Карабахт Оросын энхийг сахиулагчид амиа алдахад Баку (Азербайжан) эмгэнэл илэрхийлж, Ереван (Армени) дуугүй өнгөрөв. Дүрвэгчдийг аюулгүй газарт авааччихаад буцаж явахдаа оросууд буудуулж, 2020 оны дайны үеийнх шиг, Арменийн олон цэргийг өөрсдийн амиар үхлээс аварсан юм.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын БНУ-ын сунжирсан, цус урсгасан, эмгэнэлт түүх зүй ёсны төгсгөлдөө хүрч, эндхийн армянчууд Бакуд бууж өглөө. Зүй ёсны гэж хэлж буй нь Арменийн удирдлагын үйл ажиллагаа, үг хэл нь чухам үүн рүү хөтлөөд байв. Азербайжаны явуулж ирсэн алан хядах ажиллагааны эсрэг, Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоохын төлөөх хязгаарлагдмал арга хэмжээний дүнд Карабахын армянчуудын зэвсэгт хүчин ноцтой хохирол хүлээж, олон жил зүдэрч байгаа энэ газар нутгийн ирээдүйн талаар албан ёсны яриа хэлэлцээ хийхээр тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Карабахыг Азербайжаны эрх мэдлийн харьяанд шилжүүлэхээр боллоо.
Хурцадмал байдлыг намжааж, цус урсгахаа зогсоох, иргэдийн амийг хамгаалахад Оросын энхийг сахиулагчид гол үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, Степанакертийн нисэх онгоцны буудлын орчимд байгаа энхийг сахиулагчдын төвд эмнэлгийн отряд бий аж. Энд 2260 гаруй иргэн, түүний дотор 1049 хүүхэд байгаа гэнэ. Иргэдийн хүмүүнлэгийн эрхийн хэм хэмжээг сахина гэж Бакуд найдаж буйгаа Оросын тал илэрхийлжээ. Карабахыг хамгаалалгүй, Арменийг хөсөр орхиж, олон зууны нөхөрсөг харилцаагаа хайхралгүй Алиев, Эрдоан нарт өглөө гэж Ереван үзэж байна. Тиймээс тус хотынхон ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд эсэргүүцлээ илэрхийлэв.
2022 оны аравдугаар сард Европын Холбооны ивээл дор Прага хотноо дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр НҮБ-ын дүрэм болон 1991 онд Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгээс гаргасан Алма-Атагийн тунхаглалыг мөрдөхөө Армени, Азербайжан улс нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэгнийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг ЗХУ-ын БНУ байсан үеийнхээ хил хязгаараар хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хил хязгаараар бол Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр. Үүнийг уг дээд хэмжээний уулзалт дээр Пашинян өөрөө нотолсон.
2023 оны хавар мөн Европын Холбооны ивээл дор Брюссель хотод бас нэг дээд хэмжээний уулзалт болж, энэ асуудлыг дахин хэлэлцээд Уулын Карабах Азербайжанд харьяалалтай болохыг тус хоёр улс, түүний удирдагчид нь баталгаажуулсан юм. Тэгэхлээр Азербайжан газар нутаг дээр өөрийн дотоод асуудлыг шийдэж байна гэж эрх зүйн үүднээс үзэж болно. Гурван талын тохиролцоогоор Оросын энхийг сахиулагчид нь ажиглах үүрэгтэй бөгөөд эвлэрлийн дэг журмыг хоёр тал хэрхэн сахиж буйг хянаж байдаг. Тиймээс боломжгүй зүйлийг Оросын энэ хүчнээс шаардах нь ухаалаг бус үйлдэл төдийгүй өдөөн хатгалга гэж болно. Арменийн Гюмри хотод байгаа цэргийн бааз өөр үүрэгтэй. Орос, Арменийн тохирсноор бол тус БНУ-ын нутаг дэвсгэрийг хамгаалах л үүрэгтэй учраас түүний хилийн гаднах үйл явдалд энхийг сахиулагчид оролцох ёсгүй. Тиймээс Уулын Карабахын байдал Арменийн удирдлагын үзээд байгаа шиг Орост хамаарах юм огт биш. Арменийн нутаг дэвсгэр лүү хэн ч довтлоогүй.
Уулын Карабахт байгаа зэвсэгт тэмцэгчид Оросын энхийг сахиулагчдын хяналтын дор зэвсгээ хураалгаж эхэлснийг ОХУ-ын Батлан хамгаалах яам зарласан. Энэ сарын 22-ны байдлаар хуягт техник зургаа, буу, танк эсэргүүцэх хэрэгсэл 800, зэвсэг 5000-ыг хураалгажээ. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Карабахыг “Одоо Азербайжаны дотоод хэрэг” гэж хэлжээ.
Карабахт Азербайжан хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Армениас Карабах орох зам өнгөрсөн оны эхээр хаагдсанаас тэнд хүнсний бараа, эм, хэрэгсэл дутмаг, цахилгаан, хий хүрэлцэхгүй байжээ. Уулын Карабахын “Ерөнхийлөгч”-ийн зөвлөх Давид Бабаян “Карабахт Азербайжан хүмүүнлэгийн ямар ч тусламж үзүүлээгүй. Бид Армениас л тусламж хүлээж байна” гэж хэлсэн байх юм. Азербайжанд Карабах хэд хэдэн хүсэлт тавьсан байна. Юуны урьд Азербайжаны арми дунд нь байрлаад тусгаарлачихаад байгаа гэх гэр бүлийн хүмүүсийг уулзуулахыг хүсжээ. Тэд холбоо барьж чадахгүй байгаагаас ойр дотнын хүмүүс нь амьд мэнд, эсэхийг мэдэж чадахгүйд хүрчээ. Хоёр дахь хүсэлт нь амь үрэгдсэн хүмүүсээ хайж олж, хүн ёсоор оршуулах. Уулын Карабах 200 гаруй хүн амь үрэгдсэн гээд байгаа. Зарим газартай холбоо тасарснаас үүнийг нотлох аргагүй. Азербайжаны тал хэдэн арван хүнээ алдсан гэдэг.
Олон жил бие биеэ хөнөөж байсан хүмүүс одоо яаж ийгээд хамт аж төрөх учиртай болж байна. Армянчуудыг үзэн ядах үзлийг Азербайжанд төрийн түвшинд бий болгож, “хүмүүн бус явдлын” талаар сургуулийн хүүхдүүддээ хүртэл ярьж өгдөг байв. Үүнийг Баку одоо хэрхэн өөрчлөх юм бол.
Шархадсан жирийн иргэн болон цэргийн алба хаагчдыг Армени руу эмчлүүлэхээр явуулахыг хүссэн ч Азербайжаны тал хариу өгөөгүй гэж байгаа. Хүмүүнлэгийн коридор нээж, тус бүс нутгийг орхиж, Армени руу явахыг хүссэн хүн Карабахт олон бий гэнэ. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян “Уулын Карабахт байх боломжгүй болсон гэж үзвэл хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ёстой. Байдал сайжрахгүй бол энэ асуудлыг бид шийднэ” гэж хэлжээ.
Карабахаас 40 мянган хүн хүлээж авахаар Армени бэлдээд байгаа юм. Гэхдээ нүүлгэн шилжүүлэхийг Пашинян урьтал болгохгүй байна. Тэрбээр “Эх орон нэгтнүүдээ өөрийн гэр орондоо айх аюулгүй амьдруулахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой” гэжээ. Азербайжаны төлөөлөгч ВВС-гийн сурвалжлагчтай ярилцахдаа “Бид хэнийг ч, хааш нь ч хөөгөөгүй” гэсэн байна. Тэгвэл Карабахын Степанакертэд оршин суугч нэгэн “Биднийг эндээс амьд явуулахгүй гэдэгт эргэлзэх юм үгүй. Бид бол Турк, Азербайжаны хувьд барьцааны хүмүүс. Ядаж л тэд эрчүүдийг маань явуулахгүй, аваад үлдэнэ, бид эрчүүдээ орхиод явахгүй” гэж сурвалжлагчид хэлсэн байна.
Энэ үндэслэлгүй үг биш. Армени руу эмчилгээнд явуулахаар Улаан загалмай нийгэмлэг төлөвлөж байсан 68 настай Вагиф Хачатуряныг өнгөрсөн зун Азербайжаны цэргүүд саатуулжээ. Түүнийг 1991 онд Азербайжаны нэг гацаа руу дайрсан гэж буруутгасан аж. Азербайжаны гаргасан Карабахын анхны дайнд оролцсон “цэргийн гэмт хэрэгтэн”-үүдийн нэрсийн жагсаалтад түүний нэр байсан гэж энэ хэрэгтэй танилцсан хараат бусаар хүний эрхийг хамгаалагчид ярьжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Арменийн Ерөнхий сайд Никол Пашинянтай утсаар ярьж бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэнэ. Тэрбээр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй ч ярилцсан байна.
2020 онд Уулын Карабахт байлдааны ажиллагаа дахин эхэлж, Москвагийн зуучлалаар Азербайжан, Армени улс галаа бүрэн зогсоохоор тохирч байлаа. 2022 онд Орос, АНУ, Европын Холбооны зуучлалаар Ереван, Баку хоёр энхийн гэрээ байгуулах талаар ярилцаж эхлэв. Карабахт эрх мэдлээ хэрэгжүүлэхийг Азербайжанд зөвшөөрч буйгаа Никол Пашинян энэ оны тавдугаар сард мэдэгдэж байсан. Азербайжан, Армени улс энэ онд багтаж энхийн гэрээнд гарын үсэг зурж болох юм гэж Ильхам Алиев бас мэдэгдсэн байдаг.
Сүүлийн үед олны сонорт хүрч буй мэдээллээр бол армянчууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардах болсон байна. Түүнийг Уулын Карабахын армян түмний эрх ашгийг хамгаалж чадсангүй хэмээн буруутгаж, энэ үйлдэл нь яваандаа Армени улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа алдахад ч хүргэж болох юм гэж үзэж буй аж. Пашинян огцрох бодолгүй байгаа бололтой. Тэрбээр өөрийгөө буруутгахын оронд “Оросын энхийг сахиулагчид “үүргээ биелүүлээгүй” гэсэн байр суурь илэрхийлэх болжээ. Төрийн эргэлтийн дүнд эрх мэдэлтэй болсон Пашинян ард түмнээ хэлмэгдүүлэх үйлд нэлээд гаршиж буй гэгддэг хүн. Эсэргүүцэл тэмцэлд оролцсон хүмүүст Засгийн газрын өндөр албаны хүмүүсийн шийдвэрээр энэ удаад ч бас хүч хэрэглэсэн байна. Хүмүүсийг олноор нь баривчилж, түүнд өртсөн Ерөнхийлөгч асан Роберт Кочаряны хүү бэртсэн мэдээлэл байгаа. Тэмцэлд оролцогчдод эрүүгийн хэрэг үүсгэхээр сүрдүүлж буй ч сурагтай. Никол Пашинян ордныхоо нууц хаалгаар гарч зугтсан. Түүний аюулгүй байдлыг тусгай зориулалтын хүчнийхэн хангаж буй гэх мэдээлэл бас бий.