Монгол орны өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр танилцууллаа. Тус газрынхны мэдээлснээр өнгөрсөн жил нь 1940 оноос хойших хоёр дахь дулаан жилээр бүртгэгдсэн байна. Тухайлбал, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 хэмээр дулаан байж. Тэр дундаа 1-5, 7-8, 10-12 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-5 хэмээр дулаан байсан нь нэлээд өндөрт тооцогдох үзүүлэлт юм байна. Тэгвэл 1940 оноос хойших хамгийн халуун жилээр 2007 он бүртгэгдсэн байдаг аж. Тухайн онд олон жилийн дунджаас 2.7 хэмээр дулаан байсан гэнэ.
2024 онд Баянхонгор аймгийн Эхийнгол хэмээх газарт агаарт 40.8, Сүхбаатарын Баяндэлгэр сумын нутагт хөрсөн дээр 71 хэмд хүрч халжээ. Энэ нь тухайн онд хамгийн их халсан үзүүлэлтээр бүртгэгдсэн байна. Харин Завханы Отгон сумд агаарт -48.8, хөрсөн дээр -50 хэмд хүрсэн нь хамгийн их хүйтэрсэн тохиолдол болжээ.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн онд цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 95, гамшигт үзэгдэл 13 удаа болж, гурван хүн амиа алджээ. Мөн гурван сая гаруй мал хорогдож, улсын чанартай 13 авто зам, гүүр эвдэрч, эрчим хүчний дөрвөн шон унажээ. Түүнчлэн 108 гэр нурж, 374 хашаа эвдрэн, 10 барилгын дээвэр хууларсан зэргээр нийт 3.3 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс гадна ой, хээрийн түймэр 137 удаа дэгдэж, 1.7 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Ч.Зул