ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, анагаах ухааны доктор Т.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын хүн амын дундах стрессийн түвшний тархалт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах нь” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
-Монголчуудын стрессийн түвшнийг үнэлэх судалгааны эхний үр дүнгээ та 2022 онд танилцуулж байсан юм билээ. Үүнээс хойш судалгааныхаа хүрээг тэлэв үү?
-Монгол Улсын нийт хүн амын стрессийн түвшин, ерөнхийдөө бол тархалтыг тогтоох судалгааг манай баг 2020 оноос эхлэн үе шаттайгаар хийсэн. Түүнээс хойш судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлбэрээр монгол болон англи хэл дээр дотоод, гадаадын сэтгүүлд нийтлүүлээд байна. Мөн эрдэм шинжилгээний хурал, семинарт танилцуулах зэргээр олон нийтийн хүртээл болгох ажил одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Тархи, түүнтэй холбоотой өвчин, эмгэгийн өнөөгийн байдлыг тогтоох нь манай багийн том зорилтуудын нэг. Үүний тулд бид эхлээд стресс, сэтгэл гутрал, түгшил, тархины хэт ачаалал болон эдгээртэй холбоотой үндсэн асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан. Ингээд судалгааны багийн удирдагчид, олон улсын зөвлөх профессоруудын шийдвэрээр илрүүлэг, оношилгооны асуумжуудын валидаци буюу монгол хувилбарыг баталгаажуулах, тархалтыг тогтоох судалгаагаа зэрэг эхлүүлсэн л дээ. Тэр хэрээр судалгааны хүрээ ч тэлж, салбар дундын томоохон багийнхан хамтран ажиллалаа.
Манай судалгааны нэр бол “Мон-ТаймЛайн”. Зорилго нь Монгол Улсын хүн амын дундах тархитай холбоотой эмгэгүүдийн тархалт, хоорондын хамаарал, оношилгоо, эмчилгээний одоогийн түвшнийг тодорхойлох юм. Төслийн удирдагч анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмон, анагаах ухааны доктор Л.Баттүвшин нарын гаргасан санал, судалгааны загвараар сэтгэцийн, мэдрэлийн, дотоод шүүрлийн, эмэгтэйчүүдийн, дотрын, ерөнхий мэргэжлийн, нүүр, амны их эмч нар, эпидемиологич, био анагаах судлаач, сэтгэл судлаач, математикч, химич, биологич нараас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй салбар дундын судалгааны баг ажиллалаа. Үүний дүнд стрессийн тархалтыг тогтоосон нь судалгааны зөвхөн нэг хэсэг гэж ойлгож болно.
-Монгол Улсын хэмжээнд стрессийн тархалт ямар түвшинд байна вэ. Судалгаанд оролцогчдыг хэрхэн сонгосон бэ?
-Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөхүйц насанд хүрэгсэд буюу 18-65 насныхныг сонгосон. Ингэхдээ Улаанбаатар хотын 30, орон нутгийн 35, нийт 65 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан судалгаанд хамрагдах боломжтой гэж үзсэн, шалгуур хангасан оролцогчдоос мэдээлэл цуглуулав. Тэгэхээр насанд хүрсэн хүн амыг бүрэн төлөөлж чадна гэж ойлгож болно. Цаашдаа өсвөр үе, ахмад настан, зарим ажил мэргэжил, тодорхой өвчний үеийн гэх мэт нарийвчлалтайгаар стрессийн түвшнийг тогтооход бидний судалгааны загвар, аргачлал тодорхой хэмжээнд тусална гэдэгт итгэлтэй байна.
-Стрессийн тархалтыг улсын хэмжээнд тодорхойлсон судалгааны ажил байдаг уу?
-Монгол Улсын хэмжээнд стрессийн талаар сонирхон шинжилсэн молекул биологи, гистологи, физиологи, эрүүл мэнд, сэтгэл судлал болон нийгмийн бусад салбар шинжлэх ухааны магистр, докторын судалгааны ажил олон бий. Гэсэн ч баталгаат аргаар стрессийн тархалтыг тогтоогоогүй нь бидний судалгааны үндэслэл болсон. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл судлалын салбарын эрдэмтдийн хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, архаг ядаргаа, толгойн өвдөлт гэх мэт тархалтын судалгаа бий. Тэдгээрийг олон улсын сэтгүүлүүдэд нийтлүүснийг стресстэй холбон судлах хэрэгтэй байна.
-Стрессийн тархалтыг судлах нь анагаах ухааны талаасаа ямар ач холбогдолтой бол?
-Тархалтыг тогтоох ач холбогдол нь зөвхөн анагаах ухааны салбараар хязгаарлагдахгүй. Улсын эдийн засагт, хувь хүний амьдралын чанар, гэр бүл, нийгмийн асуудлуудыг шийдэхэд чухал нөлөөтэй.
-Энэ нь биед, амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Физиологийн хувьд бид амьсгалж, амьдарч байгаа цагт бие махбод өөрийн хэвийн үйл ажиллагаагаа стрессийн хариу урвалаар зохицуулж байдаг. Тиймдээ ч бид түүртэхгүйгээр аз жаргалтай, бүтэн нойртой байж, ажил, амьдралынхаа ачааллыг тохируулж амьдардаг. Гэтэл стрессийн тархалтын судалгаагаар стресс архаг хэлбэрт шилжиж, бие махбод үүнийг зохицуулж чадахгүйд хүрч, сэтгэл түгшил, гутралын шинж илрэх тохиолдол олон байгаа нь батлагдсан. Хэт их зүйл бодож, тархиа ачаалуулах, цаг үргэлж сандарсан, түгшсэн, хэт шахуу хуваариар өөрийгөө цуцаах гэх мэт шинжээр стресс архагшиж эхэлдэг. Энэ нь даамжирч нойрны болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг бидний судалгааны үр дүн харууллаа. Амьдралын чанарыг ДЭМБ-ын асуумжийн тусламжтайгаар тодорхойлоход судалгаанд оролцогчдод сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгэм, хүрээлэн буй орчны гэсэн стресс харьцангуй бага байсан.
-Насны бүлэг, амьдардаг газар, ажил мэргэжлийн онцлог зэргээр үр дүнг нарийвчлан гаргах боломж байв уу?
-Хүн ам зүйн үзүүлэлтүүдийг багтаасан. Амьдарч буй газар буюу бүс нутгийн хооронд ялгаатай байдал ажиглагдсан. Жишээлбэл, зүүн болон төвийн бүсийн аймгуудад стрессийн тархалт өндөр байв. Мөн нас ахих тусам стресстэх магадлал ихсэж байгаа юм.
-Зүүн болон төвийн бүсэд стрессийн тархалт өндөр байна гэлээ. Үүнд нөлөөлж буй гол шалтгаан нь юу байв?
-Зүүн болон төвийн аймгуудыг бусад бүс нутагтай харьцуулахад оюутнууд илүүтэй хамрагдсан. Мөн орлогын хувьд арай бага гэсэн үр дүн гарсан.
-Судалгааны үр дүнгээс хуваалцаж болох уу?
-Судалгааны үр дүнд нийт хүн амын амын дундах стрессийн түвшин 25.9 хувьтай гарсан. Ижил арга ашиглан хийсэн судалгааны үр дүнгүүдтэй харьцуулахад заримтай нь ижил түвшинд, бас ялгаатай байдал ч ажиглагдсан. Дэлхийн дундаж түвшинтэй ерөнхийдөө ойролцоо гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь стрессээ зохицуулахад бэрхшээлтэй тулгарч байна. Энэ нь даамжирч, архаг хэлбэртэй буюу зохицуулахад нэн бэрхшээлтэй байдалд оруулдаг гэсэн үг. Арга хэмжээ авахгүй удах тусам ойрын ирээдүйд нөгөө гурван хүндээ нөлөөлж, амьдралын чанарыг нь бууруулах нь дамжиггүй. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хүн хоорондын эрүүл харилцааны талаар их ярих болжээ. Мөн даван туулсан сөрөг стресс, гутрал, түгшлийг ч нээлттэй хуваалцаж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч хэт туйлшран ерөнхий мэдээлэлгүй иргэдийг төөрөгдүүлэх сул талтай болов уу. Тэгэхээр эдгээрийг шүүж, шинжлэх ухаанд суурилсан, албан ёсны эх сурвалжтай мэдээллийг олон нийтэд түгээхэд анхаарах хэрэгтэй.
-Стрессийн түвшнийг тодорхойлоход тухайн хүний орлого, нийгмийн байдал, боловсрол, ажлын байрны нөхцөл зэргийг харгалзаж үзсэн үү?
-Оролцогчдын орлого, боловсрол, ажил эрхлэлт зэргийг онцгойлон үзсэн судалгааны үр дүн гараагүй байна. Харин амьдралын, нойрны чанар, хүний автономт мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг зүрхний цохилтын хэлбэлзлийн спектр шинжилгээгээр тодорхойлсон зарим үзүүлэлт стресст шууд нөлөөлж байгаа гэсэн үр дүн гарсан.
-Үүнд өртөхөд хүргэж буй хүчин зүйлс нь юу вэ?
-Одоо гарсан үр дүнгээр бол нөлөөлж болохуйц хүчин зүйлсийг таамаглаж чадаж байна. Судалгааны загвар улам сайжраад, хүн амыг тодорхой давтамжаар, тодорхой хугацаанд дагаж судалсны дараа илүү нарийвчилсан дүгнэлт гаргаж болно. Жишээ нь, амьдралын болон нойрны чанар нь стресст өртөхөд нөлөөлөх хүчин зүйл мөн үү, эсвэл стресс нь эдгээрийн өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйл үү гэдгийг батлах боломжтой. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн стресс, амьдралын, нойрны чанар гурав хамт л байна. Тиймээс тэр гуравт анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай.
-Судалгааныхаа хүрээнд ямар зөвлөмж боловсруулав?
-Эрүүл мэндийн салбарт ерөнхий гурван чиглэлд зөвлөмж боловсруулж байна. Эхнийх нь хамгийн дээд шатны буюу бодлого тодорхойлогч институцийн зүгээс авах, хэрэгжүүлэх арга хэмжээ. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт чиглэсэн арга хэмжээ. Үүнийхээ хүрээнд эмч, судлаачдад судалгааны үр дүнгээсээ танилцуулах ажлыг манай багийнхан тасралтгүй хийж байна. Хамгийн сүүлд нь иргэдэд зориулсан арга хэмжээ. Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг илрүүлэхэд лабораторийн болон багажийн шинжилгээний объективоос гадна эмчийн ярилцлага, өөрөө мэдээлэх асуумж зэрэг нотолгоонд суурилсан субъектив аргыг ашигладаг. Тиймээс оношилгоо, эмчилгээний чанарыг нэмэгдүүлж буй талаарх мэдлэг, хандлага, туршлага иргэдэд олгох нь чухал. Стресс хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа тул үүний тухай ерөнхий ойлголт, түүнийг эерэг дадлаар даван туулах арга зам, дасан зохицох ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, дадлыг бий болгож, хэвшүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байна.
Стресст нөлөөлж буй, эсвэл стрессээс шалтгаалсан эрүүл мэндийн төдийгүй нийгмийн асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замыг бодлого тодорхойлогчид эрэлхийлж, судалгаанд үндэслэж буюу шинэлэг, шинжлэх ухаанч арга замаар хандах ёстой. Эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарт учрах дарамтыг тодорхой түвшинд барих, эсвэл багасгах, боловсролын салбарт баталгаат мэдээллээр бүх шатны сургалтын хөтөлбөрт хүрч ажиллах хэрэгтэй. Ялангуяа сурагчдад стрессийг хэрхэн зөвөөр даван туулах гэх мэт мэдлэг, хандлага, дадал олгох богино хугацааны хөтөлбөрийг бий болгох боломжтой гэж харж байна. Үүний зэрэгцээ өөр өөр нөхцөл байдал, өвчин, эмгэгүүд болон бусад ялгаатай нөхцөлд давамгай стресстэй байгаа хүн амын бүлгүүдэд хүрч ажиллах нь чухал. Стрессээс ангижрах, зөв даван туулах аргуудын үр дүнг үнэлэх судалгаа маш чухал үүрэгтэй. Туршилт судалгаа гэдэг ойлголт бид бүхний дунд хэдийнэ тааламжгүй, хор хөнөөлтэй байдлаар тархсан. Эсвэл судалгаанд хамрагдаж багагүй мөнгө олох боломжтой гэх мэт буруу ойлголт цахим сувгаар өргөн тархсан байдаг. Ийм төрлийн судалгаанд үндэслэн бид эдийн засагт бага хохирол учруулах, хүний эрхийг дээдэлсэн, нотолгоонд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтойг бусад улс орны туршлагаас харж болно.
-Зүрхний цохилтын хэлбэлзлийн спектр шинжилгээг стрессийн түвшнийг тодорхойлохдоо ашигласан юм байна. Үүгээр ямар үзүүлэлтийг тодруулав?
-Сүүлийн 10-20-иод жилийн судалгааны загвар ч гэхэд болно. Сэтгэцийн эрүүл мэнд болон ер нь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг амьдралын чанартай холбон судалж байна. “Хүний амьдралын чанарыг эрүүл мэндтэй холбоотой ямар асуудлууд бууруулж байна”, “Амьдралын чанарыг яаж тодорхойлох вэ”, “Хамгийн аз жаргалтай орон гэдгээ Бутан улс хэрхэн тодорхойлсон бэ” зэрэг асуултад хариулт хайж буй. Энэ нь бидний асуудалтай хэрхэн холбогдохыг судалгаагаар л тодорхойлох боломжтой юм. Тэгэхээр маш олон зүйл ярих болоод байна л даа. Стрессийг үнэлэх олон аргаас, асуумжаас эхлээд багажийн шинжилгээг хүртэл ашиглалаа. Даавар, нейротрансмиттер болон био маркеруудыг ашиглахад санхүүгийн болон менежментийн олон асуудал тулгардаг. Харин зүрхний цохилтын хэлбэлзлийн спектр шинжилгээ нь инвазив бус, электрофизиологийн арга тул асуумж судалгаатай хавсруулан стрессийн үнэлгээнд ашиглах бүрэн боломжтой. Мөн асуумжийн баталгаат чанарыг сайжруулах объектив арга байдлаар хэрэглэсэн гэж хэлж болох юм.
-Тодорхой давтамжтайгаар судалснаар нарийн үр дүн гаргах боломжтой гэсэн үг үү. Та бүхэн судалгаагаа цаашид үргэлжлүүлэх үү?
-Мэдээж манай багийнхан судалгааны загварыг үе шаттайгаар төлөвлөсөн. Эхний ээлжид нийт хүн амын дунд судалгааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Харин хоёр дахь шатанд үр дүнгээ илүү нарийвчлалтай оношлохын тулд Нойр судлалын лаборатори байгуулан ажиллаж байна. Гэсэн ч интервенц судалгаагаар үр дүнг тооцох, гуравдугаар шатны судалгаанд шаардагдах санхүүжилт шийдэгдээгүй байна.
А.Үүл