Энэ эмгэнэлтэй түүхийг Зөвлөлт засгийн жилүүдэд сурагч бүр мэддэг байв. Албан ёсны таамаглалаар Павлик Морозов, түүний дүү Фёдор нар 1932 оны есдүгээр сарын 2-нд Свердловск мужийн Герасимовка гацааны ойролцоо ойд бусдын гарт амиа алдсан юм. Ах, дүү хоёр жимс түүхээр яваад буцаж ирээгүй гэдэг. Гурав хоногийн дараа нутгийн хүмүүс хутгаар сийчүүлсэн тэдний цогцсыг олсон байдаг. Энэ хэрэгт зургаан хүн холбогдож, хоёр нь уг хэрэгт огт оролцоогүй хэмээн суллагдсан. Морозовын үеэл ах Данила, өвөө Сергей, эмээ Аксинья, загалмайлсан эцэг Арсений Кулуканов нар хэрэгтний ширээнд суув. Сергей, Аксинья нар нь шоронд хоригдохоор яваад эргэж ирээгүй юм гэнэ лээ.
100 жил өнгөрсний хойно Арсений Кулукановын жич хүү нь тэр үед оноосон ял зөв байсан, эсэхэд эргэлзэх болжээ. Тэгээд уг эрүүгийн хэргийн материалыг эргэж харахыг хүсэж Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын албаны архивт нэг бус удаа ханджээ. Харамсалтай нь, тухай бүр татгалзсан хариу өгөөд байж. Энэ хэрэгт хамаарах зарим баримт хадгалагдаж байгаа Дотоод хэргийн яамны удирдах газрын тусгай сан руу түүнийг оруулахгүй байв. Цагаатгагдсан юм уу, шүүхийн гаргасан шийдвэрийг нь эргэж харсан төрөл садангийн хүмүүс л архивын материалтай танилцах боломжтой гэсэн шалтаг хэлдэг байж.
Элэнц өвөө нь уг хэрэгт холбогдолгүй гэдэгт жич хүү нь эргэлзэхгүй байлаа. Орос хэл судлаач англи хатагтай Катриона Келлигийн хийсэн дүгнэлт энэ таамгийг лавшруулсан байна. Катрионаг уг хэргийн материалтай танилцахыг зөвшөөрсөн аж. Тэдгээрийг судлаад Катриона хэрэгт буруутгагдсан хүмүүс түүнийг үйлдээгүй юм байна гэсэн дүгнэлт хийжээ. Ойд хүүхдүүдийг үл мэдэх ялтан юм уу, цөлөгдсөн хүн хөнөөсөн байв. Түүнийг харин олсонгүй, ер нь бол олох гэж хэн ч чармайсангүй. Хүний амь хохироосон аливаа хэрэгт нутгийн нударган баячуудыг буруутгаж, тэднийг хэлмэгдүүлэх боломж олгох байснаас л энэ явдлыг Зөвлөлт засаг сонирхох болсон байна. Тэгээд л Кулукановын жич хүүгийн бодлоор шударга ёс хийгээд, садангийн хүний нь нэр төрийг сэргээх цаг болжээ. Үүний тулд уг хэргийг эргэн шалгаж, ажлын хэсэг байгуулж, энэ ажилд түүхч, хуульч, архивын ажилтнууд, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөл, Мөрдөн шалгах хороо, Холбооны аюулгүй байдлын албаны Төв архив, Дотоод хэргийн яам, Ерөнхий прокурорын газрын хүмүүсийг оролцуулах шаардлагатай байлаа. Тэгээд бас эрүүгийн энэ хэргийн материалтай танилцах боломжийг мөнөөх жич хүүд олгох байсан нь мэдээж.
Оросын хүний эрхийг хамгаалагч, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Ева Меркачевагийн бодлоор Кулукановын удмын хүн амжилтад хүрэх бүх боломж байжээ. Тэгээд ч Британийн нэрт хэл шинжээчийн хэлснийг тэрбээр баримт болгож байв. Ойд нуугдаж байсан гэмт хэрэгтэн аллагыг үйлдсэн гэж эхнээсээ л таамаглаж байлаа. Гэхдээ баатарлаг хүүхдүүд эрүүгийн хэрэгтний гарт биш, нударганчуудын үйлдлээр амиа алдсан байх нь Зөвлөлт засагт хэрэгтэй байсан гэж зарим шинжээч үздэг.
Улс төрийн хэлмэгдэлд өртсөн хүмүүсийг цагаатгах ажил Хрущевийн “дулаарал”-ын үед эхэлж, их идэвхтэй биш ч гэсэн Брежневийн үед үргэлжилж л байв. Энэ явдал 1980-ад онд “моод”-онд орлоо. Олон жилийн өмнөх хэргийг эргэж харахыг хүссэн хэлмэгдэгсдийн төрөл садангийнхны өргөдөл хүсэлт Ерөнхий прокурорын газрыг ёстой дарж гарах нь тэр. Одоо ч өргөдөл, хүсэлт ирсээр байдаг аж. Тухайлбал, Сталины дэглэмийн золиос болоод 1990-ээд оны эцэс, 2000-аад оны эхэн үед цагаатгагдсан 4000 гаруй гэмгүй хүний хэргийг сүүлийн хоёр жилд Ерөнхий прокурорын газар авч үзээд хэрэгсэхгүй болгосон байна. Хэргүүдийг анхааралтай судалваас “дэглэмийн эдгээр золиос, хохирогчид” нь төрөл, садангийн хүмүүсийнх нь зүтгээд байгаачлан гэмгүй, буруугүй хүмүүс биш, жирийн эрүүгийн хэргээс аваад Аугаа их эх орны дайны жилүүдэд Германы фашистын булаан эзлэгчдийн гар, хөл болж, янз бүрийн муу үйлд оролцсон этгээдүүд байжээ. Хууль бусаар цагаатгагдсан хүмүүсийн дотор партизанууд болон энгийн иргэдийн эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаанд оролцсон, СС болон цагдаагийн отрядад алба хааж, германчуудад сайн дураар тусалж, тэдний бий болгосон байгууллагад ажиллаж байсан, Власовын арми, Бандерын хамтран зүтгэгсэд байжээ.
Василий Клубковыг 1942 онд фашистуудын хамтран зүтгэгч мэтээр үзэж буудсан байна. Төрөл төрөгсдийнх нь үзэж буйгаар Клубков ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байж, германчуудад олзлогдсон хүн бүрийг эх орноосоо урвагч гэж үзэж байсан хүмүүсийн гарт амиа алдсан аж. Эрүүгийн энэ гэмт хэргийн материалыг дахин шалгахад улаан цэрэг Клубков үнэхээр германчуудад олзлогдож, тэгэхдээ олзлогдсон цэргүүдийн лагерьт биш, Абверийн тагнуулын сургуульд очсон байв. Дараа нь тагнуулын мэдээ олуулах зорилгоор Зөвлөлтийн ар талд түүнийг аваачин хаяжээ. Тэгээд ердөө 2-3-хан хоноод л Клубков онцгой отрядын ажилтнуудад баривчлагджээ. Хамгийн гол нь Клубков тухайн үед германчуудтай ажиллаж байсан нь яах аргагүй тогтоогдож. Клубковыг Өрнөд фронтын тагнуулын алба 1941 оны арваннэгдүгээр сард хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зорилгоор Германы ар тал руу илгээжээ. Хорлон сүйтгэх тус бүлэгт түүнтэй хамт Зоя Космодемьянская байсан аж. Германчуудын гарт хамгийн түрүүнд Клубков оржээ. Зояг германчуудад Клубков илчилсэн гэдэг. Зөвлөлтийн цэргүүд сөрөг довтолгоонд орсны дараа удалгүй Василий Клубков германчуудтай ухарч, хоёр сар болоод Абверийн тагнуулын сургуульд орж, дараа нь Улаан армийн ар тал руу илгээгдэж оросууддаа баригдсан байна. Үнэн байдал ийм байтал Клубковын ах, дүү нар түүнийг цагаатгуулах гэж хагас зууны дараа хөөцөлдсөн байгаа юм. Энэ мэт сэдлээс нааштай үр дүн ер гарсангүй. Ийм жишээ маш олон.
Зөвлөлтийн суртал нэвтрүүлэг энэ түүхийн сэжүүрээс шүүрч авахдаа эрх баригчдад хэрэгтэй өнгө, будгийг түүнд түрхэхийг хичээсэн байна. Тэгээд хүүхдүүдийг хөнөөсөн хүмүүс нь нударган баячуудаас өөр хэн ч биш гэж үзэх болжээ. Хамтралжуулалт, нударганчуудыг ангийн хувьд нь устгах нийгмийн нарийн бодлого явуулсныг санавал бүх зүйл ойлгомжтой болдог. Гэхдээ суртал нэвтрүүлэг бусад зүйл дээр худал зөрүү байгаагүй, гэмт хэргүүд үнэхээр байсан, буруутныг хуйвалдааны золиос болгож биш, тодорхой баримтын үндсэн дээр шүүхийн өмнө аваачсан байдаг. Нийгмийн сайн сайхан байдал хувийнхаас, түүгээр ч барахгүй мах, цусны хэлхээ холбооноос дээш тавигдсан үед Павлик Морозов удаан хугацаанд үнэнч, зарчимч байдлын бэлгэ тэмдэг болж байсан юм. Харин өөрчлөн байгуулалт, ардчиллын жилүүдэд Павлик Морозов гэх бие хүний эргэн тойронд бий болсон баатарлаг домог илт намдсан нь үнэн билээ. Тэр ч бүү хэл, түүнийг баатар биш, төрсөн эцгээ эрх баригчдад тушаасан урвагч, ховлогч гэх агуулгаар илэрхийлсэн нийтлэл хэвлэлд цөөнгүй гарч байв.
Түүгээр ч барахгүй Сталины хэлмэгдүүлэлтэд хохирогчдыг цагаатгах ажил эрхэлж байсан “Мемориал” нийгэмлэгийн (ОХУ-ын Хууль зүйн яам гадаадын тагнуул гэж үзэх болсон) Свердловскийн салбарын идэвхтнүүд Павлик Морозовын амийг хөнөөгчдийг цагаатгахыг оролдож байсан гэнэ. Тэдний бодлоор Морозов ямар ч баатар биш, ердөө л мэдээлэгч байсан болохоор түүний амийг хөнөөгчид чинь алуурчид биш, Сталины цуст дэглэмийн хохирогчид аж. “Мемориал”-ын өргөдөлтэй танилцаад Оросын Ерөнхий прокурорын газар амиа алдсан, шударгаар шүүгдсэн гэмт хэрэгтнүүдийг цагаатгахаас татгалзсанд гайхах явдалгүй. Прокурорын байгууллагын энэ дүгнэлтийг Дээд шүүх нь хүлээн зөвшөөрөв.
Павлик Морозовыг хөнөөсөн нөхцөл байдлыг 1990-ээд онд аливаад цөхрөлтгүй ханддаг түүхч, сэтгүүлчид дахин “барьж авсан” байна. Сонирхолтой байдал тодорч ирэв. Павлик хэнийг ч, хэнд ч ховлож байсангүй. Павелын эцэг Трофим Морозов тухайн үед гэр бүлтэйгээ цуг амьдарч байгаагүй аж. Тэрбээр нууц амраг эмэгтэйгийндээ оччихоод Хөдөө аж ахуйн зөвлөлийн даргын хувьд боломжтой байсан ч гэргий, хүүхдүүддээ эд материалын дэмжлэг үзүүлдэггүй байж. Харин ч эсрэгээрээ заримдаа согтуу ирж хуучин эхнэрээ зоддог байв. Павлик болон бага дүү Федяд нь ч гар хүрдэг байжээ. Шүүхэд гэрчээр дуудагдаад Павел чухам энэ тухай ярьжээ. Тэгэхлээр Павлик эцэгтээ таагүй ханддаг байсны шалтгаан нь улс төрд ямар ч хамаагүй аж. Трофим Морозов хөдөө аж ахуйн зөвлөлийн даргын хувиар хахууль авч, цөллөгийн хүмүүст хуурамч мэдээлэл өгдөг байж. Түүнийг үүгээр нь буруутгав. Хөдөө аж ахуйн зөвлөлийн тамгатай хуурамч лавлах олдсон нь Трофим Морозовыг баривчлах үндэслэл болжээ. Гэргий, хүүхдэдээ харгис хэрцгий хандаж байсан гэж эцгийнхээ талаар Павел шүүхэд мэдүүлсэн нь ердөө л тэр хүн чухам ямар “амьтан” байсныг тодруулахад нэмэр болсон төдий аж. Павелыг үүнийх нь төлөө л төрөл садангууд нь уучилсангүй.
Павлик, найман настай дүү Федя нарын цогцсыг Герасимовка тосгоны ойролцоо ойгоос олсны дараа цагдаагийн хэсгийн ажилтан Яков Битов хэргийн газар очжээ. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэлдээ “Павел Морозовын гэдэс рүү хүчтэй цохисон байна. Хоёр дахь удаагаа зүрх орчим, цээж рүү нь цохижээ. Цамц нь хоёр газар урагдсан, нуруун дээр нь бараан толботой. Федягийн цогцос Павеликаас 15 метр зайд байв. Түүний зүүн шанаа руу нь модоор цохисон, баруун хацар нь цустай. Хүйснийх нь дээхнэ хутгалсан, нэг гарыг нь ясанд нь тултал зүссэн байна” гэж бичсэн байв.
Тэр дороо л Павелын ах, дүү нарыг сэрдэв. Морозовынхны гэрт байдал эвгүй байдгийг тосгоныхон бүгд мэднэ. Трофим өөр эмэгтэйтэй “учиртай”, түүний эцэг, эх нь Павлик, ээж хоёрт нь их дургүй байдгийг ч мэднэ. Үеэл ах Данила, загалмайлсан эцэг гэх Арсений Кулуканов нар ч мөн тэдэнд дургүйгээ нуухгүй. Гэмт хэргийн нөхцөл байдал удалгүй тодорхой боллоо. Хүүхдүүдийг эмээ Аксинья нь жимс түүлгэхээр ойр руу явуулжээ. Павликийг хөнөөсөн хүмүүс ч үүнийг сайн мэдэж байж. Павликийн амийг бүрэлгэхийг Кулуканов хэд хэдэн удаа ятгаж, энэ жаалаас салах цаг болсон гэж хэлдэг байсныг Данила цагдаа нарт байцаагдахдаа хэлсэн аж. Эмээ Аксинья нь ч “Энэ нусгай коммунистыг алаад өгөөч” гэдэг байж. Ингээд тохиромжтой тохиолдол болж хоёр жаал ой руу явжээ. Кулуканов, өвөө Сергей, Данила нар араас нь ой руу явав. Хоёр хүүхдийн амийг егүүтгэхэд тусалбал мөнгө, алт өгөхөөр Данилад Кулуканов амласан байв. Данила “Хүүхдүүд юу ч сэжиглээгүй, тэдэнд ойртоод очтол өвөө нь Павелыг хутгалж орхиход тэрбээр “Зугтаарай” гэж дүү рүүгээ хашхирсан. Би Федяг бариад автал өвөө нь хүрч ирээд хэд хэд цохисон. Тэднийг өвөө нь миний тусламжтайгаар хөнөөсөн. Энэ хэргийг Кулукановын турхиралтаар бид үйлдсэн” гэж урьдчилсан мөрдөн байцаалт дээр хэлсэн байдаг. Найман настай Федяг гэрч үлдээхгүйн тулд л бүрэлгэж орхижээ. Шүүх хэрэгтнүүдэд “дээд хэмжээ” оноов. Английн хэл шинжээч энэ хэргийн материалыг судалж “Нөхөр Павлик” гэдэг ном хүртэл бичжээ. Зохиогч Павлик Морозовын тухай домог яагаад ч юм бий болсон талаарх өөрийн таамгийг номдоо бас бичсэн байна.
Павлик Морозовын үхлийн талаар ялангуяа сүүлийн 30 жилд олон таамаг гарч ирсэн байна. Тэдгээрийн нэг нь 1980-аад оны эцсээр Дружников гэдэг нууц нэрээр “Мэдээлэгч-001” гэх ном бичсэн сэтгүүлч Юрий Альперовичийн дэвшүүлсэн санаа юм. Түүний үзсэнээр Павлик, Федя нарыг коммунист, Улс төрийн удирдах ерөнхий газрын бүрэн эрхт төлөөлөгч Спиридон Карташов, Иван Потупчик нар хөнөөжээ. Тэд бүхнийг нударганчуудад тохож, олныг хоморголон хэлмэгдүүлэхийн тулд энэ хэргийг үйлдэж. Энэ таамаглал Өрнөдөд ч, Орост ч тэр дороо олны анхаарлыг татав. Альперович хийгээд түүний адил хүмүүсийн бодлоор ЗХУ-ын түүхэнд цус, хэлмэгдэл, биенээ ховлох зэргээс өөр ганц ч гялтайх юм байж болохгүй байв. Энэ таамаглал оргүй гүтгэлэг болох нь шударга түүхч, сэтгүүлчдийн хүчин чармайлтаар ил болсон аж.
Альперовичийн өгүүлсэн “бүрэн эрхт төлөөлөгч”-дийг хожим нь хайж олсон бөгөөд тэд аюулаас хамгаалах байгууллагад ямар ч хамаагүй хүмүүс байв. Павлик Морозовын багш байсан эмэгтэйг олон жилийн дараа олж шавийнх нь талаар сонирхол татах мэдээлэл түүнээс авчээ. Түүний хэлснээр Павел гэж жаахан бүрэгдүү, дуу цөөнтэй, маш шударга, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүү байжээ. Ийм хүмүүс гэмт хэрэгтнүүдэд ямагт саад болж байдаг.
Трофим Морозов болон түүний садангийнхан хууль илт зөрчиж байдгийг Герисимовка тосгон даяараа андахгүй. Харин энэ талаар ам нээх зориг гагцхүү Павелаас л гарчээ.
Р.Жаргалант