“PDAC-2025” буюу олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтыг Канадын Торонто хотноо ирэх гуравдугаар сарын 2-5-нд зохион байгуулах аж. Уг чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэнгийн хэсэг гаргах бөгөөд манай улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцох юм байна. Эл үзэсгэлэнгийн үеэр эрдэс баялгийн салбараа сурталчлан, үйл ажиллагаагаа танилцуулах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд Монголын уул уурхайн үндэсний ассоциацынхантай холбогдон хамтран ажиллах боломжтой гэнэ.
Ташрамд дурдахад, манай улс эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад 2006 оноос хойш идэвхтэй оролцож, туршлага солилцсоор иржээ. Канадын хайгуулчид ба хөгжүүлэгчдийн нийгэмлэг нь уг уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд дэлхий даяар ашигт малтмалын хайгуул, олборлолтын гишүүн 7000 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн аж. Хариуцлагатай, тогтвортой, ашигт малтмалын салбарыг бий болгох, таниулах зорилгоор дээрх чуулга уулзалтыг 1932 оноос хойш тогтмол зохион байгуулж буй юм.
У.Сүрэн