Энэ асуултад хариу нэхсэн, чих халууцам өдрүүд өнгөрч байна. Монголчууд Улаанбаатарын утаа угаар, хүйтнээс зугтаж, хичээл сургуулийн амралтын үе тааруулан жил бүрийн 12-2 дугаар сард гадаадын орныг бөөн бөөнөөрөө зорьж, аялж зугаалдаг. Уламжлал ёсоор тэдний их аяллын улирал өдгөө ид дундаа орж байна. Манай улсын иргэд цар тахлаас өмнөх үед урд, хойд хөрш болон Турк, Тайланд, Япон зэрэг орон руу хамгийн их аялдаг байсан бол одоо Вьетнам, Тайланд, Хятад тэргүүлэх сонголт нь болжээ. Тэр дундаа Хятадын Санья хотын Хайнан, Вьетнамын Фүкүок арлыг монголчууд “эзлээд” буй. Ямар сайндаа л эдгээрийг “Монголын 22 дахь аймаг” гэж хошигнох вэ дээ. Вьетнам улс өнгөрөгч оноос эхлэн манай орны иргэдийг визгүй зорчуулдаг болсон нь тийшээ чиглэсэн жуулчдын урсгал эрс нэмэгдэхэд нөлөөлсөн.
Фүкүок аралд “Нүүдэлчин”, “Чингис хаан” хэмээх нэртэй Монголын хоёр ч ресторан, шөнийн цэнгээний газар хүртэл үүдээ нээсэн нь тэнд манай улсын иргэдийн хөл хөдөлгөөн хэр их байдгийг гэрчилнэ. Үүнийг дагаад монголчуудын бүдүүлэг, соёлгүй үйлдэл, зан авир олны анхаарал татаж, вьетнамчуудыг төдийгүй бусад орны жуулчдыг “гайхшируулах” болов. Зочид буудал, ресорт, зоогийн газрын вьетнам ажилтнууд байтугай Монголоос зуучилсан тур оператор компанийн хөтөч, орчуулагчид нь хүртэл манайхнаас цэрвэж, болгоомжлох болсон гэх. Юутай ичгэвтэр вэ.
Улаанбаатараас Фүкүок чиглэлд энэ өвөл 10 гаруй удаа бүлэг жуулчин аялуулсан нэгэн компанийн хөтөч монголчуудын үнэн төрх, бодит байдлын талаар бичсэн нь нийгмийн сүлжээнд “дуулиан” болж байна. Тэрбээр манай улсын иргэдийн дүрэм журамд захирагддаггүй эрх дураараа, нэр усаа хичээдэггүй хайнга, хэнэггүй, үйлчилгээний болон биеэ авч явах наад захын соёлд суралцаагүй бүдүүлэг байдал, юм үзэж, нүд тайлаагүй өлөн шунаг занг шүүмжилж, шогширсон. Буфет хоол идэхдээ ходоодныхоо хэмжээнээс давсан их зүйл тавган дээрээ овоолоод барахгүй орхих, үйлчлүүлэхээр дугаарлаж байгаа хүмүүсийн урдуур хэнэг ч үгүй дайрах, нийтийн газарт утсаар, эсвэл хоорондоо чанга ярих, орилох, усан сан, далай руу зориулалтын бус хувцастай орох, эрчүүд нь гүзээгээ гаргаж ханхалзан алхах, эмэгтэйчүүд нь хүүхдээ хаана ч хамаагүй хөхүүлж, бие засуулах зэрэг нийтлэг үйлдэл нь монголчуудыг бусад орныхноос “онцгойруулж” буйг хөтөч анзаарч, ажиглажээ. Тэр ч бүү хэл, архидан согтуурах, чанга дуулж бусдын ая тух, амар тайван байдлыг алдагдуулах, хоорондоо зодолдох, эд зүйлс эвдэлж хэмхлэх тохиолдол ч цөөнгүй удаа гарчээ. Ингэж бүдүүлэг аашилсан зарим нь эхнээсээ Вьетнамын цагдаагийн газарт саатуулагдах болсон тухай ч дуулдав.
Вьетнамын Хо Ши Мин-Фүкүок чиглэлд хэдхэн хоногийн өмнө аялаад ирсэн нэгэн бүсгүй тэнд амрах долоо хоногийн хугацаандаа хоёр ч “томоохон” үйл явдлын гэрч болсноо шогшрон бичжээ. Фүкүок аралд монголчуудын нээгээд удаагүй буй гэх өнөөх шөнийн цэнгээний газарт нутаг нэгтнүүд хоорондоо зодолдож, эд зүйл хэмхчин сүйтгэж, гудамжинд шалдан нүцгэн орилолдсон юм байх. Эцэст нь цагдаа нар ирж байж энэ хэрэг намжжээ. Өөр бас нэг агсам, давилуун эрээс болж МИАТ-ийн суудал дүүрэн зорчигчтой онгоц хоёр цаг орчмын хугацаанд саатжээ. Яасан гэхээр сайх эр хөл дээрээ гишгэх тэнхээгүй болтлоо архи уусан байж онгоцонд сууна гэж агсамнаж, араатан шиг аашилсан гэх. Эцэст нь бас л Вьетнамын цагдаа нар ирж, хэрэг явдлын учрыг олжээ. Тэр эхнэрээ зодоод зогсохгүй зочлон очсон улсынхаа иргэнд ч гар хүрчээ. Уг нь аялагч, гадаад руу зорчигч хэн бүхэн “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг агаарын тээврээр зорчуулдаггүй” олон улсын дүрмийг мэдэж байх ёстой шүү дээ. Даанч монголчууд энүүхнийг ч мэддэггүй, мөнгөө төлөөд, тасалбараа авчихвал яаж ч авирлаж болно гэж боддог бололтой. Долоохон хоногт ганц хүний нүдэн дээр ийм үйл явдал өрнөсөн гэхээр цаана нь ямар бужигнаан болж буйг төсөөлөхөд ч бэрх.
Үүнтэй зэрэгцээд Ханой, Дананг, На Транг зэрэг хөл хөдөлгөөн ихтэй томоохон хот, арлуудад Монголын халаасны хулгайчид жуулчдыг “хашрааж”, хохироож буй сэрэмжлүүлэг мэдээлэл ч түгэв. Өнгөрөгч долоо хоногт гэхэд Вьетнамын цагдаагийн байгууллага бүлэглэн хулгай хийдэг монгол залуусыг илрүүлэн баривчилсан талаараа мэдээллээ. Тэрчлэн Хятад, Вьетнам руу жуулчлагчдын урсгал эрс нэмэгдсэнийг далимдуулан хөтөлбөртэй, чөлөөт аялалд хамруулна, валют солино, буудал, вилла захиалж өгнө, тосох, үдэх үйлчилгээ үзүүлнэ хэмээн нутаг нэгтнүүдээ залилдаг монгол хүн ч олширсныг аялал жуулчллаын салбарынхан анхааруулж эхлэв. Аялал жуулчлалыг хөгжүүлж, улс орноо сурталчлан таниулах гэж хөдөлмөрлөж, хичээж, ажил, бизнесээ өргөжүүлэх гэж цаг наргүй зүтгэж байгаа хүмүүсийн хөлс, хүчийг хэсэг бүлэг нь ийнхүү үнэгүйдүүлж буй нь дэндүү харамсалтай. Зарим нь онгоцонд цэвэр усны саванд хүүхдээ бие засуулаад өнөөхөө суудал дээрээ үлдээсэн л гэнэ. Өглөөний цай уух хуваарьт цагаасаа хоцорчхоод зочид буудлын зохион байгуулагчийг зад загнасан сурагтай. Хүүхдийн усан сан руу том, жижиггүй харайн орж, аврагч (томоохон зочид буудлууд бүгд усан сан, ойролцоох далайн эрэгтээ lifeguard ажиллуулдаг)-дыг сандаргадаг л гэх. Хэдүүлээ ч аялах гэж хөгөө хөлдөө чирч, олон улсад шившиг болж гүйцэж байна даа. Хэлэх муу үг олдохгүй нь.
Манай улсад ирж буй жуулчдын төвлөрүүлдэг орлогоос давсан хэмжээний их мөнгийг бид гадаад руу “урсгадаг” болоод удаж байна. 2019 онд гэхэд жуулчид Монголд 607 сая ам.долларын орлого оруулсан бол манайхан зөрүүлээд 615 сая ам.доллароор гадаад руу зугаалсан. Энэ тоо одоо хэд дахин нугарч өссөн үү гэхээс буураагүй нь тодорхой. Аялал жуулчлалын байгууллагынхан манайд ирж байгаа жуулчин, тэдний төвлөрүүлсэн орлогод л төвлөрдөг учир үүнтэй холбоотой нарийн статистик, мэдээллийг тэр бүр танилцуулдаггүй. Үүгээр дамжуулж хэлэх гэсэн зүйл нь монголчуудын аялах хүсэл сонирхол, санхүүгийн боломж эрс нэмэгдсэн. Харин тэр хэрээр аялах соёл, боловсрол нь дээшилсэнгүй, улам дордсоор. Сүүлийн үед өрнөж буй жуулчидтай холбоотой үйл явдлууд, гарч байгаа шүүмжлэлүүд үүний нотолгоо. Дахиад л асууя, монголчууд хэзээ аялж сурах вэ.
Азийн орнууд руу аялал зохион байгуулдаг нэгэн томоохон компанийн хөтөч “Монголчууд Хятадад янз бүрийн муу муухай авир гаргаж чаддаггүй, харьцангуй томоотой явдаг. Хууль чангатай учир айдаг. Орост ч бас дураараа авирладаггүй, тэднээс сүрддэг байх. Харин Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн улсуудын онцлог, хүмүүсийг нь сайн мэддэггүй учир дураараа аашилж болно гэж боддог. Эдгээр улсын иргэд жуулчидтай маш найрсаг харьцдаг, хүндэлдэг болохоор элэг барьж, дээрэнгүй ханддаг шиг санагддаг. Гэхдээ Тайланд, Вьетнам улс хууль чангатай, цагаа тулбал сайхан харилцаа, хүндлэлийг нь дорд үзсэн хүмүүсийг хайр найргүй шийтгэж, хатуурхаж чадна” гэсэн нь анхаарал татав. Нээрэн л манай улсын иргэд өмнөд, хойд хөршид зорчихоороо хонь шиг номхон болчихдог, хэл ам таталдаггүй. БНСУ-д нэг хэсэг бужигнуулаад нэр хүндгүй болсон, “хар тамга” даруулсан. Үүнийхээ “шийтгэл”-ийг одоо нийтээрээ амсаж буй. Тус улсын хилээр нэвтрэхийн тулд монголчууд өмнөхөөс илүү, бусад орны иргэдэд тавьдгаас хатуу хяналт шалгалт, шаардлага, шалгуурыг давах болдог. Доромжлуулж, дорд үзэгдэх, хил дээрээс буцаагдах тохиолдол ч цөөнгүй. Энэ янзаараа бид төд удалгүй Вьетнамаас “хөөгдөж” ч болзошгүй. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, нийт жуулчны аюулгүй байдал, тав тухыг хангахын тулд аль нэг улсын иргэдэд хориг хязгаарлалт тавих, визийн шаардлага, нөхцөлөө эргэж сэргээх тохиолдол олон байдаг юм билээ. Тэгэхээр бид “Вьетнамчууд гол жуулчлагч орныхоо иргэдийг яаж ч чадахгүй, угаасаа визгүй юм чинь” гэж муйхарлаж, бүдүүлэг аашилж болохгүй. Угаас тус улс далайн эргийн аялал жуулчлалаараа Зүүн өмнөд Азидаа төдийгүй дэлхийд тренд болж буй. Тэд монголчуудаар дутахгүй, ашиг орлогоо олдгоороо олно, аялал жуулчлалаа хөгжүүлдгээрээ хөгжүүлнэ. Харин бид энэ янзаараа аягласаар байвал одоогийнхоос дор нөхцөл байдалд хүрч, олон улсад нэр нүүрээ, байр сууриа алдана. Хямд зардлаар тав тухтай аялах боломжоо ч үгүй хийж мэднэ. Тиймээс хүүхэд, хөгшид, дээр, дооргүй аялах соёл, боловсролд суралцах шаардлагатай болж байна.
Аялал жуулчлалыг сэргээж, хөгжүүлэх зорилготой “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд хэрэгтэй, хэрэггүй баахан хурал, семинар зохион байгуулж байхаар дотоодын аялагчдынхаа соёл, боловсролыг дээшлүүлэхэд анхаарвал ямар вэ. Энэ нь гадаадын жуулчдыг татахад, байгаль дэлхийгээ хамгаалахад, эх орноо сурталчлахад ч чухал нөлөөтэй шүү дээ. Зуны дэлгэр цагт монголчууд дотооддоо аялахдаа байгалиа яаж бохирдуулж, дураараа авирладаг билээ. Энэ байдлыг өөрчлөхөөс үүнийг эхлүүлье. Цаашлаад гадаадын жуулчид, иргэдтэй хэрхэн эелдэг, боловсон харилцах, агаарын тээврээр яаж зорчих, зочид буудал, наран шарлагын газар, усан сан, ресторанд хэрхэн соёлтой үйлчлүүлэх, бусдад төвөг учруулалгүй, амгалан тайван байдлыг нь алдагдуулалгүй яаж аялах талаар тэдэнд сайн зааж, ойлгуулъя. Аялна гэдэг нь найз нөхөд, хамаатан саднаараа нийлж архидан согтуурах, харь орны иргэдийг өмнөө бөхөлзүүлж, хаан мэт авирлах, хамаа замбараагүй идэж ууж, “хог новш” цуглуулах биш гэдгийг монголчуудад ухамсарлуулъя. Аяллын гол утга учир нь өөр улс, үндэстний соёл уламжлал, ахуй амьдралтай танилцах, тэдэнд хүндэтгэлтэй хандах, орчлон ертөнцийг таньж мэдэх замаар өөрийгөө нээх, дурсамж бүтээх онцгой үйл явц шүү дээ. Хүн амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр, хол, ойрд ямар нэгэн байдлаар заавал аялдаг. Тиймээс аяллын боловсрол, соёл хэн бүхэнд хэрэгтэй. Манай улс жуулчлалыг хөгжүүлж, аялагчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй ч үүнийхээ үндэс суурь болсон соёл, боловсролын “үрийг” хөрсөндөө суулгаж чадахгүй л өнөөдрийг хүрлээ.
Н.Мишээл