Сэтгүүлчид сэтгүүлч нөхрөөрөө бахархаж, гангарсан өдрүүд байлаа. Манай сонины уугуул, эдүгээub.life сайтад ажилладаг Б.Энхцэцэг сүүлийн жилүүдэд бичсэн хөрөг нийтлэлүүдээрээ“Хөрөг” хэмээх ном гаргаж, саяхан нийслэлийн төв талбайд болсон Номын баярт оролцон уншигчдаа урин залсан билээ. Тэгэхэд Монголын сонгодог урлагт од болон гялалзаж байгаад харван одсон О.Батсайханы тухай “Холдох тусмаа гэрэлтэнэ”, алдарт дуучин П.Адарсүрэнгийн амьдралын талаарх “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” гэх зэрэг 14 хөрөг нийтлэлийг түмэнд түгээх үед нь уншсан болон амжаагүй уншигчид ном дуусахаас өмнө авахыг яаран талбайг зорин хурдалсаар байсан юм. Тэдний дунд сэтгүүлчид жин дарж байсныг хараад, “174 дүгээр асар хаана байна аа” хэмээн сураглах бүрт мэргэжил нэгтнүүд минь сайн бүтээлийн, сайн бичигчийн, сайтар үлгэрлэгчийн эрэлд гарсныг мэдэрч байлаа. Цаг үе ч шаардаж байгаа юм шиг. Тийм ээ, Б.Энхцэцэг сэтгүүл зүйд орон зай, дуу хоолой, байр суурьтай. Тэрбээр дараа нь өөрийн нэрийн хуудас болсон “Зурвасууд”-аараа ном гаргах аж. Хэн нэгний хэлээгүйг хэлж, санаа алдуулан, гэгэлзүүлж, ухаарал ч хайрладаг зурвасууд нь ном болон уншигчдад нь хүрэх өдөр холгүй биз ээ.
Ub.life сайтын “Өнөөдрийн зурвас” булан дахь түүний “Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй” гэсэн гарчигтай зурвасаас нь сонирхуулъя. “Эхлээд өөрийгөө таньсан хойно өрөөлийг хайрлах, мэдэх, цаг хугацаагаа эрхшээх өдөр ирнэ, охин минь. Хэн бэгэх хэмжээгээ багцаалчихаар оршин тогтнох орон зайгаа бүтээчихдэг юм, үр минь. Ээжид нь дурлалт эрийн бэлэглэсэн алмаазан бөгж байдаггүй. Жижигхэнийг тоохгүй ширвэж явсан үе бий. Одоо том нь таарлаа ч ааваас чинь хүсэхгүй болж. Амьдралыг чинь хүн зохиож өгдөггүй юм аа, алдрай минь. иймээс яг одоо асан бадарч буй чамдаа би юм л хэлбэл буруутна. Өөрийгөө тань, мэд. Өөрийгөө өөр хүн шиг сонж, сорь. Хөөрхий би гэж хулчийвал, ганцхан би гэж тийчигнэвэл амьдралаас урваж буй чинь тэр.
Амьдралдаа гол дүр бай. Ээж нь өөр юу ч зөвлөж чадахгүй. Шүүмжилж загнах мэдэл ч дутна. Хуваалцах тэргүүн туршлага ээжид нь алга. Миний зөн совин өөртөө л хүрсэн, өөр хэнийхтэй ч давхцахгүй, үрдээюуг ч амлаж чадахгүй. Ерөөлөөсөө өөр чамдаа өгөх юм ээжид нь байхгүй. Зүс гундаж, үс бууралтавч гялалзаж байдаг сэтгэл зүрхтэйгээ үлдэхийг амьдрал гэдэг шиг байна. Дуулж бүжиглэх хүсэлтэй байхыг амьдрах гэж нэрлэдэг бололтой. Арай өөрийг хэлж чадах хүртлээдахиад олон жил болох биз. Яг одоо бол иймийг л мэдэж авлаа. Надад олдсон нь л энэ. Миний хүү ээжээсээ илүү үзэсгэлэнтэй, илүү ухаантай, хавьгүй том мөрөөдөлтэй, тэр хэрээрээасан бадарч яваа. Тэгэхээр ээж нь кино үзэж байгаа юм шиг томоотой сууя даа. Гол дүр нь чи билээ”.
Б.Энхцэцэг “Би чинь ганцаараа явж байж ч мэдэх хүн. Гэтэл сэтгүүлч мэргэжил минь намайг олонтой болгосон” гэж хэлсэн. Анзаарахад түүний оюун, сэтгэлээс гарсан зурвас, хөрөг, өгүүлэл, улс төрийн сэдвээрх даацтай нийтлэлүүд нь түүнийг уншигчидтай болгожээ.