“Шинэ Улаанбаатар драгон терминал” цогцолборыг нийслэлийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нэг жил зургаан сар гаруйн хугацаанд барьж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд ашиглалтад оруулсан билээ. Зорчигч тээврийн эл төвийг ашиглалтад оруулснаас хойш нэг сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Гэтэл одоо хүртэл энд хот хоорондын зорчигч тээврийн төв байхгүй, бас амласан шиг 600 гаруй автомашины зогсоол ч алга. Тиймээс хот хооронд зорчих, ачаа тээшээ явуулах иргэд авто замын гарц, уулзвар хааж, автомашинаа байршуулах шаардлагатай болдог юм байна. Үүнээс үүдэн “Драгон”, Таван шар орчимд түгжрэл нэлээд нэмэгдсэнийг иргэд хэлэв. Харин зорчигч тээврийн төв хуучин “Драгон”-ы нэгдүгээр давхарт “бууриа сахиад” үлджээ.
Дээрх бүтээн байгуулалтын хамгийн гол, цөм нь дэлхийн стандартад нийцсэн зорчигч тээврийн төв ашиглалтад оруулах байв. Гэтэл энэ амлалт хөрсөндөө буусангүй. Оронд нь ашиг, орлого арвин өгөх худалдаа, үйлчилгээний төвийг бий болгожээ. Мөн 260 битгий хэл, 20 автобусны зогсоол ч алга. Уг нь шинэ терминалын урд автомашины зогсоол бий. Гэхдээ 30 минут нь 1500 төгрөгийн үнэтэйгээс гадна худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд автомашинаа байршуулаад л “дүүрдэг” юм байна. Төлбөр хураах хэсэгт “Авто тээврийн үндэсний төв” гэсэн хантаазтай нэгэн эмэгтэй “Алив хурдан яв, 1500 төгрөгөө гялс бэлд” хэмээх аж. Хүмүүс өөрийг нь сонсохгүй үлдэх вий гэсэн дээ цонхыг нь нүдэж “мөнгөө хурдан бэлд” гэж хашхирч буй бололтой.
“Шинэ Улаанбаатар драгон терминал” цогцолборын суурин дээр өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төв байсан. Харин 2022 онд дэлхийн стандартад нийцсэн, 600 автомашин, 260 гаруй автобусны зогсоолтой, худалдаа, үйлчилгээний төв бүхий жишиг терминал байгуулна хэмээн хотын удирдлагууд сүржин амлалт өгч, газрыг нь чөлөөлүүлсэн нь энэ. Улмаар Нэг цэгийн үйлчилгээний төвийг хуучин “Драгон” терминалын тавдугаар давхар луу нүүлгэв. Мөн барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Драгон” төвөөс явуулдаг хот хоорондын зорчигч тээврийн зарим автобусыг Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах “Номин агуулах” төвийн гадна зогсоодог болсон юм. Тухайн үедээ шинэ терминал ашиглалтад оруулах хүртэл л автобуснуудыг энд байршуулна гэсэн боловч одоо хүртэл бахь байдгаараа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, байгуулсан гэх шинэ барилгад зөвхөн худалдаа, үйлчилгээний төв л бий аж. Төрийн гэх нэрэн дор нэг цэгийн үйлчилгээ, хот хоорондын зорчигч тээврийн төвийг нь нүүлгэчхээд газар дээр нь “Драгон холдинг” компанийнхан эзэн сууж, нэг ам метр талбайгаа 250 мянга орчим төгрөгөөр түрээслүүлж байна. Эл барилга нь худалдаа, үйлчилгээний зориулалттай, нийт 35 000 ам метр талбайтай аж.
“Драгон” төвөөс өмнө нь 17 аймаг, 240 гаруй сум руу хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байж. Гэвч сүүлийн жилүүдэд тус төвийг стандартын шаардлага хангахгүй, хуучирч муудсан гэх шалтгаанаар нурааж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухыг хангах зорилгоор шинэчлэх ажлыг 2022 онд эхлүүлжээ. Эл төвөөс баруун аймгийн 38 чиглэлд өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл, 3-4 мянган зорчигч үйлчлүүлдэг гэх албан бус мэдээ бий. Оргил ачааллын буюу баяр ёслол, оюутан, сурагчдын амралтын үеэр хот хооронд өдөрт 300-400 тээврийн хэрэгслээр 8-10 мянган зорчигч үйлчлүүлдэг гэнэ.
Авто тээврийн үндэсний төвийнхнөөс нийслэлийн хэмжээнд зорчигч тээврийн төв хэд байгааг тодруулахад “Одоогоор зорчигч тээврийн гурван төв үйл ажиллагаа явуулж байна. Зүүн аймаг руу явах иргэд “Тэнгэр плаза”, харин баруун аймгууд руу зорчих бол “Драгон” төв болон Толгойтын “Номин агуулах”-ыг зорино. “Драгон” төвөөс Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Улаан-Үд зэрэг чиглэлд зорчигч тээвэрлэж буй” гэсэн юм.
Анх авто замын хэт ачааллыг бууруулах, хот хоорондын нэгдсэн төвтэй болох зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв, Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан хамтран “Драгон” төвийг шинэчлэхээр болж байв. Анхны зураг төслийг нь харвал үнэхээр л дэлхийн стандартад нийцэхүйц шил, толь болсон, хамгийн дээд давхартаа ногоон байгууламжтай барилга бий. Гэвч бодит байдалд биеллээ олсонгүй. Уг барилгын захиалагчаар “Драгон холдинг”, концепц, дизайныг Хонконгийн “Aedas” компанийнхан хийсэн гэнэ. Харин зураг төслийн гүйцэтгэгчээр “Ричмон консалтинг”, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнүүн сайхан тал” компанийнхан ажиллажээ.
У.Сүрэн