Манайд нас ахих тусам л ажилд гологдох, аливаа хөнгөлөлт урамшуулал эдлэхээс “жийгдэх” зэргээр нийгмээс тусгаарлагддаг нь харамсалтай. Үүний нэг тод жишээг рашаан сувиллын газрынхан харуулах болов. Учир юу вэ гэвэл, тэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч, ахмад настнуудад рашаан сувиллын үйлчилгээ үзүүлэх үүргийг гэрээгээр хүлээдэг билээ. Гэтэл сүүлийн үед үйлчилгээ эрхлэгчид 70-аас дээш настнуудыг хөнгөлөлттэй үнээр амруулахаа больж. 80-аас дээш насных бол энэ талаар асуугаад ч нэмэргүй аж. Шалтгааныг нь тодруултал, өндөр настнуудыг асарч тойглоход хүндрэлтэй, бариа засал, эмчилгээний үед даралт нь ихсэх, бие нь өвдөх, хоол унд нь таарч тохирохгүй байх зэрэг цөөнгүй хүндрэл гардаг гэх.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх гэрээ байгуулсан 42 рашаан сувилал, сэргээн засах гурван төв байна. Эдгээр рашаан сувиллын тусламж, үйлчилгээнд даатгалын сангаас 2023 онд 37, өнгөрсөн жил 21.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ийм байхад үйлчлүүлэгч нарыг голж шилэн, тэр дундаа хөгшчүүлээс цэрвэж, эрхийг нь зөрчиж болно гэж үү. 70, 80-тай хүнийг хөгшин гэж хүний тооноос хасдаг улс манайхаас өөр байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхнаас 70-аас дээш насныхныг амралт, сувилалд хэвтүүлэхгүй байх дүрэм журамтай, эсэхийг тодруулахад “Насны хязгаар заагаагүй. Тухайн сувиллын газруудын үйлчилгээнээс хамаардаг байж болзошгүй. Гэхдээ ахмадуудыг ялгаварлан гадуурхаж огт болохгүй” гэсэн юм.
О.Гэгээ