“Шинэ танил” булангаараа “Swing round” хамтлагийг танилцуулж байна. Энэ хамтлаг дуучин Ө.Санчир, гоцлол гитарчин Н.Гал, аргил гитарчин Б.Оюунболд, даралтат хөгжимчин Ж.Ган-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд “The lemons” -ийн бөмбөрчин М.Өнөрбаяр тэдэнд туслан, хамт тоглодог юм. Дуучин Ө.Санчиртай нь ярилцсанаа хүргэе.
-Хамтлагаа хэзээ, хэрхэн байгуулсан бэ?
-2010 онд хөгжим сонирхдог залуус нэгдэж байгуулсан. Бие биенээ эчнээ мэддэг байлаа. Сонсдог хөгжим ижил, сонирхол адил болохоор нэг баг болж, алдартай хамтлаг, дуучдын дуунуудыг дуулж, тоглолт хийдэг болсон. Тухайн үед “С1” телевиз “Завсарлага” хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэдэг байв. Уг нэвтрүүлэгт шинэ, залуу хамтлаг, уран бүтээлчид түлхүү оролцдог. Манайх хоёр ч удаа оролцож, бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Тэр ондоо “Playtime” олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцсон. 2011 онд би гадаадад сурч, ажиллахаар явсан юм. Намайг эзгүйд ч манай хамтлагийнхан хөгжмөө тоглосоор байсан. Таван жилийн дараа би ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан уран бүтээл хийж эхэлсэн.
-“Swing round” гэж юу гэсэн үг вэ. Хамтлагтаа яагаад ийм нэр өгөв?
-Огцом эргэлт гэсэн утгатай. Нэр өгөх хэцүү байсан шүү. Олноос сонгож өгсөн нь энэ.
-Хөгжмийн ямар урсгалаар голчлон тоглодог вэ?
-Сүүлийн үед хийж буй уран бүтээлүүд инди фанк тал руугаа.
-Хамтлаг оршин тогтнохын үндэс нь ур чадвар, тууштай байдал, зорилго, ойлголцол. Шинэ хамтлагт уран бүтээлээ студид бичүүлэх, бэлтгэлийн байр олох, түрээслэх, цаашлаад цомог гаргахад санхүүгийн асуудал тулгардаг. Эдгээр бэрхшээлийг хэрхэн давдаг вэ?
-Санал нэг байна. Хамтлагаа анх байгуулах үед санхүүгийн бэрхшээл их тулгардаг байлаа. Бэлтгэлийн байр түрээслэх гэж гэрийнхнээсээ мөнгө гуйгаад л. Дуртай зүйлээ хамт хийж, тууштай байдаг болохоор бид дээрх асуудлуудыг бэрхшээл гэж бодолгүйгээр туулсаар ирсэн. Нэг том харайх биш, шантралгүйгээр алхам алхмаар урагшлах хэрэгтэй гэж бид ярилцдаг юм. Одоо бол хөгжим, уран бүтээлээрээ орлого олдог болсон болохоор санхүүгийн асуудал тулгардаггүй.
-Анхны цомгоо хэзээ гаргах вэ. Төлөвлөсөн үү. Хэдэн дуутай, ямар нэртэй цомог гаргах бол?
-Цомгийн бичлэгүүд бэлэн болсон. Төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. 10 дуутай цомог гаргана. Харин цомгоо юу гэж нэрлэхээ хараахан шийдэж амжаагүй.
-Дуунуудынхаа үг, аяыг өөрсдөө зохиодог уу?
-Дуунуудаа өөрсдөө бичдэг. Аяыг хоёр гитарчин маань зохиодог. Харин үгээ бүгд ярилцаж байгаад бичдэг. Гитарчдынхаа бэлэн болгосон аяыг би сонсоод, хэрхэн дуулбал аятайхан сонсогдох талаас нь ажилладаг. Хөгжмийн найруулга, ямар хэв маягтай байхыг ярилцаж байгаад шийддэг юм.
-Танай хамтлагийн бусдаас ялгарах гол онцлог юу вэ?
-Хамтлаг бүрт сонсогчдынх нь онцолж хардаг онцлог байдаг шүү дээ. Бид сайхан хөгжим, чанартай дуугаралтыг эрхэмлэдэг.
-Шинэ залуу хамтлаг, дуучид студитэй гэрээ байгуулж, продюсертой болбол уран бүтээлээ сонсогчдод илүү хурдан хүргэх боломжтой. Хэзээнээс “The library”-тай хамтрах болов?
-Жилийн өмнө бид зориг гаргаад “The Library” дуу хөгжмийн компанид очсон. Продюсер Т.Мөнх-Оргил ахад өөрсдийнхөө дуунуудыг сонсгож, хамтлагийнхаа өнгө аяс, хийхийг хүсэж буй зүйлсээ хэлсэн. Түүнд бидний зорилго таалагдаж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.
-Ямар хамтлагаас үлгэр дуурайл авдаг вэ. Яагаад?
-“Prep”, “The marias”, “Vulpfeck” зэрэг хамтлаг бий. Тэдний тоглолтын найруулга, хэрхэн тоглож буйг нь харж, судлах, суралцах дуртай.
-Танай хамтлагийн зорилго юу вэ?
-Хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайтай болох. Ингэхийн тулд өөрсдийн хэв маяг, уур амьсгалыг бүрдүүлэхэд илүү анхаарч байна. Мөн түрүүн хэлсэнчлэн сонсогчдод чанартай уран бүтээл хүргэх ёстой.
Бэлтгэсэн: А.Тайшир