Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Ая эгшгийн зургаан жигүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион байгууллаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуучир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төрлөөр оролцжээ.
Тэднээс шилдгээр шалгарсан нь улсын аварга шалгаруулах наадамд өрсөлдөх юм. Хөвсгөл аймгаас морин хуурын төрөлд дунд ангиас Ж.Энхжаргал, Т.Аниртунгалаг, Г.Гантулга, ахлах ангиас Б.Нарансолонго нар тэргүүлэв. Хуучрын төрөлд бага ангиас Э.Аззаяа, дунд ангиас Т.Үүрийнцолмон шилдгээр шалгарчээ. Ятгын төрөлд дунд ангиас Г.Саяжаргал, ахлах ангиас Т.Нямзаяа, ёочингийн төрөлд бага ангиас А.Бат-Эрдэнэ, дунд ангиас Ч.Амин-Эрдэнэ, ахлах ангиас Т.Даваадулам, Т.Энхзаяа нар тэргүүн байр эзэлсэн байна. Шанз хөгжмийн төрөлд ахлах ангиас Б.Дарьсүрэн, лимбэний төрөлд бага ангиас Т.Ганди, дунд ангиас А.Эрдэнэбилэг нар улсын наадамд өрсөлдөх шаардлага хангаж, шилдгээр тодорчээ.
А.Дөлгөөн