Авто угаалгын газруудыг ирэх оны тавдугаар сар гэхэд саарал ус хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлагыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан тавьж, хэрэгжүүлээгүйг нь хаах журам батлуулахаар санал гаргажээ.
Уг саналыг Хууль зүй, дотоод хэргийн яамныхан бусад журамтай нийцэж байгаа, эсэхийг нягталж буй гэнэ. Иймд бохир ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг авто угаалгын газрууд хэрэглээндээ нэвтрүүлэх ямар боломж байгаа талаар сурвалжиллаа.
Манайхан чандмань эрдэнэ болсон цэвэр усаар автомашинаа угаадаг. “Энэ оны судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт авто угаалгын 167 газар үйл ажиллагаа явуулж байна” гэж нийслэлийн Тээврийн газрын авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Даваадолгор хэлсэн юм. Энэ нь зөвхөн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг угаалгын газруудын тоо. Гудамж талбайд машин угаадаг иргэдийг нэмбэл үүнээс их тоо гарна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг болон зогсоол, зүлэгт талбайг бохирдуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хотын нийтийн эзэмшлийн гудамжинд ил задгай автомашин угаахыг 2005 онд хориглосон.
Гэвч зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулдаг автомашин угаалгын газрын тоо зуны улиралд эрс өсдөг. Тэр газрууд бохирдлоос нь хамаараад бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг гэнэ.
Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг юм байна. Эхлээд машины гадаргуу дахь шороог унагаж, дугуй, шалавч зэргийг шүршинэ.
Дараа нь хөөсөөр шүршиж дахин цэвэр усаар зайлахад нэг автомашинд 100 литр ус өлхөн зарцуулдаг аж. Машин угаах хүчин чадлаасаа шалтгаалан угаалгын томоохон газар сард ойролцоогоор 60 гаруй тонн ус урсгадаг байна. Ингэснээр цэвэр усны хомсдол үүсгээд зогсохгүй машин угаахад ашиглаж байгаа угаагч бодис нь хөрс бохирдуулдаг гэнэ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, уул уурхайн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Хамгийн сүүлд манайд бүртгэлтэй авто угаалгын 129 газраас 74-т нь шалгалт хийсэн. Үүнээс хоёр авто угаалгын газар гүний худгаас ус авч, тоолуур тавиулаагүй байсан тул тус бүр гурван сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоосон.
Харин гудамжинд машин угаадаг, гарсан хогоо ил задгай хаяж, байгаль орчин бохирдуулж байсан 29 газрыг нийт 31 сая төгрөгөөр торгосон. Энэ газрууд гэр хороолол дунд байрладаг бөгөөд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн тул ирэх онд дахин шалгана. Авто угаалгын газрууд гүний цэвэр усаар машин угааж байгаа нь нөөц хомсдоход маш их нөлөөтэй.
Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандарт гэж бий. Стандартын дагуу авто угаалгын газруудыг бохироо тус байгууламжид нийлүүлэхийг зөвшөөрдөг. Одоогоор ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан угаалгын газар Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт л бий. Гэвч дээрх газрууд зохих хэмжээнд хүртэл усаа цэвэршүүлж, дахин ашигладаггүй.
Авто угаалгын газар хүчин чадал сайтай цэвэрлэх төхөөрөмж суурилуулахад дор хаяж 50 сая төгрөг шаарддаг гэж дуулсан. Энэ үнэ ихэнх авто угаалгын газрын үндсэн хөрөнгөөс давсан тул дийлэнх нь хаагдаж магадгүй. Төхөөрөмж худалдан авах бололцоотой авто угаалгын газрууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болно.
Гэхдээ үүнийгээ дагаад машин угаах үнэ өсөж болзошгүй. Гарч буй бохир усыг цэвэршүүлэхэд 70 хувийг нь дахин ашиглах боломжтой байдаг. Үлдсэн хувь нь бохирдолтойгоо хаягдана” гэв. Хэрэв бохир усныхаа 70 хувийг дахин ашиглаад эхэлбэл автомашин угаалгын газруудад өөрсдөд нь ч хэмнэлт үүсэх боломжтой юм. Байгаль өөрөө хөрсний шүүлтээр газар доорх усаа олон зуун жилийн турш цэвэршүүлж байдаг. Тэр усыг угаалгын газрууд хэдхэн секундийн дотор шүршчихдэг нь харамсалтай.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас боловсруулсан дээрх журмын талаар ямар байр суурьтай байгааг нь авто угаалгын газар ажиллуулдаг хүмүүсээс тодруулсан юм. “Хайрхан” авто угаалгын газрын гүйцэтгэх захирал Ц.Амгаланбаатар “Цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх бохир усны стандарт гэж байдаг.
Уг стандартын дагуу бохир усаа нийлүүл гэсэн шаардлага ирсэн. Сайдын тушаалаар мөн 2019 оны тавдугаар сарын 15-наас бүх газрууд саарал ус ашиглах ёстой гэсэн журам батлах тухай сонссон. Нэг төхөөрөмж хамгийн хямдхан нь найман сая 500 мянган төгрөгийн үнэтэй гэнэ лээ. Гэхдээ тэр төхөөрөмжийн хүчин чадал маш муу. Цагт 500 литр ус цэвэршүүлдэг гэсэн. Энэ үзүүлэлт авто угаалгын газрын ачааллыг яагаад ч дийлэхгүй. Авто угаалгын хэд хэдэн газар нэгдэн, холбоо байгуулсан. Тэдний хэлснээр хүчин чадал сайтай ус цэвэршүүлэх төхөөрөмж 50-60 орчим сая төгрөгийн үнэтэй.
Миний хувьд заавал ийм үнэтэй төхөөрөмж авалгүй өөрийнхөө бололцоогоор саарал усны шүүлтүүр хийсэн. Бүх зардал гурван сая төгрөгт багтаж байна. Шүүсэн усаа эхний байдлаар мэргэжлийн хяналтын байгууллагынханд шалгуулахад хоёр үзүүлэлт нь стандартын шаардлага хангасан гэж дүгнэсэн. Одоо төхөөрөмжийнхөө хүчин чадлыг сайжруулахаар судалгаа хийж байна. Мембран болон хэт ягаан туяаны шүүлтүүр нэмээд, бохир усны нөөцийн саваа томруулчихвал цэвэршүүлэгчээ хийчихлээ гэсэн үг. Манай угаалгын газрынхан цэвэршүүлэх төхөөрөмж ашиглалаа гээд машин угаадаг үнээ нэмэхгүй. Харин ч усны мөнгөнд хэмнэлттэй.
Хоёр, гурван газраас хамтарч ус цэвэршүүлэх төхөөрөмж урдаас худалдаж авъя гэсэн санал тавьсан л даа. Гэхдээ би саналыг нь хүлээж аваагүй. Үнэтэй төхөөрөмж худалдаж авсны дараа эвдэрч, гэмтвэл засаж мэдэхгүй шүү дээ. Тэрний оронд яагаад өөрсдөө хийж болохгүй гэж. Бохир усыг хайрга, элс, хөвөн гурваар шүүж болдог. Түүнийгээ хэт ягаан туяагаар шараад, усаа ариутгаж болно. Ариутгасан усаар машин угаахад асуудалгүй. УСУГ-аас хөнгөлөлттэй зээлээр төхөөрөмж өгнө гэсэн сургаар нэлээн хөөцөлдөж явсан.
Банкууд зээл өгөх боломжгүй гэж байна лээ. Тиймээс өөрөө төхөөрөмжөө хийхээр шийдсэн. Болох шинжтэй” хэмээв. Тус угаалгын газар өдөрт ойролцоогоор 7-8, ачаалалтай үедээ 15 тонн ус ашигладаг гэнэ. Нэг машин угаахад багадаа 200 литр ус зарцуулдаг аж. Хэрэв цэвэршүүлэх төхөөрөмжөө ашиглаад эхэлбэл зарцуулсан усныхаа 85 хувийг дахин ашиглаж чадна гэж Ц.Амгаланбаатар тооцжээ. Заасан хугацаанд бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжөө ашиглаж эхлэхгүй бол үйл ажиллагаа нь зогсох төдийгүй цэвэр усны системийн бүтэц, гэрээ зэргийг дахиж хийх шаардлагатай болно гэдгийг тэрбээр нэмж хэлсэн.
Цэвэршүүлэх төхөөрөмж хэрэглээнд нэвтрүүлсэн гэх тодотголтой “Талст” авто угаалгын газрын менежер Д.Очхүү “Манайх бохир ус цэвэршүүлэгч төхөөрөмжөө 10 гаруй сая төгрөг зарцуулсан. Усны мөнгөнд сардаа нэг сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 50 хувийг нь хэмнэж байна. Манайхаар өдөрт 100 гаруй хүн машинаа угаалгадаг.
Өдөрт 3-4 тонн ус ашигладаг болсон. Бусад авто угаалгын газрынхан ирж туршлага судалж байна” гэсэн юм. Гэвч түүний ярьсан нь эргэлзээтэй. Учир нь тэднийд саарал усаа хуримтлуулах сав байхгүй. Харин “Өргөө” кино театрын ард байрлах “BB car wash” газрынхан саарал усаа нөөцлөх саваа бэлдсэн ч цэвэршүүлэх төхөөрөмжгүй байгаа гэнэ.
Тус угаалгын газрын ажилтан “Саарал ус ашигладаг болчихвол байгаль, орчиндоо ээлтэйгээс гадна санхүүгийн хувьд ч хэмнэлттэй юм билээ. Даанч жижиг авто угаалгын газруудад төхөөрөмжийг нь авах чадал байхгүй” гэсэн юм.
Өмнөд хөрш болон Германаас цэвэршүүлэх төхөөрөмж авчран борлуулдаг “Попа”, “Атмор” гэх хоёр компани байдаг аж. “Попа” компани цагт хоёр тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай төхөөрөмжийг 15 сая төгрөгөөр үнэлжээ. Харин “Атмор”-ынхан цагт нэг тонн ус ашигладаг төхөөрөмжийг 13 сая төгрөгөөр борлуулж буй.
Хэрэв Засгийн газраас бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийг зээлээр авах нөхцөл бүрдүүлбэл автомашин угаалгын газрууд саарал ус ашиглах боломж бүрдэж болох юм. Өөрөөр хэлбэл үнэтэй төхөөрөмж худалдан авах боломжгүй, стандартын шаардлага хангадаггүй жижиг авто угаалгын газрууд цэвэр усны нөөцөөс “хумслахаа” болих нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй.
Г.Баясгалан