Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 86 дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 75 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослынх аж. Гал түймэр, зам, тээврийн осол, төөрч сураггүй болсон шалтгааны улмаас гурван хүн амиа алдаж, нэг иргэн гэмтжээ. Дээрх хугацаанд онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь аварсан байна.
Хүйтний эрч чангарч буйтай холбоотой ахуйн галын дуудлага нэмэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Тухайлбал, уржигдар 17.13 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн О-гийн эзэмшлийн хоёр давхар үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж шатжээ. Мөн Налайх дүүрэгт монгол гэр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатсан дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан аж.
Ч.Туяа