Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийнхөн энэ оны анхны хурлаа өчигдөр хийлээ. Зөвлөлийн гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2025 онд эрчимтэй хэрэгжүүлэх, үүнд анхан шатны нэгж бүрийг анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөхөөр болов. Улсын хэмжээнд 983 мянган өрх, 1.3 сая хүүхэд амьдарч буй аж. Нийт өрхийн гуравны нэг нь ядуу, мөн тооны гэр бүл ядуурлын шугам руу ороход ойрхон байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, одоогоор насанд хүрээгүй гурван хүүхэд тутмын нэг нь ядууралд өртсөн, үүнээс 13 200 хүүхэд эрсдэлтэй, хүнд нөхцөлд амьдарч буйг дээрх зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн юм. Тиймээс хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн, төрийн дорвитой бодлого боловсруулах шаардлагатай гэв.
Албаныхан “Өнгөрсөн хугацаанд гэр бүлд чиглэсэн нэгдсэн бодлого байгаагүй учраас тэдэнд тулгамддаг асуудлуудыг төдийлөн шийдэж чаддаггүй байв. Тиймээс салбарын яам болон холбогдох албаныхан хамтран гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг урт хугацааны баримт бичгүүдэд тусгахаар болж, үүний хүрээнд Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж байна” гэлээ. Ингэснээр хүүхдийн асаргаа, тэтгэмж, аюулгүй байдал, хамгааллыг сайжруулж, хүн амын өсөлтийг тогтвортой дэмжих, гэр бүлийн хөгжлийн цогц төвүүдийг аймаг, дүүрэг бүрд байгуулахаас гадна цахим хөгжлийг ашиглан нийгмийн олон үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж буй аж.
О.Оргилох