Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэх сүржин зорилготой Шуурхай штабыг Ерөнхий сайдын дэргэд байгуулсан билээ. Шуурхай штабынхны бас нэгэн сүржигнэл нь амралтын өдөр буюу бямба гараг бүр хуралдаж буй нь юм. Ес дэх жилдээ төрийн эрх барьж байгаа МАН-ынхан өнгөрсөн хугацаанд дорвитой ажиллаагүй хэрнээ одоо амралтын өдрөөр хүртэл хуралдаж попроод үр дүн гаргана гэж итгэхэд бэрх.
Холбогдох бүхий л байгууллагын албан тушаалтнуудыг хамруулсан, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй тус штабын өнгөрсөн бямба гаргийн хуралдаанаас анхаарал татсан гол зүйл нь агаарын бохирдлыг бууруулах шийдэл бус, харин нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл байлаа. Тэрбээр Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон бөгөөд уржигдрын хуралд нь анх удаа оролцов. 2012-2016 онд нийслэлийн Засаг даргаар ажилласнаасаа хойш нам жим байж, улс төр, нийгмийн асуудлуудад төдийлөн хутгалдаагүй тэрбээр ийнхүү гэнэт гарч ирсэн нь сонин. Улмаар зарим хүний дургүйцлийг төрүүлээд ч амжив.
Түүнийг эрх баригчдад зөвлөхөөр болсонд эгдүүцэгчдийн нэг нь ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэгддэг, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин, хотын дарга асны дотнын найз ч хэмээгддэг Д.Сосорбарам. Тэрбээр Э.Бат-Үүлийг МАН, ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамсаатан болжээ гэсэн агуулгатай зүйлсийг Х сүлжээнд бичсэн байв. Түүний шүүмжлэлтэй олон хүн санал нийлж, “Ерөнхий сайд өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг “худалдан авч” байна” гэсэн байр суурь илэрхийлсээр буй билээ. Харин Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байсны хувьд, бас тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд нам харгалзалгүйгээр саналаа нэмэрлэхээр шийдсэнээ мэдэгдээд байгаа юм.
Тэрбээр “Хотын бүтээн байгуулалтын штаб нь хурдны замд суурилсан Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөлт рүү шилжиж байгаа юм билээ. Энэ өөрчлөлтөө УИХ-аар батлуулах, хэрэгжүүлэх хөрөнгөө тодорхой болгох хэрэгтэй гэж би зөвлөсөн. Би Улаанбаатар хотын дарга байсан учраас санаа бодлоо хэлэх эрхтэй. Энэ тухайгаа 2016 онд ажлаа өгснөөс хойш ч уйгагүй хэлж, бүр “Хотын даргад зөвлөцгөөе” нэртэй контент хүртэл хийж ирсэн. Аль нэг намын цахилгаан станц, зам, барилга, дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэж байдаггүйг хэлсээр атал МАН бидний хийж байсан ажлыг 2016 оноос хойш улстөржүүлэн гацаасан. Би энэ тухай гомдол мэдүүлсээр ирсэн. Саналаа хэлээч гэхээр нь хэлж байна, юу нь буруу гэж” хэмээн цахим орчинд бичжээ.
М.Оч