балетын урлаг дэлхийд хэр түвшинд хөгжсөнийг харуулах сан, ид бүжиглэж байгаа оддын тоглолтыг үзүүлэх сэн гэж бодож явснаа ийнхүү биелүүлэх гэж буй аж.